Array ( ) Д.Отгонбаяр: Би домог болж үлдэхийг хүсдэг
Д.Отгонбаяр: Би домог болж үлдэхийг хүсдэг
2008/09/27
Share |
Хүмүүс:
Компани:

“Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаярыг зочноор урьж ярилцлаа.

-Таны урлагт хөл тавьж, “Хурд” хамтлагийг байгуулалцаж байсан дурсамжаас эхэлж ярилцъя гэж бодлоо…
-Өө, баярлалаа. Би багаасаа урлагт сонирхолтой хүүхэд байсан. Нийслэлийн 20 дугаар сургуулийн IV ангийн сурагч байхдаа “Ган зам” чуулгад элсч, бөмбөр, гитар тоглодог байлаа. Түүнээс хойш 25 жил өнгөрчээ. Урлаг соёлоор хүмүүжиж явсаар ах дүү нартайгаа “Хурд” хамтлагийг 1993 онд анх байгуулсан. Тэр үеийг эргээд санахад олон уран бүтээл үзэгчдэд хүргэжээ. Рок попын ертөнц бол бидний амьдрал, хөдөлмөрийн минь зам мөр тул насан туршдаа үнэнч явна.

-Нэг айлын хүүхдүүд ингэж урлагийн хүмүүс болсон нь их ховор байдаг…
-Тийм шүү. Би арван хүүтэй, нэг охинтой өнөр өтгөн айлын хүүхэд. Ээжийн минь талын хамаатан садан урлагт дуртай, дуутай хууртай хүмүүс байсан гэдэг юм билээ. Манай гэр бүлд намайг хөлд орж, мэдээ орж эхэлсэн цагаас гитар, пянз тоглуулагч эгшиглэж байсан. Ах нар маань өртөөний найз залуустайгаа банзан гитар тоглож, дуулж өнжинө. Түүнийг нь бид харж, сонсох дуртай байсан. Ах нарын маань сонирхол урлагт хөтлөн оруулж, хөгжимчид болоход нөлөөлсөн гэж боддог.
 
-Өдгөө “Хурд” хамтлагийг гадаадын улс гүрэнд мэддэг болжээ. Уран бүтээлийн  тань ололттой, амжилттай урагшилсан зам сонин содон зүйлүүдээр их байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Гадаадаас тоглолтоо толилуулаач гэсэн урилга, заллага их ирдэг. Тоглолтоор явж байхдаа бид амрахынхаа хажуугаар хөгжмийн дэлгүүр, клуб, хөгжмийн бичлэг хийдэг студитэй холбоо тогтоодог. Буриад, Халимаг, Өвөрмонгол, Солонгос, Японы хөгжмийн клубууд манайхныг маш сайн мэддэг. Сүүлийн үед бидний гадаад явах ихдээд, тухтай сууж уран бүтээлээ хийж чадахгүй байна. Одооноос бүх ажлаа зохицуулж, тоглолт руугаа анхаарлаа хандуулна.

-Бодоод байхад танай хамтлаг орчин, цаг үеэ сайн мэдэрч  чаддаг юм шиг санагддаг?
-Цаг үеэ дагаад ямар сэдвийг хөндвөл үзэгчдэд сонирхолтой байх вэ гэдгийг манайхан маш сайн мэдэрдэг. Бид уран бүтээлдээ судалгаа хийсний үндсэн дээр цомгоо гаргах гэж байна.

-Фэнүүддээ хүргэх уран бүтээлийнхээ тоглолтын сонин хачнаас сонирхуулаач?
-1994 онд бид “Хар салхи” тоглолтоо Улсын циркт  хийж байсан түүхтэй. Эрч хүчтэй,  гүйж, харайсан анхныхаа концертыг дурсч, томоохон шоу тоглолт 11 сард хийнэ. Рок поп хамтлаг гэдэг утгаараа залуусыг цочроож, сэрээж өгөхгүй бол нэг хэвийн уйтгартай байдалд орчихсон байна. Тэднийг цоглог байлгахын тулд сонирхолтой тоглолт хийхээр төлөвлөж байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлдээ хүн байгалийн уялдаа холбоог харуулахыг зорьсон байх юм?
-“Хурд” хүнд танил болъё гэдэг хамтлаг биш. Олон жил ард түмэндээ уран бүтээл толилуулсныхаа хувьд жижиг сэдэв, хийсвэр сэтгэлгээгээр залуусыг уриалан дуудаж яагаад ч болохгүй. Тэгэхээр чанартай бүтээл гаргах ёстой. Энэ бол бидний үүрэг. Саяхан “Намуухан орчлон” дууныхаа клипийг манайхан нэлээд  хөдөлмөр зарж хийлээ. Бид дэлхийн олон оронд хөл тавьсан. Тэнд эх орон шиг минь  үнэр, ус агаар алга.
Бид байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцахгүй бол сүйрч мөхөхийн ирмэгт хэдийнэ ирчихсэн байна шүү дээ. Эх орон минь биднээс аврал эрж байгааг үзүүлэхийн тулд клипээ чадан ядан хийлээ. Үнэнийг хэлэхэд Монгол оронд сарсайзан төмөр байшин, арзайсан хэдэн краказ битгий үлдээсэй гэж сэтгэлдээ залбирч байгаа шүү.

-Клипний зураг авахуулах гэж их ядарсан гэлүү?
-Хамгийн хэцүү нь онгоцны сэнс үлээлгэх байлаа. Тэр чимээн дундаас дуугаа сонсч дуулна гэдэг амаргүй. Миний гитар тоглож авахуулдаг хэсэг элсэн цөлд байсан. Өөдөөс элс бужигнаад юу ч харахгүй, амьсгаа авах, амаа ангайхад хүртэл хэцүү байсан. Шатсан ой дотор дуулж байгаа Цогоод хүртэл их л бэрх байсан болов уу. Зовж байж хийсэн зүйлийнхээ  ард гарчихаад эргээд харж байхад сайхан шүү. Хүн зовохгүй, тэвчихгүйгээр амжилтад хүрнэ гэж хэзээ ч байхгүй.
    
-Танайхны стиль имиждээ үнэнч яваа нь олон жилийн уран бүтээлээс тань тодорхой харагддаг…
-Стиль имиждээ үнэнч байна гэдэг “Хурд” тарж бутраагүй, хэн нэгэн нь хамтлагаасаа гараагүй байна гэсэн үг. Бид шинэ зүйл хийж, ард түмэндээ сонсгож, үнэн үг хэлж дуулснаараа хөгжлийг тодорхойлж яваа. Мөнгө бодож, билет хэд зарагдах бол гэж хүний хармаа сэгсэрч, CD тавьж чанаргүй бүтээл хийж байгаагүй. “Хурд” хойшдоо ч рок попын ертөнцөд  ноён оргил хэвээр оршин тогтноно. Миний хүсэл мөрөөдөл бол домог болж үлдэх. Өөр надад юу ч хэрэггүй.

 -“Хурд” хамтлагийнхны уран бүтээлийн ноён оргилыг сайхан найз нөхдийн холбооноос салгаж ойлгож болохгүй болсон байна… 
-Өнгөрсөн хугацаанд 10 гаруй концерт тавьжээ. Бид зүгээр нэг гарч ирээд амжилтад хүрээгүй. Үүний ард маш олон дэмждэг хүмүүс, найз нөхөд байдаг. Концерт хийх гэж бараг уйлж, гасалж байдаг бүхнээ шавхаж байсан удаа ч бий. Би “On and Off” продакшны хамт олонд үргэлж баярлаж явдаг. Ононбат, Тулгаа, Гансэрээ  нар анх “Хурд” хамтлаг байгуулагдаж байхад клипүүдийг маань үнэ төлбөргүй хүргэж байсан. Бүгдээрээ  шинэ хүмүүс. Гадны рок попын дуучдын тоглолтыг үзэж байгаад хэдүүлээ иймэрхүү өнгө аясаар хийж үзье гэж шийдээд “Чоно”, “Цэргийн бодол”, “Чамайг зорино”, “Чимээгүй ирэх дурлал” гэх зэрэг тэр үеийн гоё клипүүдийг сэтгэл, гар нийлж бүтээж байлаа. Тэр үед бидэнд мөнгөнөөс илүү урлагийн төлөө гэсэн халуун сэтгэл, иртэй тонгорог шиг эрч хүчтэй залуу нас, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл их байж. Хамтлагийн маань уран бүтээлийг дэмжиж, концерт тавихад тусалсан МSC групп, “Эрэл”, “Спирт бал бурам” компанийн хамт олонд, бидэнтэй үргэлж хамт байсан найз нөхдөдөө баярлалаа.

-Та өмнө нь өөрийнхөө уран бүтээлээр гурван цомог гаргачихсан санагдах юм?
-Тийм ээ. Энэ онд багтаж хамтлагийнхаа шилдэг 25 дуутай, мөн банзан гитарын хөг аялгуутай “Хурдын аялгуу” нэртэй цомог гаргана.

-Таны клубээс төрсөн “Zenit” хамтлаг амьд тоглолтоороо охидын хамтлагаас ялгардаг. Үүнд таны хувь нэмэр ороо л байлгүй?
-Монголд бөмбөр, гитар тоглодог охидын хамтлаг алга. Манай клубт хөгжим сурах гэж олон хүүхэд ирдэг. Тэднээс шилж охидын  хамтлаг байгууллаа. Удахгүй гаргах “Яаж ч магадгүй” цомгийнх нь дууны бичлэг дээр би ажиллана. Охидын маань уран бүтээлийг Cass Town-ын хамт олон дэмжиж, хамтарч ажиллахаар болсон.

-Тоглолтоо хийх тухай танд хэлсэн үү?
-Хэлсэн. Амьд хөмжим тоглоно гэдэг амаргүй. Сайн бэлтгэл хийж, цаг хугацаа, урсгалыг өнгөрөөж байж нэг л өдөр чангардаг. Тийм болохоор тоглолт тавихад эрт байна. Гэхдээ сүүлийн үед бичлэг тавьж, дуулаад байгаа хүмүүсийн хүүхдүүдэд охидынхоо уран бүтээлийг гайхуулмаар санагддаг. Урлагаар амархан амьдарч, мөнгөтэй болдог гэж боддог дуучид олон болжээ. Тэдэнд хатуухан хэлчихье. “Та нар энэ янзаараа явбал олон жил дуулж чадахгүй ээ. Эхлээд хөгжим тоглож сур. Чадахгүй бол амьдаар дуул. Тэгсэн цагт хэн чадалтай чинь урлагийн тавцанд үлдэнэ”
      
-Та багадаа дэггүй жаал байсан байх аа?
-Би санаачлагыг гартаа авдаг хүүхэд байсан. Ямар ч байсан үеийнхэн дундаа хүүхэд дагаж гүйдэг байгаагүй. Хөдөлгөөнтэй, сахилгагүй нөхөр байсан ч хулигаан, хүүхэд зоддог, дээрэмддэг, орц сахидаг, тамхи татаж дэггүйтдэг хүүхдүүдтэй нийлдэггүй байсан. Нуугаад яах вэ. Анги дотроо хааяа нударга зөрүүлчихвэл зөрүүлчихдэг, сахилгүйтмээр санагдвал бүгдийг нь уриалаад сахилгүйтчихдэг, хичээл тасалмаар санагдвал нуугдаад тасалчихдаг байлаа.

-Олон банди нар зүггүйтэж  ааваасаа зэм хэр хүртдэг байв?
-Сайн ч “гүвүүлсэн” дээ. Ээж маань арван бандийг яаж хүний зэрэгт хүргэж, өсгөсөн юм болоо гэж гайхаж боддог юм. Биднийг эрхлүүлэлгүй чанга гараар өсгөсөн. Ингэсний хүчинд л сайн хүн болцгоосон ч юм билүү. Эрх танхи өсцгөөсөн бол  өдий зэрэгтэй явах нь юу л бол.
  
-Өдгөө “Чоно” хамтлаг өөрийн гэсэн орон зай, фэнүүдтэй болж чадсан шүү дээ?
-“Чоно” хамтлагийн хувьд нэг хэсэг нам жим байлаа. Хоёр шинэ цомог гаргах гээд бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Одоо тэд насанд хүрцгээсэн. Хамгийн гол нь зөв уран бүтээл хийгээсэй гэж хүсдэг. “Та нар хүний хийсэн бүтээлийг давтаж битгий дуулаарай. Тоглож байгаа бөмбөрийнхөө цохиурыг зөв хэрэглэ, зөв дуугарга. Цаад хүмүүс чинь зөв сонсдог улсууд байгаа шүү” гэж захидаг.

-Та нэлээд олон жилийн өмнө нэг телевизэд ярилцлага өгч байхдаа дүү Дэрмээгээ дуучин болно гэж төсөөлж байгаагүй гэж хэлж байсан даа?
-Дэрмээ манай отгон дүү байгаа юм. Аав ээжид эрхэлдэг ганц хүн чинь энэ шүү дээ. Дуулж хуурдахыг нь  анзаарч хардаггүй л байлаа. Тэгтэл ганц нэг шүлэг бичиж, дуу хийгээд ийм байвал ямар байх бол, та үзээд өгөөч” гэнэ. Сонирхож үзсэн чинь болмоор юм шиг санагдаад. Нэг өдөр “Чоно”хамтлагийн ахлагч Мөнхөө надад “Би Дэрмээг дуучнаар аваад хамтлаг байгууллаа” гэж хэлсэн. Ингэж л дуучин болсон түүхтэй. Үеийнхнээсээ хоолойны цар хүрээ, стиль имижээрээ  Дэрмээ хавьгүй илүү. Таван залуу тайзан дээр жагсааж байгаад дуулуулахад цаадахыг чинь гүйцэж дуугарах чадалтай хоолойтой хүн байхгүй гэж бардам хэлж чадна.

-Таныг харахаар яаруу сандруу хүн шиг санагдаад байдаг юм?
-Их адгуу. Заримдаа хождог, заримдаа алддаг. Юмыг удаан бодож, хийх гэсэн зүйлээ маргааш болъё гэж хойшлуулах дургүй. Нэг дуу эхлүүлээд бариад авсан л бол  заавал ард нь гарч байж салдаг зантай.

-10 жилийн өмнөх, одоогийн Отгонбаяр хоёрын хувьд хэр их өөрчлөгдсөн бол…
-За даа, жаахан жин нэмсэн байх шүү. Хамтлаг байгуулагдаж байх үед Чингэлтэйд байрладаг ахынхаасаа явдаг байлаа. Автобусныхаа мөнгөтэй л гэрээс гарна. Заримдаа кондуктороос бултаж, үснээсээ зулгаалгаж,  загнуулаад явдаг ч үе байсан. Энэ мэтчилэн миний амьдралд сэтгэлийн тэнхээ, хатуужил шалгасан олон зүйл байлаа. Тухайн үед бид бүсээ чангалж, урлагийн төлөө хичээж зүтгэж байсныхаа үр шимийг хүртэж байна. Одоо би 35 настай. Миний хувьд алдаагүй амьдрах, ид хийж бүтээх  амьдрал эхэлж байна.
    
-Одоо хоёулаа найз нөхдийн чинь тухай ярилцах уу?
-Тэгье. Би олон найзтай. Сайн нь ч, муу нь ч бий. Болохгүй байгаад нь бурууг нь түс тас шударга  хэлчихдэг. Би өөрийгөө зөв хүмүүстэй нөхөрлөдөг гэж боддог шүү.

-Ханийнхаа тухай ярихгүй юу?
-Миний зохиосон олон дуун дээр хань минь түшилцэж эх барьж, өлгийдсөн. Урлагийн ажлыг ойлгож, ар талд санаа зовох зүйлгүй авч явдаг ханьдаа баярлаж явдаг. Манайх хөөрхөн охинтой. Ирээдүйд өөрийгөө өвлүүлээд хөгжимчин болгочих санаатай.

-Эхнэрийн тань ямар зан таныг татчихав?
-Бодсон, санасан зүйлээ шудрага хэлчихдэг зан нь таалагдсан. Үнэндээ бол би ч өөрөө ийм зантай хүн шүү дээ.

-Таныг сайн аав, хань байх гэж бодож байна?
-Ямар ч байсан охиндоо анхаарал тавьдаг л аав даа. Эхнэр маань төрчихөөд нэг хэсэг бие нь чилээрхүү байхад арваад хоног охиноо асарсан. Хүүхэд өлгийдөх, даавуу угааж индүүдэх ажлыг нэлээд олон хоног хийсэн шүү. Тэгээд  ээждээ нэг өдөр “Та яаж 11 хүүхэд өлгийдөж, өсгөх гэж нойргүй хонож байсан байна аа” гэж хэлж байлаа.

-Юмаар дутахгүй амьдрах аз жаргал мөн үү?
-Үгүй ээ. Хангалуун амьдарвал хийж бүтээе, олъё, тэмцье гэх сэтгэлгүй болчих юм биш үү. Би бол дутаж амьдармаар байна. Гоё дуу зохиож, түүгээр бахархах бахархал надад одоо дутаж байгаа л байхгүй юу.

-Сэтгэлийн тэнхээгээр та хэр хүн бэ?
-Би юманд амархан сөхөрч, бууж өгдөг хүн биш ээ. Надад гутрах зав байдаггүй.

-Найз нөхөр чинь алдаа гаргавал та хэрхэн ханддаг вэ?
- Ямар ч үед хүнийг дайсан, нөхөр байлаа ч зөв талаас олж хараад дүгнэх хэрэгтэй. Нэг талаас бодож үзсэн бол нөгөө талаас  эргэцүүлж нэг тунгаа. Юманд заавал учир шалтгаан, учиг гэж бий. Энэ утгаар яривал найз нөхдөө би өөрийнхөө мэдрэмжээр уучилж чаддаг гэж боддог.

-Хэн нэгэн дургүйг чинь хүргээд байвал…
-Уг нь  ам хэлээрээ ойлголцчихвол зүгээр шүү дээ.  Зарим үед асуудлыг түс тас эрчүүдийн зангаар шийдчихвэл амар юм шиг санагддаг.

-Танд дээлээр гоёж байсан удаа байдаг болов уу?
-Надад дээл ер зохидоггүй юм. Нэг удаа сар шинээр аавын дээлийг өмссөн чинь ээж “Чи дээл өмсөхдөө эмэгтэй хүн шиг дээгүүр бүслээд байх юм. Чамд  ямар ч урлаг алга” гэхээр нь бушуухан тайлсан.

-Та бокс сонирхож хичээллэдэг байсан гэл үү?  
-Бага байхын л бокст дуртай. Тамирчдыг дагаж их гүйдэг байж дээ. Боксын 60 жилийн ойд зориулж “Боксчны алдар” сүлд дуу хийлээ. Монголын алдартай боксчид миний найзууд. Төмөр замын 20 дугаар сургуулийг төгссөн Н.Энхбат ахыг би  шүтдэг байсан. Хүүхэд байхдаа ядаж энэ ахтай гар барьж үзэх юмсан гэж боддог байлаа. Тэгтэл биднийг АНУ-ын Вашингтон хотод тоглолт хийхэд зорьж ирээд үзэхэд нь их баярласан. Зууны шилдэг боксчны гэрт зочилж, хамтдаа шар айраг шимж, банзан гитартайгаа дуулж хуурдаж, сайхан ярьж хөөрч суух үедээ тэр хүнээр их бахархсан. Дэлхийн аваргыг хоёр ч удаа хүртсэн Пан азийн аварга Д.Лхагва байна.  Мэргэжлийн бокс гэдэг чинь сонирхогчийн боксоос хэцүү. Лхагваагаа би гайхамшигтай чадалтай, шавхагдашгүй авьяастай тамирчин гэж хэлнэ.
        
-Найранд уригдаад ямар дуугаар ая өргөчихдөг вэ?
-Найранд уригдсан үедээ П.Адарсүрэн, Ц.Цэрэнчимэд гуайн дуунаас дуулах дуртай. Гадаадад явж байхдаа нүдээ аниад Адарсүрэн гуайн дууг дуулахаар Монголдоо оччихсон юм шиг санагддаг.

-Монгол оронд танд жаргалтай санагддаг уу?
-Монголд амьдрах үнэхээр аз жаргалтай шүү дээ. Би энэ нутагт төрснөө аз завшаан гэж боддог. Миний эх орон шиг хэлтэй, соёлтой, түүхтэй газар хаана ч байхгүй. Гадаадад ажиллаж, амьдарч монголчууддаа тоглолтоор очсон үедээ “Та нар санаснаа хийчихээд, сарвайсан бүхнээ цуглуулаад Монголдоо хурдан очоорой. Эх орон маань яг одоо хаашаа хөгжих вэ гэдэг зааг дээр байна шүү. Тэнд та бүхний тус дэм чухал байна” гэж хэлдэг юм. Бидэнд эх орноо магтан дуулсан уран бүтээл олон бий. “Эх орон”, “Монголоороо гоёдог”, “Би энд төржээ” гэх мэт сайхан дуунууд ард түмэнд минь хүрчээ. Ингэж бодохоор Монгол нутгаа дуулахгүй байхын аргагүй.

Эх сурвалж: Өнөөдөр