
| Хүмүүс: |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болох ёстой байсан ч хойшиллоо.
Тус хэргийн гэрчээр ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл ирсэн байх бөгөөд тэрбээр энэхүү хэргийг ердийн нэг архидалт биш хэмээн тодотгон хэлжээ. Албан тушаал эрх ашгийн төлөө зөрчил үүсэн улмаар хүний амь нас эрсэдсэн гэх бөгөөд энэ тухай тэрбээр "Ард түмэн нэг л зүйлийг ойлгочхоосой гэж хүсэж байна. Энэ бол ердийн нэг архидалтын, ердийн хоёр хүний маргаан биш ээ. Энийг л маш сайн ойлгоод авчих. Энэ бол ажил, албан тушаалтай холбоотой хэсэг бүлэг хүмүүсийн шуналтай холбоотой асуудал. Манай талийгаач бол энэ зүйлийн золиос боллоо. Энэ нь юуг сургамж болгон үлдээж байна вэ гэхээр цаашдаа Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой юм бэ гэдгийг харуулж байна. Энэ шүүх хурлаас их олон зүйлийг хүлээж байна" хэмээлээ.
Шүүх хурал гэрч дутуу гэх үндэслэлээр дахин хойшлогдоод байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр шүүх хурал хуралдахаар болсон байна. Энэхүү шүүх хуралд арван гэрч, нэг шинжээч орох ёстой ч байсан ч ердөө гурван гэрч ирсэн аж. Харин үлдсэн гэрчүүдийн зарим нь шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн байх бөгөөд тус хэргийн шүүх хурал ийнхүү гурав дахь удаагаа хойшлоод байна.



Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn