Т.Хүрэлбат: Т.Чимгээ хэрэг хүлээгээгүй ганц хүн нь

2019/04/04
Share |
Хүмүүс:
Т.Хүрэлбат: Т.Чимгээ хэрэг хүлээгээгүй ганц хүн нь

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт шүүхээс хорих ял сонссон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа. 


Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тодорхой боллоо. Та энэ тухайд юу хэлэх вэ?


-Мөрдөн байцаалтын үед хийгдсэн эрүү шүүлт шүү дээ. Тухайн үед дүү маань камерт нь Ц.Амгаланбаатар орж дарамталсныг хэлдэг байсан. Саяны бичлэг зөвхөн зургаан сарын хугацаанд хийсэн бичлэгээс задаллаа гэж байгаа. Энэ саяны үзүүлсэн бичлэг бол нэгхэн хэсэг нь юм билээ. Гэтэл Ц.Амгаланбаатар ганцхан удаа өрөөнд нь орж ирж байгаа юм биш. Ц.Амгаланбаатар коридороор нь хашхираад явж байдаг. “Хорин таван жилийн хорих ялтай хулгайчид шээх газар байна уу” гээд хашхираад, хаалга үүдийг нь өшиглөөд явж байх жишээтэй.


Анх дүүг маань ашиглахаа байсан Төв аймгийн мөрдөнд аваачиж хорьсон. Өрөөний дээвэрт нь аалз хүрээлчихсэн тийм л газар. Миний дүү өдөр хийх юмгүй, тэр аалзыг хараад л сууж байдаг гэж ярьдаг. Өрөөнд нь хувин тавьчихдаг. Түүндээ бие засдаг. Хоёр, гурван сар ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй шүү дээ. Эмэгтэй хүнийг наад зах нь ариун цэврийн хэрэглэлээр хангах ёстой. Арга ядаад дотуур хувцсаа хар цайгаар угааж өмсдөг байсан гэдгээ хэлж байгаа. Прокурорууд манай дүүг 16 удаа эмнэлгийн үзлэг шинжилгээнд оруулсан, бараг л люкс өрөөнд байлгасан юм шиг ярьдаг. Гэтэл ямар орчинд байгааг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүллээ шүү дээ. Ямар муухай хүмүүс байдаг юм  бэ. Уг нь тэр бичлэгийг үзүүлчихвэл олон нийтэд ил болох талаасаа зүгээр юм даа.


-Ар гэрийнхэнийг нь хууль хяналтынхан дарамталсан тухай сонсогддог. Энэ үнэн үү?


-Бид маш их дарамтанд байдаг. Ээж минь 70 гарсан хөгшин Дорноговьд амьдарч байна. Тагнуулынхан дандаа очиж дарамтална. Гэр орныг нь нэгжиж, үргэлж айдастай явж ирсэн. Хар машинтай очоод хашааг нь бүсэлж зогсоод, хүмүүсийг гаргахгүй гар утаснаас бүгдийг нь шалгадаг. Ингэхээр мэдээж хэнд ч сайхан байхгүй. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг 14 хоног барьж хорьсон. Тэгээд мөрдөн байцаагч нар маш их дарамталсан. “Та нарыг амьдралгүй болгоно. Цементенд хийж цутгана. Эсвэл чи хэрэг хүлээчих” гэх мэт байж боломгүй дарамт үзүүлсэн. Тагнаж чагнах төхөөрөмж хүртэл байршуулсан байдаг. Нөхөр нь хорихын жорлонгийн өрөөнд эхнэртэйгээ таараад хэдэн үг сольсон байгаа юм. Т.Чимгээ “Би хэрэг хийгээгүй. Одоо яах ёстой юм бэ” гэхэд нь нөхөр нь “Миний хань битгий ай. Нэгэнт хэрэг хийгээгүй юм чинь гарч таарна” гээд хэдэн үг солилцсон гэсэн. Төдхөн нөгөө хянагч нар ирээд хөөж гаргаад, байцаагч нөхрийг нь өрөөндөө оруулаад “Чи эхнэртээ хэрэг битгий хүлээ гэж хэлжээ. Эсвэл чи хэрэг хүлээх юм уу” гээд сандлыг нь өшиглөх зэргээр дарамталсан. н.Мөнхгал, н.Бямбажав гээд байцаагч нар тэгж дарамталж байсан. Тэгснээ н.Мөнхгал нь гэнэт “За больё, найз болъё” гэсэн байгаа юм. Эхнэрийг нь хилс хэргээр барьж хорьчихоод нөхрийг нь “Найз болъё” гэж байгаа нь юу гэсэн үг үү. Ингэж доромжилж байгаа шүү дээ.


С.Бямбасүрэн байцаагчид хандаад “Би хоёр хүүхдээ хотод авч ирээд айлын хажуу өрөө хөлслөөд амьдарч байна. Ажил төрөл хийж, байр савныхаа мөнгийг төлмөөр байна. Үр хүүхдээ тэжээмээр байна. Ажилд ормоор байна. Та бүхэн өдөр болгон дуудах юм. Ажил хийж чадахгүй байна” гэхэд байцаагч нь “Тэг, тэг. Манайд ч ажилд орж болно шүү дээ” гэсэн байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Тэр хүмүүс өөрсдөө тайлбарлах байх. Ийм дарамт, доромжлол их байсан.


-Хүний эрхийн байгууллагад хандаж байв уу?


-Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ч хандаж байсан. Энэ хүмүүс юу гэж хэлдэг байсан гэхээр, “Энэ хэрэг нууцлалын зэрэгтэй. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас оролцох боломжгүй” эсвэл “Харьяаллын дагуу прокурорт ханд” гэж хариу өгдөг байсан. Би бүр аргаа бараад Эмнести Интернэшнл байгууллагад хандаж байсан. Яг ямар үүрэгтэй байгууллагыг нь мэдэхгүй ч надад туслахыг хичээж байсан.


-Прокурорын байгууллага бол энэ хэрэг батлагдаж, нотлогдсон гээд л мэдэгдээд байгаа?


-Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэдэг нөхөр “Дөрвөн хүн шатааж алсан нь нотлогдсон. С.Зоригийг алсан нь нотлогдсон” гэж мэдэгдсэн. Гэтэл тэнд яг харуулж байгаа баримт байхгүй шүү дээ. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийн дарга Г.Эрдэнэбат, энэ хэргийг гардаж зохион байгуулсан Батжаргал, Сандаг-Очир гэж гурван прокурор бий. Энэ хэдэн прокурор юу ярьдаг гэхээр “Батлагдсан, нотлогдсон” гэдэг зүйл ярьдаг. Гэтэл хүний нүдэнд харагдах, баригдах ямар ч баримт, нотолгоо байхгүй.


МҮОНРТ-ээр гарсан С.Зоригийн хэргийн талаарх прокурорын бэлдсэн нэвтрүүлэг дээр “Эдгээр шийдсэн архичид нь нийлээд архи дарс уугаад, хэрэг төвөг хийгээд явдаг байсан” гэж гардаг. Ц.Амгаланбаатар чинь Т.Чимгээгээс олон дүү. Ц.Амгаланбаатар тухайн үед 16 настай. Т.Чимгээ чинь 20 нэлээн гарчихсан байсан. Тэгээд ч Т.Чимгээ Ц.Амгаланбаатарын бэр эгч нь шүү дээ. Тэгэхээр Т.Чимгээ насны хол зөрүүтэй дүүтэйгээ нийлээд хүн алаад явж байх уу. Нөхөрлөөд явж байх уу.


Эрдэнэтийн цагдаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг ямар нэгэн гэмт хэрэгт оролцож байсан тухай баримт мэдээлэл байдаггүй. Тийм нотолгоо, баримтыг прокурорууд гаргаж ирж чадаагүй. Гэтэл хэрэгт холбогдож байсан мэтээр нэвтрүүлгээр гаргасан. Мөн энэ нэвтрүүлгээр эдгээр хүмүүст “Татгалцах аргагүй санал тавьсан” гэж гардаг. Ямар санал тавьсан. Түүнийг нь хэн мэдэж байгаа юм. Батлагдсан гэдгээс өөр баримт байхгүй. Намайг дүүгээ өмөөрөөд ярилцлага өгсөний төлөө М.Энх-Амгалан прокурор “Ахыг нь шалгана” гэж байсан. Надаас юуг нь шалгах гээд байгаа юм. Эсвэл хилсээр энэ хэрэгтээ холбох гэж байгаа юм уу. М.Энх-Амгалан прокурорт хандаж хэлэхэд одоо тэр батлагдаж нотлогдсон баримтаа телевизээр үзүүлчих л дээ гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол манай үр хүүхдүүд нэг насаараа “М.Энх-Амгалан гэж хулгайч прокурор байсан” гэж ярьж явна шүү дээ.


-Нэвтрүүлгээр хэрэгтнүүдийг гэрчүүд таньсан тухай гарсан?


-Хорин жилийн өмнө байрны гадаа сууж байсан хоёр гурван эмэгтэй зургийг хараад “Энэ хүмүүс мөн байна” гэж гэрчлээд тэр нэвтрүүлэгт  яриад байгаа юм. Туршлагаас хэлэхэд нэг ангид хамт сурч байсан хүмүүс хорин жилийн дараа би биенээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл байрны гадаа харсан хүнээ хорин жилийн дараа энэ хүн мөн гэж зааж байгаад яагаад ч үнэмшил төрөхгүй байгаа юм. Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд оруулахгүй байж яагаад гудамжинд сууж байсан хүмүүсийг нотолгоо болгож тэднийг буруутгаж байгаа юм бэ.


Б.Булганы хоригдож байхад Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод сууж байсан сандал ширээг нь өшиглөөд “Чи бид нар С.Зоригийг алаа биз дээ. Хийгээ биз дээ” гэсэн байдаг.


-Ц.Амгаланбаатар, Б.Содном­даржаа, Т.Чимгээ нарыг Б.Булганаар таниулах ажиллагаа хийлгэсэн байдаг юм болов уу?


-Би энэ талаар Т.Чимгээгээс асуусан. Б.Булгантай таниулах ажиллагаа хийгээгүй гэсэн. Б.Бул­ганд зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын зур­гийг л үзүүлсэн. Харин Ц.Амгалан­баатартай Б.Булганыг уулзуулсан юм билээ. Б.Булганы хоригдож байхад Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод сууж байсан сандал ширээг нь өшиглөөд “Чи бид нар С.Зоригийг алаа биз дээ. Хийгээ биз дээ” гэсэн байдаг.

 



Б.Булган “Би 1998 онд ийм 16-тай хүүхэд хараагүй. Манайд ийм хүүхэд орж ирээгүй. Би эмч хүний хувьд зөвлөхөд энэ Ц.Амгаланбаатарын мэдрэлийг эмчид үзүүлээрэй. Хэвийн бус хүн байна шүү” гэж хэлсэн нь хавтаст хэрэгт байдаг гэж дүү минь хэлсэн. Тэгээд хавтаст хэрэгт Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл бүгд зөрүүтэй. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байдаг гэсэн. Ийм учраас наад хүмүүс чинь хэргийг нууцын зэрэглэлээс гаргахгүй байна. Шүүх хурлыг нээлттэй явуулахаас айж байгаа юм. Мөн Б.Булган хэвлэлд ярилц­лага өгөхдөө “Энэ гурван хүнийг танихгүй” гэдгээ хэлчихсэн. Мөн Ц.Амгаланбаатар захидал бичсэн. “Би энэ хүмүүсийг гүтгэсэн юм. Хүн алах нь битгий хэл, хүүхэд байхдаа аймхай хүүхэд байсан. Б.Отгонбаатарынхыг шатах үед ч би Эрдэнэтэд байгаагүй” гэж захидалдаа бичсэн байна лээ. Тэгэхээр Ц.Амгаланбаатар хүн гүтгэсэн гэдгээ хүлээгээд эхэлчихлээ. Мөн тэр гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын эгч Хишгээ гэж хүн шүүх хуралд гэрчээр орсон. Тэр хүн шүүх хурлаас гарч ирээд л хэлсэн. “Энэ хэрэг дээр Б.Отгонбаатарыг бид шатааж алсан” гэснээс өөр ямар ч баримт алга” гэж хэлж байсан. Гэтэл тэр Б.Отгонбаатарынх шатсан дүгнэлт “Цахилгаан буруу ашигласнаас болсон” гэж гарсан.


Полиграфын шинжилгээгээр мөн таараагүй. Полиграфын шинжилгээнд Т.Чимгээг орохын өмнө унтуулахгүй шөнөжин дэглэж байгаад өглөө нь шинжилгээнд оруулах гэж авч явсан байгаа юм. Тэгээд очтол Полиграфын шинжилгээнд оруулах гэж байсан эмэгтэй нь хоёр пиво гаргаад ирсэн гэнэ. “Хоёулаа ганц ганц пиво” уучихья гэсэн байдаг. Полиграфын шинжилгээ өгөх гэж байгаа, шоронд хүн амины хэргээр хоригдож байгаа хүнд пиво гаргаж ирж байна шүү дээ. Тэгээд  Т.Чимгээ “Би уухгүй” гэсэн байдаг. Тэгэхэд “Хоёулаа вино уух уу” гэсэн байгаа юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Шөнөжин нойргүй  хонуулаад, пиво уулгаад шинжилгээнд оруулахаар полиграфын шинжилгээ нь эерэг гардаг ч юм уу. Ямар ч байсан манай дүүд хайртайдаа тэр хүмүүс пиво гаргаж ирээгүй нь тодорхой. Энэ чинь бас нэг дарамт. Энэ бүгдийг харахад зохиомол, хилс хэрэг гэдэг нь нотлогдож байна.


-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сая мэдээдэл хийхдээ С.Зоригийн хэргийн талаар ярьсан. Та үзсэн байх. Таны байр суурийг сонирхоё?


-С.Зоригийн хэргийг яриад эхлэхээр дуугардаг хүн элбэгшиж байна. Ц.Элбэгдорж их ноцтой юм ярилаа. “С.Зоригийг алсныг харсан ганц хүн нь хэн бэ” сэтгүүлчдээс таавар асуугаад л. Гэтэл нэг нь тэндээс “Б.Булган” гээд хэлчихвүү дээ. Тэгсэн Ц.Элбэгдорж “Биш. С.Зориг өөрөө” гээд. Тэр хүн процессийг мэдэж байна шүү дээ.


Өнгөрсөн 21 жил цорын ганц гэрч нь Б.Булган гээд ярьдаг. Хавтаст хэрэгт ч тийм байгаа. Гэтэл Ц.Элбэгдорж хажууд нь өөр хүн байгаагүй гэж байна. Тэгвэл түүнээс мөрдөн байцаагч асуух хэрэгтэй байна. “Хажууд нь ганцхан хүн байсныг яаж мэдэж байна. Эсвэл тэр хүн С.Зоригийн хажууд өөрөө байсан юм уу. Би Ц.Элбэгдоржийн энэ үгнээс гурван зүйлийг харж байна.


Нэгдүгээрт, бараг алуурчин нь өөрөө байсан байх гээд байна. Алуурчинаас өөр хүн байгаагүй гээд яагаад Ц.Элбэгдорж мэдээд байна. Тэгэхээр алуурчинг харсан ганц хүнийг мэдээд байгаа нь өөрөө юм биш үү. Би тэр алуурчин нь Ц.Элбэгдорж юм биш үү гэж хэлэх гээд байна. Хоёр дахь сэжүүр нь Б.Булган гэж хүнийг юм ярьчихвий гэж хэргээс холдуулах гээд байна шүү дээ. Гуравдугаарт, эсвэл тэр алуурчинг Ц.Элбэгдорж мэддэг юм байна. Тэр хүнд нь Ц.Элбэгдорж үг хэлээд ч байгаа юм шиг. Ийм зүйл ажиглагдаж байна.


Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ саяны бичлэгийг үзсэний дараа “Юун сүртэй юм. Ийм юм байж л байдаг” гэж байгаа юм. Бичлэг гараад ирэхээр өөрчлөгдөж байгаа олон хүн байна. Үнэхээр эрүүдэн шүүснийг хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүдэн шүүлт гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоёр хүн нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ байна.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

 



 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
123 Амгаланбаатар яагаад олон жил Зоригийн хэргээр дарамталсан юм болдоо?
IP:202.179.26.161  2019-04-04 12:50:25
baatar meduuleg ogoh ogohgui chini hunii erhiin asuudal.Meduuleg ogooguigeer ooriigoo zovtgoj chadaj baigaa jm bish.Notloh barimt baival shuuh tuuniig undeslej jlaladag.Nyamdorj ZAHIALAGCH bololtoi
IP:94.214.181.162  2019-04-04 17:02:22
бат хоёр хүүхэдийг Чимгээ гэгч удирдаж алсан нь тэрэрүүдэлтээс өмнө тогтоогдсон байдаг
IP:59.153.115.187  2019-04-05 07:50:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.