
| Хүмүүс: |
Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-аас 11-ны өдрүүдэд "KFC" сүлжээ рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэдэд хордлогын шинж тэмдэг илэрч улмаар эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан НМХГ-аас тус рестораны 12 салбарт хяналт шалгалт хийсэн бөгөөд нийтдээ 64 зөрчил илрүүлсэн байна.
Тухайлбал зарим салбарууд дээр худалдаалагдаж байсан ундааны концентрацын хугацаа дууссан байсан, ажиллаж байсан ажилчид эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэх мэт зөрчлүүд илэрсэн байх аж. Харин тус зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажилласан байх бөгөөд дөрвөн салбарт хэрэг зөрчлийн хэрэг нээн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Уг зөрчлүүд дээр үндэслэн салбаруудыг дөрвөн сая төгрөгөөр торгосон, долоон салбар дээр зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байна.
Мөн Зайсан дахь KFC-ийн салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураан авсан ажээ. Харин эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд учруулсан бодит зардалд 49,407,000 төгрөг зарцуулсан гэнэ.
Тус сүлжээ ресторанд хийсэн шалгалтын явцад сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг нийтдээ 31,1 кг амталсан болон амтлаагүй тахианы мах болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулсан байна. Мөн Зайсангийн салбарт зөвшөөрөлгүй гүний худгаас ус татан олгож байсан газарт 5 сая төгрөгийн торгууль, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан тухай НМХГ-аас мэдээллээ.
Харин хоолны хордлого нэг эх уурхайтай хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь лабораторийн шинжилгээ болон өвчтөнүүдэд гарсан шинж тэмдгээр тогтоогдсон байна.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn