Г.Гантөмөр: Ө.Энхтүвшин сайд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох ёстой

2019/05/14
Share |
Хүмүүс:
Г.Гантөмөр: Ө.Энхтүвшин сайд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох ёстой

Сүүлийн үед Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг Шадар сайд хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай яриа бий. Энэ талаар тус байгууллагын дарга асан Г.Гантөмөрөөс тодрууллаа. 


-Шадар сайд таныг ээлжийн амралттай байхад ажлаас чинь чөлөөлж хууль зөрчсөн гэх яриа бий. Энэ талаар тодруулах гэсэн юм. Та одоо хаагуур юу хийж явна? 


-Би одоо ээлжийн амралтаа авчихсан байна. Энэ үеэр амьдралд маань хагацал тохиолдож, зээ охиноо алдсан учраас буян номын ажилтай л сууна. Үүнээс гадна  агентлагийнхаа дөрвөн ажилтны хамт Увс аймагт болсон нэгдсэн зөвлөгөөнд оролцох гэж яваад осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тиймээс Бээжин хотод мэс заслын хагалгаанд орж, улмаар жил болгон эхний улиралд багтаан хяналтын шинжилгээнд ордог болсон. Энэ шалтгаанаар ээлжийн амралтаа гуравдугаар сарын 20-нд аваад  байсан юм. Би тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэлтэй болж, зарим хэсэгтээ төмөр нуруу тавиулсан. Гэсэн хэдий ч төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байхад дарга даамлууд арай л амьдралаас тасархай шаардлага тавьж байгаа нь хачирхалтай. Гэтэл Шадар сайд Ө.Энхтүвшин миний амралтын мөнгийг суутгаж авна хэмээн лүндэн буулгаж хуулиар олгох тэтгэмжийн тушаалд гарын үсэг зурахгүй сар гаруй гацааж байна.


-Танд хагацал зовлон тохиолджээ. Энэ хүнд үед Шадар сайд таныг хүлээж авч уулзсан уу?


-Үгүй. Уулзах нь байтугай эмгэнэл ч илэрхийлээгүй. Ер нь үхэл хагацалтай  тулгарсан нэгэндээ хүлээцтэй, энэрэнгүй жудагтай харьцдаг монгол заншил, бичигдээгүй хууль байдгийг мань мэтийн насны хүн мэдэх л ёстой баймаар санагдах юм. Харамсалтай нь,  миний үр хүүхдүүдийн маань гашуудлын нулимс хатаж амжаагүй байхад Ө.Энхтүвшин сайд надтай уулзалгүй хөөцөлдөж гүйсээр байгаад ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргуулсан. Үүнийг дээд зэргийн мунхаглал гэхээс өөрөөр ойлгоход бэрх юм.


-Хууль бус гэдгийг тодруулахгүй юу?


-Намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаар чөлөөлөхдөө Монгол Улсын Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны хэргийн тухай ерөнхий хуулийн маш олон заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргуулсан.


-Тэтгэвэрт гарах насны дээд  хязгаар 65 биз дээ. Яагаад таныг шахаад байгаа юм бол?


-Тийм л дээ. Энэ талаар Төрийн албаны тухай хуульд маш тодорхой зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэ­вэрт гарах эсвэл үргэлжлүүлэн ажиллах асуудлаар албан ёсоор хүсэлтээ гаргадаг. Би үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байсан юм.


-Үргэлжлүүлэн ажиллахад ямар шал­гуур, шаардлага байдаг вэ?


-Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал гэх мэт үндсэн шалгуурт хамаардаг юм.


-Та дээрх шалгууруудыг бүрэн хангаж байгаа юу?


-Бүрэн хангаж байгаа. Тухайлбал, сүү­лийн гурван жил дараалан миний төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувьтай явж ирснээс гадна мэргэшлийн түвшингийн үнэлгээ ”А” буюу маш сайн гэсэн үнэлгээ авсан байгаа. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 176 тоот зарлигаар надад Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн тэргүүн зэргийн дэвийг олгосон. Энэ нь мэргэшлийн түвшингийн өндөр  үнэлгээ юм.


-Төрийн албаны шинэ хуулиар агентлагийн даргын босгыг их өндөржүүл­сэн байна лээ. Таны оронд дээрхи болзлыг ханган ажиллах хүн бий юу. Тодотговол агентлаг дотроосоо дэвшээд ажиллах төрийн албан хаагч байгаа юу?


-Та маш чухал асуудлыг хөндлөө. Яг одоогийн байдлаар агентлагийн даргын шатлан дэвших босгыг хангасан нэг ч ажилтан байхгүй байгаа бөгөөд 2020 он гараад 2-3 ажилтан өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Тийм учраас  салбараасаа дарга гаргах, залуучуудаа дэмжих зорилгоор би тэдэнтэй зөвлөсний үндсэн дээр өргөдлөө татсан юм. Стандарт хэмжилзүйн салбарыг удирдах хүн чанарын дэд бүтцийн маш олон стандартыг мэддэг хууль эрх зүйн шинэчлэлд  гар бие оролцсон байх нь үндсэн шалгуур гэж бодож байгаа юм.


-Засгийн газар таны хууль ёсны эрх ашгийн баталгааг хангаагүй шийдвэр гаргажээ. Цаашид яах ёстой вэ?


-Засгийн газраас нийгмийн амьдралын бүх түвшинд шударга ёсыг тогтооно гэсэн үндсэн зорилт дэвшүүлж байгаа .Тиймээс Шадар сайд хууль зөрчсөн шийдвэрээ даруй хүчингүй болгох ёстой.

 

 

 


С.Баяр

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Tiim shuudee SHadar said ulaan tsagaandaa garchee bur uurinhuu hunig zutgeuuleh gj bgaa um bn l daa Gantumur bol yag mergejliin sain darga bsn shuu.
IP:202.21.127.107  2019-05-15 11:55:54
unshigch энэ гахай солиорсон бололтой. Бүр ичих нүүр алга аав
IP:202.179.24.23  2019-05-15 17:23:30
Hi Ene shorond bh estoi hun tetgevertee garsandaa bayarlaad yavj bh estoi doo. Idej uuj hanadaggui gahai gantumur gedeg yum
IP:66.181.161.82  2019-05-18 12:18:47
Zochin Shudraga hun shig ene odoo yu yriad bg turiin mungig hulgailsan hulgaich ve. Shalgaad hulgailsan mungig ni turd tushaalga!!!!
IP:66.181.161.1  2019-05-18 15:32:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.