
| Хүмүүс: |
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр (2019.03.19) Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэр өнөөдөр албан ёсоор суудлаа хүлээлгэн өгөх бөгөөд түүний албан тушаалыг Сенатын спикер Касым-Жомарт Токаев түр гүйцэтгэх ажээ.
Ийнхүү Казахстан улсыг 30 жил удирдсан хамгийн анхны Ерөнхийлөгч Нурсулан Назарбаев суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорч буй бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байсан юм. Ингээд түүний гэр бүлийн тухай товчхон танилцуулъя.
Бүхэл бүтэн улсыг 30 жил удирдсан түүний гэр бүлийнхэн ч мөн чамгүй дуулиан дагуулсаар иржээ. Учир нь түүнийг өөрийн охиндоо эрх мэдлээ өвлүүлэн үлдээх гэж байна гэсэн хардлага эртнээс дагаж эхэлсэн ба том охин Дарига Назарбаевагаа Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын Сенатын хорооны даргаар томилж байсан удаатай. Охин нь үүнээс өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан гэдэг. Түүнийг аавынхаа орыг залгаж авах хүчирхэг эмэгтэй гэж таамаглаж байв. Дарига хэд хэдэн банкны томоохон хувьцаа эзэмшигч. Мөн “Хабар” телевизийн эзэн. Тэр өндөр албан тушаалтан аавынхаа хүчинд тун хангалуун амьдарч иржээ.

Харин Даригагийн хүү Айсултан Назарбаев Казахстаны хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгч. Харин Даригагийн нөхөр Рахат Алиев хадам аавынхаа нэрийг нэгэн цагт шороотой хутгаж байсан бүтэлгүй түүхтэй. Түүний бичсэн “Загалмайлсан хадам эцэг” хэмээх номд Назарбаевын зүй бус үйлдлүүдийн тухай дурдагдсан байдаг.
Назарбаевын 5000 ширхэг асар үнэтэй цагны цуглуулга, мөн модель бүсгүйчүүдтэй үүсгэсэн амрагийн явдлынх тухай баримтууд тус номонд бий. Харин Рахат Алиев 2014 оны зургадугаар сард Венын цагдаад хандан өөрийн хүсэлтээр баривчлагдсан байдаг. 2015 онд шоронд хоригдож байхдаа амиа хорлон нас барсан. Түүнийг дарамт шахалтад өртөж, амиа хорлосон байж болзошгүй хэмээн олон нийт таамагладаг бол Нурсулан Назарбаев түүнийг охиноосоо салахыг тулган, гэрлэлтийг нь цуцлуулсан гэдэг.

Түүний дунд охин Динара Кулибаева мөн нэгэн цагт бэл бэнчингээ гайхуулагч нэгэн гэдгээрээ алдаршиж байжээ. Хилийн чанадад өндөр үнэтэй эдлэн газар худалдан авч дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтаж байсан түүний хөрөнгийг "Forbes" сэтгүүлээс 1,1 тэрбум ам.доллар хэмээн үнэлж байжээ. Зарим хэвлэлүүд үүнээс ч их байх боломжтой хэмээн үздэг. Ойролцоогоор хоёр тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй хэмээн үнэлэгдэж байсан түүний нөхрийг Тимур Кулиб гэдэг. Тэр мөн л тэрбумтан бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй гэнэ.

Харин түүний бага охин Алия Назарбаев барилгын компанийн эзэн гэнэ. Хуульч мэргэжилтэй тэрбээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой фирм тэргүүлдэг. Түүний эзэмшилд шөнийн цэнгээний газар, фитнесс төв, барилгын компани багтдаг байна.

2017 оны байдлаар тэдний нийт хөрөнгийг 8 орчим тэрбум ам.доллар хэмээн үнэлж байжээ. Үүнээс ч их хөрөнгө байж болохыг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Эдийн засгийн хувьд улс орноо хэзээ ч байгаагүй өсөлтөд хүргэж байсан Назарбаев улсаа мөн хээл хахуулиар тэргүүлэгч улс болгон хувиргасан нэгэн хэмээгддэг. Тэрбээр өөрөө ч энэхүү асуудалд орооцолдож явсан нэгэн бөгөөд АНУ-ын компаниудаас авилга авч, газрын тосны концессийн гэрээ байгуулсан тухай түүний хүргэн агсны номонд дурдагдсан байдаг байна.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn