С.Оюун: Үнэхээр захиалагч гэж байгаа бол түүнийг олох ёстой

2019/03/28
Share |
Хүмүүс:
С.Оюун: Үнэхээр захиалагч гэж байгаа бол түүнийг олох ёстой

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт амиа алдсанаас хойш 21 жил болж байна. Хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх мэдээллийг өгсөн юм. Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өчигдөр /2019.03.27/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ.

Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн асан С.Оюунтай холбогдлоо. Тэрбээр 2018 оны долдугаар сараас хойш Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм. Түүнтэй холбогдоход “Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхэд бид эргэлзэж байгаагаа хэлсэн. Хэргийн материалыг нээлттэй болгох шаардлага тавьж байсан. Тэр шаардлага маань одоо ч хэвээрээ. Энэ хэрэг улс төрийн тэмцэл маргаан, хуулийн өөрчлөлтийн хүрээнд замхрах вий дээ гэж санаа зовж сууна. Улсын Их хурал дээр ажлын хэсэг байгуулсныг зөв гэж бодож байгаа” гэсэн юм. УИХ-ын гишүүн асан С.Оюунаас ярилцлага авах хүсэлт тавихад “Одоо дуугарах цаг нь биш. Тэгээд ч миний хийж байгаа ажил олон улсын байгууллага учраас намын гишүүнээсээ ч татгалзсан. Улс төрийн чигийн үйл ажиллагаа хийгээд энэ талаар байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байна. Хоёр жилийн өмнө өөрт чинь өгч байсан ярилцлага дээр би бүх зүйлээ тодорхой хэлж байсан. Байр суурь маань тэр хэвээрээ байгаа шүү” гэсэн юм.

Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагаа нийтлэхийг зөвшөөрснөөр ийнхүү нийтэлж байна.


-Монголын ард түмний хайртай хүү, таны төрсөн ах С.Зориг агсан өнөөдөр амьд байсан бол энэ сарын 20-нд 55 нас хүрэх байлаа. Түүний амь насыг бүрэлгээд 18 жил өнгөрсний дараа гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүст шүүхээс ял оноолоо л доо. Та байр сууриа илэхийлээч...


-Өнгөрөгч оны есдүгээр сард Баяраа ах маань хохирогчоор тогтоогдсон ч ах гадагшаа удаан хугацаагаар ажлаар явах шаардлага гарсан тул би хохирогчоор тогтоогдсон. Бидний зүгээс хэргийн материалтай танилцах боломжийг өнгөрөгч оны есдүгээр сард буюу 18 жилийн дараа олгосон. Хэрэг шүүх рүү шилжихийн өмнө хуулиараа хэргийн материалтай танилцах боломж олгодог юм билээ.

2016 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүх хурал, дараа нь давж заалдах шатны шүүх хурал болсныг уншигчид мэдэж байгаа. Арванхоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын дараа би гэр бүлийнхнээ төлөөлж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт, энэ хэргийг хаалттай шүүхээр шүүж байна. Тиймээс шүүх хуралдааныг нээлттэй болгох шаардлагыг прокурор болон анхан шатны шүүхэд гаргасан. Харамсалтай нь бидний шаардлагыг хүлээж аваагүй. Дараа нь давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй болгох шаардлага дахин тавьсан ч хүлээж аваагүй л дээ. Яагаад шаардлага тавиад байгаа юм бэ гэхээр уг хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцад авчихсан юм. Хэргийг бүхэлд нь төрийн нууцад аваад хаалттай хуралдаж байгааг нь буруу гэж үзэж байгаа. Төрийн нууцад хамруулах тодорхой тооны хуудас материал байгаа бол тэрийг нь нууцад хамруулаад бусдыг нь нээлттэй байдлаар явуулах боломжтой гэж хардаг.

Хэргийн үнэн мөн нь тогтоогдолгүй 18 жил болчихлоо. Тиймээс яг юу болов. Яагаад Зоригоо ах амь насаа алдав, хэн нь захиалагч байв, хэн нь гүйцэтгэгч байсан бэ гээд энэ бүгдийг Монголын ард түмэн мэдэх эрхтэй.


-Ер нь ингэж хаалттай хуралддаг жишиг байдаг юм болов уу?


-Энэ бол хүн амины хэрэг. Өмнө нь ингэж хаалттай хуралдаж байсан жишиг байгаагүй болов уу гэж боддог. Байх ч ёсгүй. Хааж нууцлах зүйл байдаг бол түүнийгээ л нууцал. Олон жил болоод магадгүй ач холбогдлоо алдсан, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлийг нь ил болгочих л доо. Гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдээлэл байгаа бол тэр багахан хэсгийг нууцлаад бусдыг нь ил болгож, шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Бидний шаардлага, хүсэлтийг харамсалтай нь биелүүлэхгүй юм.

Бидний зүгээс УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өнгөрөгч арванхоёрдугаар сард буюу анхан шатны шүүх хурал болсны маргааш албан тоот хүргүүлсэн. Тусгай хяналтын дэд хорооноос ямар нэгэн хариу ирээгүй. Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцтай харьцдаг, гүйцэтгэх байгууллагуудын ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг. Шинжээчийн дүгнэлтээр төрийн нууцад авдаг. Ингэж төрийн нууцад авч байгаа нь өөрөө хуулийн дагуу байна уу үгүй юу гэдгийг дахин шинжээчийн баг томилон хагалаад өгөөч гэж байгаа юм. Хэн нэгэн хүн нууцад авах ёстой гээд бүгдийг нь авчихлаа гэж бодъё. “Уучлаарай, бүгдийг нь нууцад авах албагүй” гэвэл түүн дээр шинжээчийн баг томилоод хагалах боломжтой. Бидний зүгээс шинжээчдийн баг томилоод нууцад авсныг нь хагалаад өгөөч гэж байгаа юм. Манай Зориг ах олон түмний дунд нэр хүндтэй, ардчилсан хувьсгалын гол удирдагчдын нэг, томоохон улстөрч байсан. Тэр утгаараа ахын амиа алдсан шалтгааны үнэн мөнийг гэр бүлийнхэн болон Монголын ард түмэн заавал мэдэх эрхтэй гэдгийг дахин хэлье.


-Гэхдээ эргэлзээ маш их байна л даа...


-Бид болон олон нийт эргэлзэж байна. Тиймээс нээлттэй мэтгэлцэж болмоор. Мэтгэлцээнийг нээлттэй явуулахгүй байгаа учраас чухам юунд, яагаад эргэлзээд буйгаа танд хэлэх, тайлбарлах аргагүй бас эрхгүй болчихоод байна. Хэрэг бүхэлдээ улсын нууц учраас тэр шүү дээ.


-Хэргийн зарим хэсгийг нь прокурорууд нээлттэй болгосон нь олны анхаарлыг татаж чадлаа. Гэхдээ энэ бол нэг өнцөг гэж харахаар байгааг хүмүүс яриад байна л даа. Таны байр суурь ямар байна вэ. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Нэг сайхан ярилцъя л гэж бодлоо?


-Прокурорууд баталсан нотолсноо тайлбарлаж, хэлж чадахгүй байснаа саяхан зарим нэгийг нь нээлттэй болгож байна. Гэхдээ зарим нэгийг нь ингээд нээлттэй болгож байгаа юм бол яагаад бүгдийг нь нээлттэй болгож болохгүй гэж. Тэдний өнцгөөс зарим зүйлс нээлттэй болж байгаа бол нөгөө өнцгөөс яагаад нээлттэй болж болохгүй гэж гэх мэтээр маш олон асуулт байна. Тиймээс ард түмний олон жил хүлээсэн хэргийн учиг тайлагдсан гэж үзэж байгаа юм бол, нотлох баримтууд нь байгаа юм бол шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Нээлттэй явуулахгүй байгаа нь өөртөө итгэлгүй байгаа ч юм шиг нэг том асуултын тэмдэг яваад байна. Үүнээс цаашихыг ярих гэхээр төрийн нууц задруулсан болчих гээд түвэгтэй байгаа юм. Тэр утгаараа захиалгатай ч бай, захиалгагүй ч бай бусад хүн амины хэргийг яаж шийддэг билээ, тэр зарчмаараа нээлттэй, хуулиараа л явуулах ёстой байхгүй юу.

Мөрдөн байцаалтын нууц гэж байдаг байх. Бид хүндэтгэнэ. Тэгж ч ирсэн. Тэр утгаараа олон таван зүйл асууж шалгааж, мөрдөн байцаалтын нууц руу орох гэж зүтгэдэггүй байсан. Харин шүүх рүү шилжихдээ нээлттэй болно гэдэгт харин итгэж байсан юм шүү. Харамсалтай нь нээлттэй болсонгүй. Үүнийг гайхаад нээлттэй болго гэж шаардаад байгаа минь энэ.


-Есдүгээр сард хэргийн материалтай анх танилцаж байхад итгэл үнэмшил хэр төрж байсан бэ?


-Хэргийн талаар байр сууриа илэрхийлэх, агуулгыг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүү хэл бид болон өмгөөлөгч, прокурор нь ч хэлэх боломжгүй байгаа тул нээлттэй болго гээд байгаа юм. Утгагүй байгаа биз дээ. Миний хувьд хохирогч тул улсын нууц задруулахгүй гээд гарын үсэг зурчихсан болохоор үүнээс илүүг хэлэх боломжгүй байна.


-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийж шүүх хуралдаан нээлттэй болох ёстой, шүүгчдэгчдийн ар гэрээс өргөдөл ирсэн, зөвхөн прокурор гэлтгүй хоёр талын мэдээлэл тэнцвэртэй байх ёстой гэдэг утга бүхий зүйл ярьсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?


-Ц.Нямдорж гишүүний ярьсантай санал нийлж байгаа. Түүний зүгээс тавьсан асуултуудыг зөв гэж бодож байна. Тэр утгаараа Ц.Нямдорж гишүүний асуултад хууль, хяналтын байгууллагууд хариу өгөх ёстой. 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн Мөнхтуяа, Банзрагч хоёроос Зориг ахын амь насаа алдсан асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавихад “Хэргийн нарийн ширийнийг мэдэхгүй байна. Нууцлах зүйлийг нь нууцлаад бусдыг нь нээлттэй явуулах боломжтой” гэж хариулж байсан. Шүүхийг хаалттай байлгах, хэргийг бүхэлд нь төрийн нууцад хамруулан 25 жил нууцлах нь буруу.


-Прокурорын зүгээс хэргийн талаар нээлттэй болгосон хэсэг нь өөрсдөдөө ашигтай хувилбар байна гэдэг шүүмжлэл гараад байгаа л даа...


-Дээр хэлсэнчлэн шүүхэд шинжээчдийн баг шинээр томилон дахин шинжээчийн дүгнэлт гарган нээлттэй болгож өгөөч гэсэн ч нэг их сүртэй хэлэлцээгүй. Үүнийг нь одоохондоо хэлээд яахав. Өнгөрөгч даваа гаригт Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороогоороо энэ асуудлыг хэлэлцсэн байна лээ. ОУПХ-ны өнгөрөгч оны гуравдугаар сард гарсан дүгнэлт бий. Энэ олон жилийн хугацаанд уг хэрэг илрэхгүй байгаа нь, олон нийтэд мэдээлэл өгөлгүй хэт их нууцалж хаалттай байгаа нь улам сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь парламент энэ чиглэлд хяналтаа тавих ёстой гэдэг зөвлөмжийг ОУПХ-ноос өгдөг байсан.

УИХ-аас ямар нэгэн байдлаар ажлын хэсэг гараад сүртэй дэм болж чаддаггүй ч гэсэн хэргийн илрүүлэлтэд хяналт тавьж чаддаг байсан. Хамгийн сүүлд гэхэд 2012-2016 оны парламентын Тусгай хяналтын дэд хороонд би өргөдөл гаргаж УИХ-ын дарга З.Энхболд цохсоноор Тусгай хяналтын дэд хороо хэд хэдэн удаа сонсгол хийж байсан юм. Төр нийгмийн зүтгэлтэн байсны хувьд төр анхаарал тавих ёстой гэсэн ОУПХ-ны зөвлөмжийн дагуу явсан. Тиймээс энэ удаагийн парламент ч гэсэн анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна.


-Нэг харамсалтай зүйл ажиглагддаг нь сонгуулиас сонгуулийн хооронд энэ яригддаг. Сонгуулийн өмнө нь л эзэн холбогдогч нь тогтоогдох гэж байгаа мэт мэдээлэл цацагддаг. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүний өмнө захиалагч нь тодорхой болно гээд шуугиад эхэллээ. Үнэндээ улс төрийн шоуны нэг сэдэв нь С.Зориг агсны хэрэг болчихлоо л доо...


-Дээр ярихдаа гэр бүлдээ цаг зав гаргаад сайхан байна гэж ярьсан даа. Үнэн хэрэгтээ хэргийн учиг тайлагдаагүй байгаа болохоор зүрхний угт үргэлж хүнд байдгаа нуугаад яахав. Зориг ахын хэрэг улс төрийн шоу битгий болчихоосой хэмээн хүсч залбирч байна. Захиалагчийн хувьд хууль хяналтын байгууллагад хоёр л асуудал тавьсан. Нэгдүгээрт, нээлттэй болгох. Хоёрдугаарт, захиалагч байхгүй юм байна. Тодроогүй юм байна. Батлаагүй юм байна. Нотлоогүй юм байна. Улстөрчийнх нь хувьд хөнөөсөн байх, захиалгат аллага байсан байх гэдэг байр суурь дийлэнх хүмүүст байсан, одоо ч байгаа. Үүнийг баталж нотлоогүй тохиолдолд хэрэг бүхэлдээ шийдэгдсэн гэж үзэхгүй байгаа юм. Үнэхээр захиалагч гэж байгаа бол түүнийг олох ёстой. Тэгж байж бодитоор шийдэгдсэн, шударга болсон гэж үзнэ.

Энэ хэрэг шударгаар шийдэгдээсэй. Үнэн мөн нь зөвөөрөө олдоосой. Зүгээр нэг шийдсэн болоод битгий хаачихаасай. Энэ хэргийг үйлдсэн болон зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь ял битгий завшчихаасай гэж бид хүсч байгаа.


-Прокурор Б.Батжаргалын өгсөн ярилцлагаас харахад шүүгдэгч Ц.Амгаланбаатар “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээсээ өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Бид тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэсэн байсан. Нөхрийг нь хөнөөх гээд гэрт нь ирсэн хүмүүст Б.Булган мах чанаж өгсөн болж таарч байна уу. Хар ухаанаар бодоход байж боломгүй зүйл мэт санагдах юм...


-Хэргийн материалын хуудас бүр дээр “маш нууц” гээд тамга дарчихсан учраас би нэмэлт зүйл ярих гэхээр хууль зөрччих гээд байна. Хэргийн болон шүүх хурлыг нээлттэй болго гэж шаардаад байгаагийн учир нь энэ. Ярилцлагаа ингээд өндөрлөе. Олон зүйл ярьж болох ч хууль зөрччих гээд утгагүй байдалд орчихоод байгаа юм.


-Ганц, хоёр асуултад нэмээд хариулаад өгөөч. Б.Булганыг Оросоос орогнол хүссэн гэдэг мэдээлэл гараад эхэллээ. Үнэн юм уу?


-Энэ талаар би сайн мэдэхгүй байна.


-Гуниг харуусал, нулимс, уй гашуу гээд бүх зүйлээ хамтдаа хуваалцаж явсан С.Зориг агсны эхнэр Б.Булган танай гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцаатай байсан. Сүүлийн жилүүдэд яагаад ингэж хөндийрөх болсон юм бол. Эсвэл танай гэр бүлийнхэн энэ хэргийн талаар мэдээлэл аваад зайгаа авчихав уу?


-Хариулахад хэцүү л дээ. Алдсан хүн 10 тамтай, авсан хүн нэг тамтай гэж монгол үг бий.


-Хяналтын шатны шүүх хурал удахгүй болно. Та нарын зүгээс шүүх хуралд оролцоно биз дээ?


-Бид өмнө нь тавьж байсан шаардлагаа л тавина.


-Дөрөвдүгээр сарын 20-нд ахын тань төрсөн өдөр болно. Танай гэр бүлийнхэн болон “Зориг” сангийн зүгээс ямар арга хэмжээ зохион байгуулах юм бол?


-Бид жил бүр ардчиллын түүхтэй холбоотойгоор Зориг ардчилалд ямар хувь нэмэр оруулсан хүн бэ гэдэг талаар их сургуулийн оюутнуудад лекц уншдаг. Уламжлал ёсоороо энэ ажил хийгдэнэ. Мөн Үндэсний түүхийн музейтэй хамтран “Ардчилсан хувьсгалын түүхэн зургууд” гээд сонирхол татахуйц гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 14-24-ний хооронд гаргах гэж байна. УИХ-ын гишүүн асан Түвшинтөгс монгол шатрын клубтэй. Жил бүр тус шатрын клубтэй хамтарч шатрын тэмцээн явуулдаг. Энэ жил мөн тэмцээнээ зохион байгуулна. Зориг ах Шатрын холбооны дарга байсан, өөрөө ч тоглох их дуртай байсан юм.

 

 

 

Э.Энхболд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Хэргийн захиалагч тодорхой шүү дээ. Элбэгдорж,Бат үүл,Эрдэнэ нар хамтран төлөвлөж, Батүүл гардан гүйцэтгэсэн байна шүү дээ.
IP:203.91.115.42  2019-03-28 15:04:11
A TENEG AVGAI
IP:202.179.25.140  2019-03-28 15:58:45
A BAS HUDALCH
IP:202.179.25.140  2019-03-28 15:59:04
..... archaagui pizda
IP:202.9.43.121  2019-03-28 16:36:28
3 senuur gargalaa.ooroo ol
IP:103.57.92.71  2019-03-30 06:31:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.