
| Хүмүүс: |
"Oogii" брэндийг үүсгэн байгуулж Австрали улсад тун ч амжилттай яваа сэтгүүлч бүсгүйг мэдэхгүй хүн ховор биз ээ. Одоогоор өөрийн эрхэлж буй бизнесийг өргөжүүлэхийн сацуу олон улсад алдартай “Rack Corp” компанид менежер хийдэг тэрээр Ази тивийг хариуцан ажилладаг нэгэн. Харийн нутагт эх орныхоо нэрийг чадах чинээгээрээ өндөрт өргөж мэргэжилдээ эзэн болж яваа тэрээр гадаад улсад оршин суугч Монгол хүн бүрд нэгэн зүйлийг аминчлан захижээ.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн хилийн дээс алхмагц эх орноороо дуудуулдаг хэн бүхэнд хандаж тэрбээр "Хөдөлмөрч хүмүүст дуртай! Энэ мундаг ах Австрали постд ажилладаг. Өглөө 5 цагт ажил нь эхэлдэг. Маш олон ачаа тэргэн дээрээ тавиад дандаа л инээчихсэн явж байдаг юм. Манай оффис дээр хүргэлт хийгээд лав 1,5 жил болж байна.
Монголчууд маань ажилдаа сайн, хариуцлагатай байсан учир Австрали пост Монгол хүмүүсийг ажилд авах дуртай болсон, ихэнх ажилчид нь Монгол хүмүүс болсон гэдэг сайхан мэдээг ахаас сонслоо. Нэг Монгол сайн ажиллаж сайн явбал дараагийн Монголд боломж олддог. Хаалга нээгддэг, гүүр гэрэлтдэг.
Харин нэг Монгол буруу явбал, буруу зүйл хийвэл, үнэнч бус байвал, ажлаа муу хийвэл дараагийн 1000 Монголын нэр хамтдаа унаж байдаг. Хүн нэрээ, тогос өдөө. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Эвтэй үедээ хүчтэй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ...гэж сайхан сургаалууд бий.
Гадаадад ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй эрхэм нөхдөдөө амжилтын дээдийг хүсье!" хэмээсэн байна.
Тэрээр одоогоор брэндээ үргэлжлүүлэн бэлэн хувцас үйлдвэрлэж эхлээд буй бөгөөд олон улсад өөрийн салбар дэлгүүрүүдийг нээсээр байгаа аж. Харин тун удахгүй эх орондоо олон улсын зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүнүүдээ худалдаалахаар төлөвлөн тохиромжтой байршил хайж байгаа гэнэ лээ.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn