
| Хүмүүс: |
Сангийн сайд асан С.Баярцогт өдгөө Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ. Нэг сая ам.долларыг өөрийн Швейцар дахь оффшор дансандаа хийгээд мартсан хэмээн мэдэгдэж байсан тэрээр тус улсад ам.долларын гурав, еврогийн хоёр данстай болох нь илэрчээ.
Түүний "Credit Suisse AG" банк дахь эдгээр дансны дэлгэрэнгүй хуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан авчирч АТГ-д хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд энэ тухайгаа тэрбээр "С.Баярцогтын данснуудын хуулгыг Монголын талд авах ажил амар байгаагүй. Энэ ажилд ТББ, иргэдийн хүчин зүтгэл байгааг зохих ёсоор дурдсан. Үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс анхаарах нь чухал гэж итгэж, хоёр жилийн өмнөөс тууштай хөөцөлдсөн. Саад тотгор учирч, үр дүнд нөлөөлж болзошгүй байсан тул зарим ажлаа олон нийтэд мэдээлж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сард Швейцарын Прокурор, "Credit Suisse AG" банк, өмгөөллийн товчоонд илгээсэн миний албан тоотуудыг Ц.Мөнх-Оргил сайдын үед ГХЯ-ны Төрийн дипломат шуудан дээрээс дугтуйг задалж, албан тоотыг замаас нь үзэж, гацааж ч байсан. Тийм учраас арилжааны буухиа шуудангаар илгээж байсан.
2018 оны 4 дүгээр сард ШХУ-ын ГХ-ийн сайд Игнацио Кассис Монголд айлчлахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч надтай уулзах хүсэлт тавьсны дагуу Монгол Швейцарын парламентын бүлгийн гишүүн биш ч гэсэн тус бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтад нь оролцож, С.Баярцогтын дансны талаар маш тодорхой асуудлууд дэвшүүлж, араас нь хөөцөлдсөөр ирсэн. Авилгатай Тэмцэх Газраас ч бас нөгөө талд албан хүсэлт илгээсэн. Хоёрхон хоногт дансны хуулгуудыг аваад ирээгүй юм.
Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх явдал байсан" хэмээлээ.
Харин сангийн сайд асан С.Баярцогтыг Авилгатай тэмцэх газраас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, цагдан хориог цуцлаад байгаа юм.




Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn