Хүмүүс: |
“Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс өчигдөр /2019.03.11/ Засгийн газарт хүсэлт хүргүүлээд байгаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод буй “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал цаашид хэрхэх нь нийгмийн анхааралд байгаа. “Монголиан коппер корпорэйшн”-ы зүгээс засагт хүргүүлсэн хүсэлт дөрвөн он дамнаад буй уг асуудал шийдэл дагуулах уу гэдэг зүйл хүлээлт үүсгэсэн, онцлох сэдэв болоод байна.
Засагт хүсэлт хүргүүлээд буй “Монголиан коппер корпорэйшн”-ы Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ “49 хувьтай холбоотой асуудлыг жил гаруй хугацаанд шалгаж байна. Миний бие Эрүүгийн цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Монгол хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид дуудсан цагт нь очиж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцадмал болсон. Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийсэн.
ТЭДНИЙ ХҮРГҮҮЛСЭН АЛБАН БИЧИГТ,
"Үүссэн асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард суух нь, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөхөөс гадна, "Ростех" улсын корпорацитай байгуулсан хэлцлийг Арбитрын шүүхэд аваачих, сөрөг үр дагавраас сэргийлнэ. Манай компанийн зүгээс УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тус байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгааг уламжилж байна” гэжээ.
Э.Мөнхжин