
| Хүмүүс: |
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цагаан суварга" орд газрыг төрийн мэдэлд авахаа мэдэгдсэн билээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг тус орд газрыг төрд өгөхийг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас өнөөдөр /2019.03.18/ дараах зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Ордын түүхийг нь сөхвөл 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөц олж тогтоогоогүй. Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад ч олоогүй байдаг. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон. “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулбал 2.5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой. Харин ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, олны яриад байгаа шиг Венсуэлийн зарчим эсвэл чөлөөт ардчиллын зарчмаар сайжруулаад явах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Төр гол нь татвараа маш сайн авч, үр ашигтай, иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой.
Гадаад болон дотоодын 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эрсдэлээ өөрсдөө даасан. Гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол "Цагаан суварга" орд юм. Ганц хийгдэж байгаа бүтээн байгуулалт руугаа иймэрхүү байдлаар дайрч, давшлаад байх юм бол бодлогын өөрчлөлт рүү орохоос өөр аргагүй. Энэ үйлдэл нь ганц үйлдвэрийн асуудал биш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хараад сууж байгаа шүү дээ. Хэрэв "Цагаан суварга" ордыг төрд авах гэж байгаа бол эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай" гэх тайлбарыг өгч байна.
Ийнхүү төр "Цагаан суварга"-ын орд газарыг мэдэлдээ авахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай болох нь ээ.

Б.Эрхэс