Шадар сайдад шаналах сэтгэл алга уу?

2019/05/27
Share |
Хүмүүс:
Шадар сайдад шаналах сэтгэл алга уу?

Төрийн өндөр албан тушаалтан ажлын хариуцлага алдсан ч огцордоггүй, огцрох байтугай олон түмнээс уучлал ч гуйдаггүй тогтолцоо Монголд л бий. Үүний сүүлийн үеийн тод томруун жишээ, хэв шинжит дүр нь өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшин. Хууль хэрэгждэг, ёс зүйн зарчим үйлчилдэг улс оронд бол аль хэзээний огцорчихсон байх биз. “Бадуушиг”-тай сандлаасаа гулсахад ч багадах бараан статистик, базаахгүй алдаа дутагдал түүнд бий. Харамсалтай нь Монгол юм болохоор хариуцлага хүлээх бүү хэл харин ч хаа сайгүй популизм хийж явах ажээ. Шууд харьяалдаг салбаруудад нь гамшиг, осол аваар, халдварт өвчин ээлж дараалан гарч эрдэнэт хүний амь эрсэдсээр байхад Шадар сайд нь шавар бурхан шиг лаглайж, шалсайны лам шиг намбайж суухыг олон нийт телевизээр харж залхлаа. Залхах гэдэг үг ч багадна. Жигшин зэвүүцэж байна гэвэл ононо.


2019 он гарсаар уул уурхай, худалдаа, үйлчилгээ, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд олон салбарт ноцтой осол аваар, эрсдэлүүд шил шилээ даран гарлаа. Тэр бүхнээс болж амь насаа алдсан иргэд хэдэн арваар тоологдож, эрүүл мэндээрээ хохирсон иргэд ч хүн алдав. Энэ бүх гамшиг, эрсдэлээс иргэдээ урьдчилан сэргийлж, авран хамгаалах чиг үүрэгтэй хоёр агентлаг Шадар сайдын шууд мэдэлд ажилладаг. Тэр нь Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Ер нь Монголд гарч байгаа бүх л гамшиг, осол эндэл, золгүй тохиолдол энэ хоёр агентлагтай, өөрөөр хэлбэл Шадар сайд Ө.Энхтүвшинтэй шууд холбоотой.


Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах үүрэгтэй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой. Товчхондоо бол энэ хоёр агентлаг Үндсэн хуульд монгол хүний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхаглан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахын төлөө ажиллах ёстой юм. Шударгаар хэлэхэд монгол хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах чиг үүрэгтэй эдгээр байгууллагуудыг карьер нь дууссан pension улстөрч удирдана гэж юу байх вэ дээ. Насаараа нам бараадаж, гам барьж суусан цагаан гартай, улаан зангиатай Ө.Энхтүвшин даргад онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагуудыг удирдахад эрч хүч, хурд, мэдрэмж, овсгоо самбаа, зориг зүрх, тэр бүү хэл мэдлэг, туршлага, чадвар нь ч дутна.


Ер нь Ө.Энхтүвшин сайд улстөрчийн хувьд ч зориг зүрхтэй байгаагүй. Парламентын сэтгүүлчээр ажиллаж байгаад улс төрд хөл тавьсан тэрээр МАН буюу хуучин МАХН-д жигүүр анх байгуулж хэсэгхэн дэвсэн нь хамгийн романтик үе нь байв. Төдөлгүй жигүүрийнхэн бүгд нэг нэг албан тушаал, эрх мэдлийн бялуу намаасаа хүртээд тун амархан амаа хамхиж, далиа хумьсан. Ингээд сүүлийн 20-иод жил Ө.Энхтүвшин томоотой улстөрчийн нэг болж Төрийн ордны мебель тавилга мэт он жилүүдийг үдэж буй билээ. Тиймээс саяхан олон нийтийн сүлжээнд Шадар сайд тэргүүтэй улс төрийн “батаар”-уудыг тэтгэвэртээ гарч амрахыг уриалсан ёжтой бичлэг цацагдсан биз ээ. Үнэхээр ч улстөрч хүн өрөөлд танигдахгүй, өөрийгөө ч танихгүй болтлоо төрд шигдэх нь утгагүй. Төрийг шинэ санаа, шинэ бодлогоор сэлбэхэд ийм бул чулуунууд хамгийн их саад тээг болдог. Тэр нь улс орны хөгжилд урхаг хортой. Үүнийг өнөөгийн Шадар сайд өөрөөрөө үлгэрлэн, өрөөлд сургамж болж сууна. Муу юм хүртэл сайн талтай, муу нь ч миний багш гэх мэт үгийг санаваас Ө.Энхтүвшингийн энэ өөдгүй, ёс зүйгүй, сул дорой, бэртэгчин байдал Шадар сайдаар цаашид ийм хүн тавьж болохгүй нь гэдэг хатуу дохио, сануулга өгч байгаагаараа сайн талтай юм. Шадар сайд гэдэг энэхүү төрийн өндөр хариуцлагатай албан тушаалын рейтинг үүнээс доош унахгүй биз ээ.


Шадар сайд маань даанч шалаар нэг болсон нэр хүндээ бодоод төрийн хүний ёс зүй, улс төрийн соёл гарган олон түмнээсээ уучлал гуйгаад ажлаа өгчих зүрх, зориггүй нь харамсалтай. Хань ижил, үр хүүхэд, ойр дотныхноо төрийн хариуцлагагүйгээс цаг бусаар алдсан иргэдийн нулимсыг хараад өчүүхэн төдий шаналах сэтгэл түүнд алга.


Осол аваар, өвчин, халдварыг газар авхуулахгүй урьдчилан шалгаж арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Шадар сайд Ө.Энхтүвшингийн ойр шадар хүн Б.Цагаанхүү удирддаг. Ө.Энхтүвшин түүхч мэргэжилтэй бөгөөд нэгэн үе МАН-ын даргаар ажиллаж байхад нь удирдлага дор нь цэргийн офицер Б.Цагаанхүү тус намын хянан шалгах комиссын даргаар нь ажиллаж байжээ. Намын улс төрийн хяналтаас төрийн мэргэжлийн хяналт тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин ч, улсын ерөнхий байцаагч Б.Цагаанхүү ч ухаарч ойлгоогүй л яваа аж.


Хоёрдугаар сарын 28-нд “Эко алтан Заамар” гэдэг алтны уурхайд нуралт үүсч дөрвөн сайхан залуу амиа алдахад, дөрөвдүгээр сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч мөн дөрвөн хүний алтан амь эрсдэхэд ч Шадар сайд Ө.Энхтүвшин ус балгасан мэт дуугүй байв. “KFC”-ийн сүлжээ ресторануудад хоолны хордлого гарч иргэд хэдэн арваараа эрүүл мэндээрээ хохироход, нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, “SSM” буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон арван хүүхдийг хамарсан хоолны хордлого гарахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид тэр чигээрээ шахуу сүрьеэгийн халдвар авчхаад байхад энэ бүхнээс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой Шадар сайд таг чиг. Мэргэжлийн хяналт, эрүүл ахуйн хяналт, ажлын байрны эрүүл ахуйн хяналт хаачсан бэ?


Арваадхан хоногийн өмнө зуны эхэн сард зуд шахуу цас орж, Өмнөговьд дөрвөн хүн харамсалтайгаар эндэв.Шадар сайдын толгойлдог Улсын онцгой комисс ниргэсэн хойно нь л хашхирав. Ө.Энхтүвшин сайдын шууд удирдлага дор ажилладаг тухайн аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга нь цас шуурганы үеэр эзгүй байж. Гурвын гурван хүн шуурганд уруудаж эндсэн Цогтцэций суманд л гэхэд мөн л сумын Онцгой комиссыг ахлах ёстой Засаг дарга нь эзгүй, Улаанбаатарт зугаалж явжээ.


Аймаг, сумын Онцгой комиссын дарга нар нь орон нутагтаа байсан бол, төр захиргааны байгууллага, ард иргэдээ удирдлагаар хангаж шуурхай арга хэмжээ авсан бол дөрвөн иргэний амь нас эндэхгүй байх байлаа. Энэ бол дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйн жишээ. Улсын онцгой комиссыг удирдаж чадахгүй суугаа Шадар сайдын баг орон нутагт ингэж туйлын хариуцлагагүй ажиллаж байгааг төрийн албанаас шударга ёс, хариуцлагыг үргэлж нэхэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвөггүй олж харсан биз ээ. У.Хүрэлсүхийн хувьд өөрөө өмнө нь Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан тул энэ талын мэдлэг, мэдрэмж, мэдээлэл өндөр буй гэдэгт эргэлзэх юм алга.


Дахин хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд энэ үүргийг хуулийн өмнө хариуцсан субьект нь Засгийн газар юм. Засгийн газрынхаа өмнө энэ хариуцлагатай үүргийг хүлээсэн Шадар сайд ажлаа хийж чадахгүй байгаа бол цаг алдалгүй чөлөөлөх ёстой. Учир нь Шадар сайдын алдаа эндэгдэл, цалгардал назгайрал нь хүний амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг. Үүнийг бид сүүлийн хоёр гуравхан сард хангалттай харлаа. Хүний эрхийн түгээмэл тунхаг тэргүүтэй олон улсын гэрээ конвенц болон Үндсэн хуулиар тунхагласан заяамал эрхийг маань баталгаатай хангаж, хамгаалж чадахгүй байгаа Засгийн газар, түүний Шадар сайдаас иргэд бид шударга ёс, хуулийн засаглал, төрийн албаны ёс зүй, хүн чанар, хариуцлагыг нэхэх эрхтэй.

 

 

 


Г.Энх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.