ХЯНАЛТ #1 | СХД-ийн 26-р хорооны хүүхдүүд ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ боломжтой боллоо

2019/06/20
Share |
Хүмүүс:
ХЯНАЛТ #1 | СХД-ийн 26-р хорооны хүүхдүүд ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ боломжтой боллоо

Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас төрөөс сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх ажилд нэлээн анхаарч ажиллаж байна. Гэвч гүйцэтгэлийн ажлаа дуусгаагүй, тогтсон хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, чанарын шаардлага хангаагүй, зургийн дагуу гүйцэтгэл явагдаагүй гэх зэрэг шалтгааны улмаас зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил зогссон, удааширсан байдалтай байгаа юм. Энэхүү асуудалд Засгийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Сургуулийн III ээлжийг II ээлжинд шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт”-ыг дэвшүүлж, 2019-2020 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудад хэвлэл мэдээллийн оролцоотойгоор нээлттэй ХЯНАЛТ, шалгалтын ажлыг хийж эхлүүлээд байна. 

Боловсролын байгууллагуудыг хамруулах "ХЯНАЛТ" санаачилгыг “Өглөөний сонин”-ы сурвалжлах баг дэмжиж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр ашиглалтад орох болон өргөтгөл хийгдэж буй сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажилтай БСШУСЯ, СХД, Барилгын хөгжлийн төвийн холбогдох албаны хүмүүстэй хамтарч, энэ долоо хоногоос эхлэн цуврал сурвалжлага бэлтгэн хүргэх болно. 

Энэ хугацаанд нийт 26 сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцах бөгөөд өнөөдрийн дугаарт СХД-ийн 26 дугаар хороонд шинээр баригдсан 150 хүүхдийн хүчин чадалтай 263-р цэцэрлэгийн барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй  танилцсанаа онцлон хүргэж байна.


ЦЭВДЭГТЭЙ ГАЗРЫН ХӨРСИЙГ ХУУЛЖ ХАЙРГААР БИТҮҮЛСНЭЭР
150 ХҮҮХЭД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн тухайд нийслэлээс алслагдмал, хүн ам ихтэйгээс гадна дийлэнх нь амжиргааны түвшин доогуур иргэд амьдардаг учир сургууль, цэцэрлэг нэлээд дутагдалтай байдаг аж. Тус дүүрэгт цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд байдгаас 66 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаджээ. Нийслэлийн Засаг даргаас дугаараа аваад тун удаагүй 263-р цэцэрлэгийн тухайд СХД-ийн 26 дугаар хороонд байрлалтай бөгөөд барилгын ажлыг “Энэрэлт их эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэжээ. Барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, дотоод тохижилтын ажил дутуу байв. Хороонд цэцэрлэгийн насны 640 хүүхэд байдгаас 150 хүүхдийн хүчин чадалтай 263-р цэцэрлэг ашиглалтад орсноор хорооны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон тухай СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ ярьсан юм. Учир нь тус хороонд энэ онд 250 хүүхдийн хүчин чадалтай 253-р цэцэрлэг мөн ашиглалтад орсон бөгөөд ердөө 200 хүүхэд л цэцэрлэгт хамрагддаг байсан тус хорооны хүүхдүүд бүгд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болсон нь тун сайшаалтай хэрэг билээ.

“Энэрэлт их эрдэнэ” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг 2018 оны 12 дугаар сарын дундаас эхэлсэн бөгөөд байршил нь намаг ихтэй учраас суулт өгдөг, газар нь цэвдэгтэй учир суурийг хүйтний цагт тавихаас өөр аргагүйд хүрчээ. Барилгачид өвлийн дүн хүйтнээр цэцэрлэгийн барилгын ажлынхаа талыг нугалсан бөгөөд суурь тавих л хамгийн хэцүү байсан тухай ерөнхий инженер Г.Номиндарь хэлсэн юм. Аливаа барилгыг хадан болон том хэмхдэст хөрстэй газар баривал суулт өгөх зэрэг ямар нэгэн асуудал үүсдэггүй. Цэцэрлэгийн газрын хөрс намаг шавар ихтэйгээс гадна тэгш бус гадаргатай учир хоёр сар орчмыг зөвхөн хөрсөө тэгшлэх, хайргаар хучих ажилд зарцуулжээ. Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер А.Хатанболдын хэлснээр тус цэцэрлэг чанар сайтай, барилгын гүйцэтгэлийн ажил цагтаа дууссан гэлээ. 1.2 тэрбумын хөрөнгөөр босч буй цэцэрлэг ирэх намар бяцхан хүүхдүүдээ хүлээж авахад ийнхүү бэлэн болоод байна. Гүйцэтгэгч компанийн тухайд санхүүжилтийнхээ 90 хувийг авсан бөгөөд Мэргэжлийн хяналтын шалгалтын дараагаар үлдсэн 10 хувиа авах аж.

БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдоос хяналт, шалгалтын үеэр дараах тодруулгыг авлаа.

***

З.ЭНХБОЛД: СХД-Т 76 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БАРИГДАЖ БАЙНА

-СХД-ийн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж байна. Тус дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хэчнээн барилгын ажил явагдаж байна вэ?

-БСШУС-ын яамнаас хөрөнгө оруулалтынхаа ажлын явцтай тогтмол танилцаад явж байгаа. Улсын хэмжээнд явж байгаа 603 обьектын барилгыг яамныхаа газрын дарга нарт хариуцуулан ажиллаж байна. Бид одоогоор Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Тус дүүрэгт 38 байршилд хөрөнгө оруулалтын ажил яригдаж байгаа. Үүнээс 19 нь цэцэрлэг, 17 нь сургуулийн барилга баригдах юм. 2019 оны хувьд 11 байршлын хөрөнгө оруулалт шинээр хийгдэнэ. 17 сургуулиас маань зургаан сургууль нь 2020 онд, үлдсэн нь энэ ондоо ашиглалтад орно. Цэцэрлэгийн тухайд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр цэцэрлэг 2020 онд баригдаж эхлэх бол бусад нь 2019-2020 ондоо ашиглалад орчихно. Нийтдээ 2019-2020 онд СХД-т нийслэлийн 76 тэрбум төгрөгийн төсвөөр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна.

-Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй танилцуулж байгаагийн гол үр дүн нь юу вэ?

-СХД-ийн 106-р сургууль,107-р сургууль, 62-р сургуулийн өргөтгөл, 113-р цэцэрлэгийн өргөтгөл болон шинээр баригдсан 263-р цэцэрлэгийн барилгын ажлуудыг газар дээр нь үзэж танилцлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан барилгын ажлын явц, байдлыг бодитоор хүргэхийг зорилоо. Энэ нь нэг талаасаа иргэд, олон нийт маань сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд хөндлөнгөөс хяналт тавих боломжтой шүү гэдгийг харуулж байгаа юм.

-Яамнаас хяналт, шалгалтын ажлыг орон даяар явуулна гэсэн. Гүйцэтгэгч компаниуд хэрхэн хүлээж авч байна вэ?

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд ямар нэгэн байдлаар чанарын асуудал заавал яригддаг. Тиймээс барилгын чанарт хяналт тавих чиг үүрэгтэй Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажлын хэсэгтэй хамтран энэхүү хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Барилга болгоны цаана хүлээж байгаа хүүхдүүдийн төлөө, сурагчдаа гурван ээлжээс гаргахын төлөө, хүүхдүүдэд анги орчиндоо тохитой суралцах боломжийг олгохын тулд бид энэ зунжин бүх барилгад хүрч ажиллана. Барилга болгоны гүйцэтгэгч компаниудад тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажиллаж байна. Нөгөө талдаа ингэж хяналт шалгалт хийснээр барилгад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хугацаанд нь түргэн шуурхай шийдвэрлэх, барилгыг чанартай, хугацаанд нь оруулахад түлхэц болно гэж бодож байна.

-СХД-ийн тухайд 2019-2020 оны хичээлийн жил гэхэд яг хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болсон байх вэ?

-Есдүгээр сарын 1-ний байдлаар нийт ашиглалтад орох сургууль, цэцэрлэг гэж бид тусад нь гаргаж түлхүү анхаарч ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд хичээлийн шинэ жил эхлэхэд гурван ээлжгүй болгохоор төлөвлөсөн.

Хэдийгээр барьж байгаа барилгууд маань төдийлөн хүрэлцэхгүй байгаа ч гэсэн бүр боломжгүй тохиолдолд сургуулийн зориулалттай барилгуудыг түрээслэх замаар гурван ээлжээс нийт сурагчдаа гаргахын төлөө БСШУСЯ нэгдсэн удирдлагатайгаар ажиллаж байна. Үүний үр дүнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон "Сургуулийн III ээлжийг II ээлжинд шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт"-ыг энэ жилдээ багтаагаад бүрэн хэрэгжүүлэх зорилготой байна.

Энэ зорилтынхоо төлөө хэд хэдэн графиктай, хэд хэдэн ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байна. СХД-ийн тухайд нэг цэцэрлэг улсын дугаараа авсан, улсын комисс ажиллахад бэлэн болсон байна. Мөн нэг сургууль улсын дугаараа авчихсан байдалтай байна. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд улсын дугаараа авна гэдэг ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж байна гэсэн үг.

***

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГУУЛИУД
ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

БСШУС-ын яамны хэрэгжүүлж буй гол ажил нь сургуулийн гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлэх аж. СХД-ийн хувьд гурван ээлжээр хичээллэдэг таван сургууль байсан бөгөөд хоёр сургуулийн өргөтгөл энэ намар ашиглалтад орох бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг сургуулийн барилгын ажил эхэлж 2020 онд ашиглалтад орохоор болжээ. Энэ намар гэхэд гурван ээлжийн сургуульгүй болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа тухайгаа дүүргийн Боловсролын газрын дарга А.Дүүдээ хэллээ. 2017 оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль байсан бөгөөд 2018 онд шинээр 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлснээр гурван ээлжийг халах боломж бүрджээ.

Дашрамд дурдахад, боловсролын салбарт 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийхээр төсөвлөжээ. Үүнээс энэ онд улсын төсвөөр 15, гаднын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр найман сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Эх сурвалж: Zindaa.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.