Даши Намдаков: “Чингис хаан”-ы хөшөөг баглаа боодолтой байлгаад байвал тэнгэр намайг шийтгэж мэднэ

2019/02/19
Share |
Хүмүүс:
Даши Намдаков: “Чингис хаан”-ы хөшөөг баглаа боодолтой байлгаад байвал тэнгэр намайг шийтгэж мэднэ

Алдартай уран барималч Даши Намдаковыг дэлхий даяараа мэднэ. Монгол үндэс угсаагаараа бахархаж, омогшдог түүний Оросын сайтуудад өгч байсан ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна. Чингис хааны тухай ихээр дурдсан түүний дотоод ертөнцөөр аялцгаая.

“love2beauty.ru” сайтад өгсөн ярилцлагаас...

 

-Гэр бүл, хүүхэд насны чинь тухай ярилцъя. Танай аав бас зураач байсан санагдана. Гэр бүл, өссөн орчин чинь чамд хэрхэн нөлөөлсөн бэ?

 

-Хүүхэд байх үеийн би болон одоогийн би хоёрын хооронд асар их зам бий. Миний эцэг эх хөгжилд минь нөлөөлсөн. Олон хүүхэдтэй айл болохоор биднийг зэрэг, жигд хүмүүжүүлсэн. Аав болоод би эцэг эх минь миний төлөө юу хийснийг ойлгосон.

 

-Уран бүтээлд юу нөлөөлсөн бэ?

 

-Гайхамшиг гэж дэлхий ертөнцөд байдаг бол тэр надад гарцаагүй тохиолдсон юм. Залуудаа би их өвддөг байсан. Энэ бол миний амьдралд том эргэлт болсон. Долоон жилийн турш би хүнд өвдөж, энэ нь надад хэн болоход нөлөөлсөн гэж боддог. Миний бүх бүтээлийн ард нөр их хөдөлмөр байгаа. Би төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг хүн болохоор бүх зүйл байнга л сайн хийгдээсэй гэж хүсдэг.

 

-Хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байв?

 

-Цахилгаан галт тэрэгний машинистын туслах болохыг хүсдэг байсан /инээв/. Бүгд сансрын нисэгч болохыг мөрөөддөг байхад харин би өөр зүйл хүсдэг байв. Би ер нь үргэлж л бусдаас өөр зүйл боддог зантай байлаа. Долоон нас хүртлээ буриад хэлээр ярьсан. Орос хэл мэддэггүй байлаа. Хүүхэд байхаасаа хэмжээ хэлбэрт их татагддаг байсан. Нэг удаа би нохойтойгоо хамт тосгонд очсон юм. Тэр шууд л ангийнхаа хойноос яваад өгөв. Нохой минь цуснаасаа л ангийн сонирхолтой байгаа шиг надад цаанаасаа л уран баримал таалагддаг байсан. Байгалаас өгсөн авьяас надад тусалдаг. Амжилт олох бүртээ би эцэг эхээр минь дамжуулан намайг шагнасан тэр дээд хүчинд талархдаг.

 

-Уран бүтээлчдэд эртний сүнс байдаг гэж ярьдаг. Та сүнсний дахин төрөлтөд итгэдэг үү?

 

-Мэдээж, энэ бол миний шүтлэг.

 

-Таныг тодорхойлох хамгийн чухал чанаруудаас нэрлээч?

 

-Би өөртөө их шүүмжлэлтэй ханддаг юм. Эхний ээлжинд зураач Дашид, дараа нь хүн гэдэг талаас нь өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Жил ирэх бүрт би илүү шаардлага өндөртэй болоод байгаа. Энэ нь тийм ч сайхан биш л дээ. Би ажилсаг хүн гэдгээрээ бахархдаг. Сайн утгаараа ажилдаа бүрэн ордог хүн дээ.

 

-Та бүх дэлхийд алдартай  зохион бүтээгч, зураач. Өөр ямар нэгэн зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг үү?

 

-Үнэн хэрэгтээ би хувцас загварын талаар эртнээс бодсон. Би их адал явдал хайдаг хүн юм шиг байгаа юм. Намайг үргэлж шэнэ салбарт өөрийгөө сорих бодол эзэмддэг. Эцэг эх маань арьс болон үслэг эдлэлээр үндэсний гутал оёдог байсан. Бид тэдэнд тусалдаг байлаа. Багадаа хийдэг байсан зүйлүүдээ одоо ч хийж байгаа гэж хэлж болно. Арай өөр түвшинд л болохоос. Бас надад үнэт эдлэлийн урлан байсан. Түүнийхээ ачаар би уран баримал хийх зардлаа олсон. Уран баримлаар хоолоо олж эхлээд дахиад үнэт эдлэлийн урлан нээсэн. Одоо Лондон, Нью-Йоркт миний үнэт эдлэлийн цуглуулга хүмүүсийн сонирхлыг их татаж байна.

 

Би бас олон зүйлд өөрийгөө сорихоор шийдсэн. Архитектур, үнэт эдлэл, шаазан сонирхож байна. Энэ нь алхам алхмаар намайг загвар руу татаж байгаа. Яагаад гэвэл хувцас гэдэг бол бас л нэг төрлийн уран баримал. Тэгээд би энэ салбарт өөрийгөө сорьж үзэж яагаад болохгүй гэж хэмээн бодсон.

 

-Та их аялдаг. Дуртай газар чинь?

 

-Сүүлийн үед Москвад илүү их дурласан. Би төрж өссөн тосгондоо хайртай ч олон орныг үзээд, онгоцонд их цагийг өнгөрүүлээд ирэхээр илүү эх оронч болсон.

 

 

“Чингис хаан”-ы хөшөөг баглаа боодолтой байлгаад байвал тэнгэр намайг шийтгэж мэднэ

 

Даши Намдаков “Чингис хаан” баримлаа Монголд байрлуулахаар болсон үе буюу 2015 онд Монголын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, цааш орчуулагдан, Оросын сайтад гарч байжээ. Ярилцлагын хэсгээс хүргэе.

 

-Та Монголд олон удаа ирж байна. Та Буддын шашинд итгэдэг, монгол гарал үүсэлтэй. Бүтээлүүд тань нүүдэлчид, онгод сүнс, тал нутгийн эртний дайчин баатруудын сэдэвтэй байдаг. Та Монголоос уран бүтээлийн шинэ санаа, эрч хүч авдаг байх...

 

-Тийм ээ, Би Монголд олон удаа ирж байна. Анх 2001 онд ирж байсан. Энд надад нэлээд найз нөхөд бий. Мэдээж тодорхой хэмжээгээр эрч хүч авалгүй яахав. Ялангуяа Бурхан халдунд мөргөснөө дахин давтагдашгүй хамгийн их аз завшаан гэж бодож, бахархаж явдаг. Ер нь миний амьдралын хамгийн мартагдашгүй мөч тэр байсан. Чухамдаа тэнд л Чингис хааны хөшөөг бүтээх бодол орж ирсэн гэж хэлж болно. Уран бүтээлч хүнд шинэ санаа гэв гэнэт нэг өдөр л харвасан сум шиг орж ирэх үе бий.

 

-Энэ удаад та Монголд ямар зорилготой ирэв?

 

-Лондон хотын Хайд паркт босгосон Чингис хааны хөшөөг УИХ-ын гишүүн, миний бас нэг хуурай ах Д.Бат-Эрдэнэ Монголд авчирсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ удаа хөшөөгөө байрлуулах талаар хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, газраа сонгохоор ирсэн. Ер нь энэ хөшөөг баглаа боодолтой удаан хадгалж болохгүй. Чингис хаан өөрөө их эрх чөлөөтэй хүн байсан. Иймээс хөшөөг удаан хадгалвал таагүй зүйл болж магадгүй. Би үүнийг мэдэрч байна. Тэнгэр намайг шийтгэж мэднэ.

 

-Хөшөөгөө байрлуулах газраа сонгов уу?

-Сонгосон. Хотын дарга Э.Бат-Үүл намайг маш сайхан хүлээж авсан. “Та хаана байрлуулмаар байна, тэр газраа эхлээд сонгочих” гэсэн юм. Ингээд бид Зайсан толгой зэрэг нэлээд хэдэн газраар орж үзсэн. Миний санаанд Сүхбаатарын талбайн урд талын том хонхны хавьцаа л тун зүгээр юм шиг санагдсан. Тэнд хэсэг хүн шатар тоглоод сууж байна билээ.

 

-Таны бүтээсэн Чингис хааны хөшөөг Лондонгоос авчрахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сүхбаатарын хөшөөг нураагаад оронд нь байрлуулна гэсэн мэдээлэл гарсан. Иймээс хэл амнаас болгоомжилж, Сүхбаатарын талбайн өмнөд цэцэрлэгийг сонгожээ гэж бодож болох уу?

 

-Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг зөөгөөд буурин дээр нь миний бүтээсэн Чингис хааны хөшөөг байрлуулахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Яагаад гэвэл Д.Сүхбаатарын хөшөө нэг талаас түүхэн хүнийх. Нөгөө талаас урлагийн бүтээл. Харин энэ газрыг яагаад сонгосон юм бэ гэхээр төрийн ордны өмнөх Чингис хаан, миний бүтээсэн Чингис хааны хөшөө хоёр бие биедээ хэзээ ч харагдахааргүй. Түүнийг хөндлөн байрлалтай Д.Сүхбаатарын хөшөө хаана. Ер нь тэр агуу хүний суугаа болон морьтой хөшөө нэг дор байх нь яаж ч бодсон зохимжгүй. Түүхэн талаас нь авч үзсэн ч хөшөөнүүдийн байрлал утга учиртай байх ёстой. Төрийн ордны өмнө байгаа Чингис хаан гэртээ амгалан тайван суугаад улс гүрнийхээ хэргийг шийдвэрлэж байгаа дүр. Харин миний бүтээсэн хөшөө 800 гаруй жилийн дараа эх нутагтаа дээд тэнгэрээс дахин заларч байгааг илтгэсэн юм.

 

-Тэгэхээр та барималдаа Монголд Чингис хаан шиг хүчтэй удирдагч хэрэгтэйг дүрсэлсэн гэж ойлгож болох уу?

 

-Монголчуудад тийм хүчирхэг хүн хэрэгтэй. Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулж, цаашид хуурай газар байхгүй гэж хэлээд зогссон. Агуу хааны хөшөөг хийхэд маш ер бусын байлаа. Би айсан, бас их бодсон.

 

2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Хайд паркт Чингис хааны хөшөө байршсан. Энэ бол миний амьдралын мартагдашгүй өдөр. Би энэ өдрийг байнга санах болно.

 

 

-Таны бүтээлүүдийг хараад гайхаж, айж цочирдсон урлаг судлаачид олон байдаг. Тэгэхээр ямар нэгэн далдын хүч, ер бусын увдис таны бүтээлүүдэд шингэсэн байдаг юм болов уу?

 

-Тухайн хүмүүс яаж хүлээж авдагийг сайн мэдэхгүй байна. Би оюун санаанд буусан зүйлээ л дүр, дүрс болгон хувиргадаг хүн.

 

-Та дэлхийн нөлөө бүхий хүмүүстэй найз нөхөд. Таны ямар бүтээлүүд тэдэнд байдаг бол?

 

-Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд миний “Стихия” гэдэг бүтээл байдаг. Татарстаны Төрийн зөвлөх М.Ш.Шаймиевд «Всадник» гэх бүтээл маань, Москвагийн мэр байсан Ю.М.Лужковт «Вечер», бизнесмен Р.А.Абрамовичид “Старый воин” бүтээл байдаг. Миний олон бүтээл олон орны хүмүүсийн хувийн цуглуулганд байгаа.

 

Түүний бүтээсэн Чингис хааны хөшөө Лондоны төв цэцэрлэгт байрших үе. Нээлт. 2012 оны хавар. Лондоны Хайд парк

 

 

 

 

 

 

 

О.Чанцалням 

 

 


 




 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Чөтгөр Яахаараа чөтгөр шуламын зураг зурдаг хүн бэ
IP:73.162.98.90  2019-02-19 13:52:17
Гайхамшиг Дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүн. Бахархаж, баярлаж байна. Агуу бүтээл
IP:79.225.225.186  2019-02-20 05:49:25
Чөтгөрт Буддын бурхад бүгд чөтгөр шуламын төрхтэй байдгийг мэддэггүй юм уу даа.
IP:64.119.27.122  2019-02-20 11:20:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.