
| Хүмүүс: |
Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн статуст шижлүүлсэн тухай дурдсан тэрбээр энэ үеэр С.Зориг агсны хэрэгт буруутгагдан хоригдож байсан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нараас болон тэдний ар гэрийнхнээс ХЗДХ-ын сайдын хувиар уучлалт гуйлаа. Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэмээх хилс хэрэгт гүтгэн олон төрлийн аргаар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг завдсан тухай тэрбээр мэдэгдсэн бөгөөд түүний яриаг бүрэн эхээр нь видео хэсгээс хүлээн авч үзнэ үү.
Ц.Нямдорж: Монголд цаашлаад үеийн үед, хэзээ ч 1937 оных шиг ийм хэрэг явдал давтагдах ёсгүй болтол нь арга хэмжээ авах ёстой гэж би бодож байгаа. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгэж, гэм зэмгүй хүнийг хүйтэн камерт яаж хорьдгийг нүдээрээ үзье гээд би хоёр ялтантай уулзсан. Аль, аль 40 гарчихсан насны хүмүүс, 20-25 жилийн ялтай. Шоронд 25 жилийн ялтай хүн тэснэ гэж байдаггүй юм.
Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Цаашдаа эмнэлэгт байлгаж байгаад шүүх энэ хүмүүсийг суллатал эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байгаа. Би Б.Содномдаржаагийн ар гэрийнхнээс, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс МУ-ын ХЗДХ-ын сайдын хувьд уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн шүү. Одоо бол гуйж байна.
Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Ийм юм хийдэг юм байж, зарим хүмүүс. Үүнийг хэлчихье. Тултал нь явна аа энэ хэргийн араас.
Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг ийм муухай харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж ялладаг хэргийг гаргуулахгүй байхын тулд системийн чанарт өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байна. 1970-аад оноос хойших дуулианд хэргүүдийг би ерөнхийд нь мэднэ. Гэхдээ ийм аймшигтай зүйл үзээгүй, сонсоогүй. Ийм аймшигтай зүйл болоод байгаа юм шиг дүр зураг харагдаад байхаар нь би чадан ядан тэмцсэн юм.


Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn