Array ( ) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор: Ураны лицензийг бусдад худалдвал шууд хураана
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор: Ураны лицензийг бусдад худалдвал шууд хураана
2009/08/06
Share |
Хүмүүс:
Компани:

Манай улс ураны талаар баримтлах төрийн бодлоготой болж, хууль эрх зүйн орчныг шинэчилсэн. Засгийн газар санаачилж, УИХ-аар баталсан Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн тухай хууль энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэх юм. Ураны талаар баримтлах бодлого болон хуулийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгортой ярилцлаа.

-Ураны талаар баримтлах төрийн бодлогыг хэрхэн тодорхойлсон бэ. Бодлогын талаар та товч танилцуулна уу?
 -Цөмийн энергийн хуулийг баталснаар уран ашиглах, олборлох талаар цогц бодлоготой болж байгаа юм. Хууль гарахын өмнө төрөөс баримтлах бодлогыг ч баталсан. Энэ салбарт зохицуулах шаардлагатай зүйлсийг хуульд нарийвчилж тусгасан. Бодлого болон хуулийг дагалдаад хэрэгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас ба-талсан. Үндсэндээ дөрвөн цогц бодлого гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу цогц бодлоготой болсон юм. Ураныг ашиглах, түүнийг дагалдсан атомын цахилгаан станц байгуулах талаар төр, засгийн бодлогыг иж бүрнээр шийдэж чадлаа.

 -Хууль, бодлогын баримт бичгийг гаргахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөм-жийн дагуу шийдэх зайлшгүй шалтгаан байсан уу?
-Уран, атомын энерги аюултай, эмзэг асуудал учраас маш нарийн хяналттай байх ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас ҮАБЗ болон төр энэ салбарт онцгой анхаарах нь зүйн хэрэг. Манай улсын эдийн засагт ч онцгой ач холбогдолтой учраас томоохон өөрчлөлт хийх шаардлага байсан. Ердийн ашигт малтмалтай адил ураныг ашигладаг, олборлодог байсныг өөрчилж, тусгай хуулиар зохицуулах шаардлагатай болсон. Ураны жижиг, том ямар ч ордыг заавал стратегийн ач холбогдолтойд тооцохоор боллоо.

-Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад орж байгаа юм байна. Тэгэхээр ураны ордод төрийн оролцоо ямар байхыг хуульд хэрхэн зохицуулсан бэ?
-Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын 51 хувийг төр шууд эзэмшинэ. Харин төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй бол 34 хувийг төр шууд эзэмшихээр заасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулиас өөр. Хуульд ингэж заасан болохоор төр 50 эсвэл түүнээс доош хувь эзэмшинэ гэх асуудал гарахгүй.

-Ураны хайгуул болон олборлолтын лицензүүдийг шинээр олгож, цэгцлэх тухай хуульд тусгасан. Лицензийг хэнд, яаж олгох вэ?
-Хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авах ёстой. Одоогийн ярьж буй Оюутолгойтой адилхан. Урьдчилгаа төлбөр өгсөн хөрөнгө оруулагчдад давуу эрхээр лиценз олгохоор зохицуулсан. Тухайн ордын нөөцийн үнэлгээний 10 хувиас доошгүй хөрөнгийг урьдчилгаа төлбөрт өгвөл давуу эрхээр ашиглалтын лиценз олгож болно. Одоогийн байгаа лицензүүдийг цэгцэлнэ. Энэ талаар шүүмжлэлтэй зүйл гарсан. Өмнө нь өгсөн лицензээ яагаад буцааж авах гэж байна вэ гэх зэргийн маргаан гардаг. Бид том зорилтоо хэрэгжүүлэхийн тулд гарцаагүй зохицуулах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын үүднээс ч ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан.

 -Шинээр лиценз авахад ямар шаардлага тавих вэ?
-Одоо бол өргөдлөө өгсөн л бол хайгуул хийх хөрөнгөтэй, техник технологитой байх эсэхээс үл хамаарч лиценз олгосон байгаа. Энэ лицензүүд ямар байдалтай байгааг олон нийт мэддэг. Тэд хайгуул хийж ашиглах биш лицензээ худалдаж ашиг орлого олох зорилготой, ийм ч дутагдал бий. Ийм байдлаар улсад ямар ч ашиггүй байсан. Үүнийг өөрчилнө. Шинэ хуулиар бол лиценз авахын тулд тухайн ордод хайгуул хийж чадахуйц их хэмжээний хөрөнгөтэй этгээд байх ёстой. Мэдээж энэ салбарт хөрөнгө их зарцуулах учраас жижиг этгээд орж чадахгүй. Мөн манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн улс орнуудын хөрөнгө оруулагч байх шаардлагатай. Ураны салбарт дэлхийн хэмжээнд тэргүүлэх чиглэлийн компани байна. Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд халгүй өндөр техник технологитой байх шаардлагатай. Мөн салбартаа туршлагатай, боловсон хүчний нөөцтэй байх зэрэг өндөр шаардлагуудыг хуульд тусгаж өгсөн. Хууль хэрэгжүүлж эхлэхэд дээрх шаардлагуудыг хангасан компаниудыг шинэчилж бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлийг хууль хэрэгжиж эхэлснээс гурван сарын хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15 хүртэл явуулна. Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй компанийн лицензийг хурааж авна.

-Одоогийн байдлаар ураны ашиглалт болон хайгуулын хэдэн лиценз олгосон байдаг вэ?
-Ашиглалтын гурав, хайгуулын 146 лиценз бий. Үүний нэлээдийг түдгэлзүүлчихсэн байгаа. Хууль хэрэгжүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэх мэтийн зөрчилтэй байсныг нь түдгэлзүүлсэн. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх компаниуд зөрчлөө арилгаж, шинээр тавьж буй шаардлагуудыг хангасан байх ёстой. Ийм тохиолдолд ашиглалт болон хайгуул хийх нөхцөл бүрдэнэ. Авсан лицензээ бусдад шилжүүлэх, худалдахыг хориглосон. Хэрэв шилжүүлбэл лицензийг шууд хурааж авна.

-Хэдэн ордыг хэдий хугацаанд ашиглах вэ?
 -Хуульд ийм зүйлийг зохицуулж болохгүй. Хэрэгжүүлэх хөтөлбөрт энэ тухай оруулсан. Дорнод, Дундговь, Дорноговийн ордуудыг ашиглахаар төлөвлөсөн. Хайгуул хийсэн, нөөц нь тогтоогдсон Дорнодын ордыг эхний ээлжинд ашиглана. Эхлээд хайгуул хийх, нөөцийг нь шинээр тогтоосны дараа аль ордыг хэзээ ашиглахыг тодорхой болгох юм. -Уранаа хэнтэй хамтарч ашиглах нь чухал. Ерөнхий сайд С.Баяр саяхан Японд айлчлах үеэр ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

-Японоос өөр ямар улстай хэлэлцээ хийж байгаа вэ?
-Японоос гадна ОХУ, Хятад, Франц, Солонгос, Энэтхэгтэй яриа хэлэлцээ хийж байна. Энэ бол тохиолдын зүйл биш бодлогын хэмжээнд эдгээр орныг сонгосон юм. Хоёр хөршийнхөө хөрөнгө оруулагчдыг адил тэгш эрхтэй оролцуулах зарчмын бодлого бий. -Уранаас олсон ашгаасаа иргэдэд хувь хүртээх үү? -Мэдээж ашиг олж иргэдэд хувь хүртээхийн тулд ашиглах гэж байгаа шүү дээ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр авах, ордоос эзэмших хувь зэргийн эцсийн зорилго нь ашигтай ажиллаж иргэддээ хувь хүртээх л бодлого юм.

-Уран гэхээр иргэдэд айдас төрдөг. Аюултай, эмзэг энэ ашигт малтмалыг хатуу хяналт шаардлагын дор ашиглах ёстой биз?
-Одоо айдасгүй болсон байх. Чернобылийн ослоос хойш энэ салбарт осол гараагүй. Техник технологи нь өндөр хөгжсөн болохоор осол аюул, айдас гарахгүй байх боломжтой. Тэр ч байтугай нарийн тоо бий. 100 мянган реактор жилд нэг удаа осол гарах магадлалтай гэсэн тооцоо гаргажээ. Реактор гэдэг нь 100 мянган жил юм байна. Гэхдээ бид хяналт шалгалтыг хатуу тавих ёстой, аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөх, атомын энергийн үүсгүүр ашиглахдаа ч хяналт чанга байх шаардлагатай.

-Ураныг дагалдаж атомын цахилгаан станцтай болох зорилт бий. Ийм станцыг хаана байгуулах эсэхээ шийдсэн үү. Түүхий эдээ дагаж Дорнодын талд, эсвэл Улаанбаатарт ч юм уу?
-Хаана гэдгийг тогтоох болоогүй. Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсантай холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг Засгийн газар гаргасан. Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхнийх нь 2009-2012 он хүртэл үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд хаана яаж станц байгуулах, ямар хүчин чадалтай байх, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах, хөрөнгөө хаанаас босгох зэрэг тооцоог хийнэ. Дараа нь станц байгуулах ажилдаа орно гэсэн үг.

-Уранаас өмнө Оюутолгойг ашиглах ёстой. Засгийн газрын ажлын хэсгийнхний хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээний талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Одоо ярихад арай эрт байна. Бид удахгүй хэлэлцээг дүгнэж ярих төлөвлөгөөтэй байгаа.

-Засгийн газар ямар шалтгаанаар УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлт тавьсан бэ. УИХ-аас хариу ирсэн үү?
-УИХ-аас гаргасан тогтоолын дагуу бид хэлэлцээ хийж байна. Хэлэлцээнийхээ дүнг эргэж УИХ-д танилцуулна. Тэр үед ээлжит бус чуулган хуралдуулж өгөхийг хүссэн бичиг явуулсан юм. Одоогийн байдлаар хэлэлцээний дүн гараагүй учраас ээлжит бус чуулган хуралдуулах үндэслэл алга байх шиг байна. Бид дүгнэлтээ гаргачихвал УИХ хуралдах эсэхээ шийдэх болов уу. Дүгнэлт төдийд бэлэн болно гэсэн тодорхой цаг хугацаа хэлэх болоогүй.

-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хохирсон хүмүүст нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар гаргана гэсэн. Журам хэзээ бэлэн болж хохирогчид нөхөн олговор авах вэ?
-Хууль дөнгөж сая Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж хүчин төгөлдөр болсон. Хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хэрэгжих ёстой. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн журам гарна

М.Ганцэцэг /Зууны мэдээ/