СУРВАЛЖЛАГА: Ах минь хоёр залууг авраагүй бол дөрөв биш ЗУРГААН хүний амь яригдах байлаа

2019/04/18
Share |
Хүмүүс:
СУРВАЛЖЛАГА: Ах минь хоёр залууг авраагүй бол дөрөв биш ЗУРГААН хүний амь яригдах байлаа

Эмэгтэй хүний “Осол боллоо, хүн авраарай” гэх дуу Түүхий лаг шахдаг насос станцад сонсогдох шиг болохоор нь хар хурдаараа гүйгээд очсон. Дотогш ороод доошоо харахад хэн ч харагдаагүй. Дахиад сайн харсан чинь хүмүүс хөдлөх шиг болсон. Хийд хордож ухаан нь балартсан хоёр залууг гаргаж чадсан ч гуравдахь залуугийн амийг аварч чадаагүй... хэмээн “Төв цэвэрлэх байгууламж”-ийн ажилтан С.Энхжаргал гэр бүлийнхэндээ ярьжээ.


Тэрбээр өнгөрсөн мягмар гарагийн орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-д гарсан ослын гэрч, бас хохирогч юм.


 

Учир нь, тухайн өдөр түүнтэй хамт ажилладаг дөрвөн хамтрагч нь ажлаа хийж байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Харин С.Энхжаргал ажлынхаа долоон хүний хамт Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.


 -Д.ОРОЛЗОД: ӨВЧТНҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРСАН-


 

 Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд “Төв цэвэрлэх байгууламж”-ийн 25-55 насны найман ажилтан хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэг нь эмэгтэй, долоо нь эрэгтэй. Бүгд олон төрлийн хийд хордсон гэх оноштой бөгөөд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч Д.Оролзодоос тодрууллаа.


-Танай эмнэлэгт “Төв цэвэрлэх байгууламж”-д болсон үйлдвэрийн ослын үеэр хийд хордож ирсэн ажилчдын биеийн байдал ямаршуухан байна вэ?


-Нийт найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй, долоон эрэгтэй эмчлүүлж байна. Одоогоор бүгдийнх нь биеийн байдал тогтвортой. Анх ирсэн үеэ бодвол хамаагүй сайжирсан.


-Ямар оноштой эмчлүүлж байгаа вэ?


-Хийн холимог хордлого гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, олон хийн найрлагад хордсон гэж хэлж болно.


 

-Яг ямар эмчилгээ хийж байгаа хэрэг үү?

-Эмийн эмчилгээ болон хүчилтөрөгч, даралтад хүчинтөрөгчийн эмчилгээг хавсран хийж байна.

-Сэтгэлзүйн эмчилгээ давхар хийж байгаа гэж сонссон. Үнэн үү?

-Тийм. Энэ бол үйлдвэрийн осол. Хамт ажиллаж байсан найз, нөхөд нь амиа алдсан болохоор сэтгэлзүйн эмчилгээ авах шаардлагатай.

-Ослын үеэр таван хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч танайд найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн гурав нь ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм бол оо?

-Бохирын шланк соруулж байсан зэрэг өөр нөхцөлд хордсон гурван хүнийг хүлээж авсан.


-С.ОЮУНТУЯА: ЭМЧ НАР ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВСАН-


 

 “Төв цэвэрлэх байгууламж” нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэдэг, 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг инженерийн байгууламж юм. Энэхүү цэвэрлэх байгууламжид осол гарах үед хоёр залуугийн амийг аварч, өөрөө насос станцын хийд хордож эмнэлэгт хүргэгдсэн С.Энхжаргалын дүү С.Оюунтуяатай уулзсан юм.

Тэрбээр “Манай ах 55 настай. Энд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь. Тухайн үед ахыг дотогш ороход хүн харагдаагүй гэсэн. Гэхдээ дахин харахад хүмүүс хөдлөх шиг болсон юм билээ. Ах хамгийн эхэнд жижигхэн биетэй Тэмүүлэн гэдэг залууг өргөж гаргасан байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.