
| Хүмүүс: |
Олноо "Никель" Ганбаа гэх нэрээрээ танигдсан Г.Дашням саяхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан. Түүнтэй хамт хоёр хүн байсан гэх бөгөөд нэг нь Ерөнхий сайд асантай ураг төрлийн хамааралтай нэгэн байсан тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Тэрбээр энэхүү хэргээс мултрахын тулд нөлөө бүхий албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэх мэдээлэл ч мөн цацагдаж эхэлсэн бөгөөд тус хэргийг анх шалгаж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Мөнхболдод урт хугацааны чөлөө олгож, хэргийн харьяаллыг өөрчлөхөөр болсон тухай мэдээлэл ч байна.
Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх мэдээллийг албаныхан тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд цусны шинжилгээг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлжээ. Энэхүү хэрэг нь харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжих ёстой ч шүүх шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хавсаргах ёстой гэх шалтгаанаар хараахан шилжиж ирээгүй байгаа аж.

Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn