“Хүчит шонхор” захаас авсан тахианы мах хордлого дагуулав уу?

2019/04/09
Share |
Хүмүүс:
“Хүчит шонхор” захаас авсан тахианы мах хордлого дагуулав уу?

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Сингапур, Монголын хамтарсан “Singapore school of Mongolia” дунд сургуульд өнгөрсөн баасан гарагт /2019.04.05/ хоолны хордлого гарч, багш, сурагч нийлсэн 83 хүн хордсоныг Эрүүл мэндийн яам албан ёсоор зарлалаа.

Сурагчид болон багш нар сургуулийнхаа цайны газраас тахиан махан шницель идсэн гэх бөгөөд нийтдээ 83 хүн тус хоолонд хордсон байна. Одоогоор 44 хүн ХӨСҮТ-д  хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус сургуулийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Харин тахианы мах худалдаалсан гэх "Хүчит шонхор" захад тахианы мах худалдаалахыг хориглосон байх бөгөөд лангуунуудыг лацдан, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахаар авч явсан байлаа. 

 

Энэ тухай “Хүчит шонхор” захад худалдаа эрхлэгчдээс тодруулахад :

-“Тахианы мах энэ хагассайн өдрөөс эхлээд ерөөсөө заруулахгүй байгаа. Яг яасныг нь сайн мэдэхгүй байна. Цаанаасаа зарахыг хориглосон.

-Тахианы махнуудыг лацадчихсан байгаа. Зарахгүй байгаа.

-Тахианы мах заруулахгүй байгаа.  Шинжилгээнд хамруулаад долоо хоногийн дараагаас зарах зөвшөөрөл өгнө гэсэн. Ерөнхийдөө энд тахианы мах зарж байгаа бүх лангууны махыг шинжилгээнд өгөхөөр болсон. Энд тахианы мах нийлүүлдэг компанийг мөн шинжилгээнд оруулна гэсэн. Зах дээр лав заруулахгүй байгаа. Бусад дэлгүүрүүд худалдаалж байгаа байх. Өглөө ирэхэд л бүх лангууг лацадчихсан байсан. Харин “Оргио” тахианы махны худалдаа  хэвийн үргэлжилж байгаа” хэмээх тайлбарыг өглөө.

 

Харин тус захын урдхан талд байрлах “Дөрвөн шонхор” захад тахианы махны худалдаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд тус захад худалдаалагдаж байсан тахианы махнууд мөн л урд хөршөөс орж ирсэн байх аж.

Бид үргэлжлүүлэн “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд мөн л тахианы махны худалдаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд тус захад худалдаалагдаж буй тахианы мах ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирдэг байна. Худалдаачдын хэлж буйгаар зах зээлд худалдаалагдаж буй ихэнх тахианы мах урд хөршөөс орж ирдэг бөгөөд одоогоор тус зах дээр тахианы мах худалдаалахыг хориглох талаар зүйл яригдаагүй хэмээлээ.

 

Тус сургуульд хийсэн шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал гал тогоонд ажилладаг нэг бэлтгэгч эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байсан нь шалгалтын явцад илэрсэн бөгөөд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. 

 

Сургуулийн цайны газрын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ус зэргээс 43 нэр төрлийн дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлхээр өгчээ. Лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.