KFC тахиануудаа антибиотиктой тэжээлээр тэжээдэг үү?

2019/02/20
Share |
Хүмүүс:
KFC тахиануудаа антибиотиктой тэжээлээр тэжээдэг үү?

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй KFC түргэн хоолны сүлжээний салбараар үйлчлүүлсэн 42 хүн хоолны хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдэж, олон зуун хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар Блумберг мэдээлжээ. Энэчлэн лабораторийн шинжилгээгээр ундны усанд нян илэрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Монголчууд бид олон хүнийг хамарсан энэхүү хордлогын тохиолдлын араас маргаан өрнүүлж, тэр хэрээр олон улсын сүлжээ дэлгүүрийн стандарт, үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Нэг хэсэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын дүгнэлт, тайлбарт эргэлзэж байгаа бол нөгөө хэсэг нь дэлхийн брэнд үйлчилгээнд "Монгол хүний стандарт" гологдов уу гэдэг санааг ч хэлж байгаа. Иймд бид Хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж буй цувралынхаа хүрээнд KFC сүлжээний олон улсын стандарт ба адил тохиолдлуудыг тоймлон хүргэж байна.

 

KFC  түргэн хоолны сүлжээ ЯМАР СТАНДАРТ мөрддөг вэ?

 

1930 онд АНУ-ын Кентакки мужид анх байгуулагдсан KFC сүлжээ өнөөдөр дэлхий даяар 17 мянган сүлжээ ресторантай үйл ажиллагаа явуулж байна. Тахиа бэлтгэх өвөрмөц жороороо алдаршсан KFC-д чанарын хяналт түүхий эдийн нийлүүлэлтээс эхэлдэг байна. ISO 9000 стандартыг нэвтрүүлсэн тус компани бүтээгдэхүүнийхээ чанарыг хангах үүднээс бүтээгдэхүүний тэжээллэг байдлын чанар, түүхий эдийн чанар, хэрэглэж буй тоног төхөөрөмж, сав суулганы чанар, нийлүүлэгчид тавигдах чанарын шаардлага, үйлчилгээний газрын ариун цэвэр, үйлчилгээний чанар, ажилчдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн ашиглалт, өдөр тутмын үйл ажиллагааны хяналт зэрэг чанарын өндөр шаардлага тавьж ажилладаг байна.

 

Гэсэн хэдий ч тус компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл, үйл ажиллагааны доголдол, ноцтой асуудлууд ч тойрон гардаггүй.

 

Хамгийн сүүлд гэхэд 2018 оны хоёрдугаар сард түүхийн эдийн хомсдлоос болж тус сүлжээ Их Британи дахь 900 ресторануудын 646 нь хаалгыг барьж, нэг хэсэгтээ л шуугиан дэгдээж байв. 2015 онд ВВС телевиз KFC-д нийлүүлэгддэг тахиа нядалгааны газрын тухай баримтат кино гаргаж мөн л дуулианы эзэн болж байжээ. Энэ мэт KFC-тэй холбоотой янз бүрийн тохиолдлууд Герман, Шинэ Зеландаас авахуулаад Энэтхэг, АНУ-д хүртэл гардаг.

 

2017 онд KFC антибиотиктой тэжээлээр тэжээсэн тахианы махаар үйлчлэхээ 2018 оны сүүлч гэхэд зогсооно гэж мэдэгдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө чухал алхам хийж байжээ.

 

2012 онд тус компанитай холбоотой хэрэг Австралийн Сидней хотын шүүх шийдвэрлэж байв. Тус шүүх KFCресторанд тахианы хөл идсэнээс болж зүүн тархи нь гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон долоон настай охины гэр бүлд 8.3 сая ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Охины идсэн тахианы маханд салмонелл нян илэрчээ. Хэрэг явдал 2005 онд болсон ч охины хэргийг шүүх 2012 онд шийджээ. Энэ бүх хугацаанд KFC компанийн удирдлагууд үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг үл тоомсорлосон бөгөөд KFCкомпанийн бүтээгдэхүүнээс болж хордсон гэх нотлох баримт байхгүй хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдаж байжээ.

 

 

 

 

 

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.