Хүмүүс: |
"Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд "12 ертөнц" тоглолтоо Солонгос дахь Монголчууддаа толилуулаад байгаа билээ. 12 цомгийнхоо хит дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтоо дуусгасан даруйдаа тэрбээр эхнэрийнхээ хамтаар тус улсад эмчлүүлж буй Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэжээ. Хүүгийн өвчнийг буруу оношилсноос үүдэн буруу эмчилгээ хийгдэж улмаар хүүгийн бие эрс муудаж эхэлсэн. Харин элэг нэгт Монголчуудынхаа тусламжтайгаар хүү тус улсад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хүүгийн бие өдөр ирэх тусам сайжирч байгааг дуучин Д.Болд мэдэгдсэн байна.
Тэрбээр "Сөүл хот дахь тоглолтоо хийчихээд, өнөөдөр SAMSUNG эмнэлэг дээр Э.Маргад-Эрдэнэ дүүг эргэж очлоо. Бие нь өдрөөс өдөрт сайжирч байгаа юм байна. Ээж, аавтай нь хүүтэй нь эхнэр бид хэд нэлээн ярьж суулаа. Гэхдээ одоо бас их л удаан эмчлүүлэх шаардлагатай юм байна. Аав, ээж хоёр нь хүүгийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд нь бүх зүйлээ зориулжээ. Бахархаж байна. Тэдний гэр бүлд, Э.Маргад-Эрдэнэ дүүдээ хамгийн сайн сайхныг хүсэж байна. Солонгост өчигдөр хүүхдийн баяр нь болсон. Дүүг уйдаж байгаа байх гэж бодоод тоглоом авч очлоо. Мөн эмчилгээний зардалд нь хандив өргөлөө. Та бүхэн маань ч гэсэн боломжоороо цаг алдалгүй их бага ч гэлтгүй хандив өргөөрэй. Монголчууд бид цөөхүүлээ ч БИДНИЙ СЭТГЭЛ баян шүү.Түргэн эдгэж, эх орондоо хэрэгтэй мундаг хүн болоорой. Хүчтэй байгаарай" хэмээжээ.
Хүүд бяцхан дуучин Б.Бат-Энэрэл мөн хандивын тоглолт зохион байгуулж тусламж үзүүлсэн бөгөөд зураач Ж.Анунаран болон дүрслэх урлагийн уран бүтээлчид хүүд туслах “Маргад эрдэнэ миний эрдэнэ” аянд нэгдэн, хандивын үзэсгэлэн зохион байгуулж, 100 гаруй уран бүтээлчийн бүтээлээс борлуулан, 30 сая төгрөгийг хүүд хандивласан. Ийнхүү олны танил хүмүүс болон жирийн иргэд хүүд тусламжийн гараа сунган амьдрал бэлэглэхээр хандивын аянд нэгдсээр байна.