Ц.Бавуудорж “Шувууг сулла”-чихаад “Зүрхэн чинадаас” иржээ

2019/07/05
Share |
Хүмүүс:
Ц.Бавуудорж “Шувууг сулла”-чихаад “Зүрхэн чинадаас” иржээ

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Шувууг сулла” үргэлжилсэн үгийн ном уншигч олныг байлдан дагуулж, улмаар “MNC” телевизийн оны шилдэг ном шалгаруулалтаас тодорч гээд яруу найрагчийг нэгэнт үргэлжилсэн үгийн талбарт ханаа шийрлэснийг уншигч олноо хүчтэйхэн дуулгасан. Тиймээс хэвлэл мэдээллээр “Ц.Бавуудорж яруу найргаасаа “урваж”, утгын чанад эрэлхийлэн, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсны нэгэн гэрч нь “Шувууг сулла” нэртэй ном юм” хэмээн онцолж байв.

Тэгвэл Төрийн шагналт Ц.Бавуудоржийн ээлжит үргэлжилсэн үгийн бүтээл болох эссе, өгүүллэгээс бүрдсэн “Зүрхэн чинадаас” нэртэй ном уншигчдын гар дээр очжээ. “Зүрхэн чинадаас” ном нь нийт 30 орчим эссе өгүүллэгээс бүрдсэн бөгөөд үүнд утга уянгын цогцол бүрджээ гэсэн дүгнэлтийг уншигч олон болон утга зохиолын хүрээнийнхэн өгөөд буй.

Тухайлбал, тус номын “Алтан хялгана минь баяртай” өгүүллэгт “Салхи бол энэхэн дэлхийн минь догдлол. Шаналал тайтгарал нь юм”  хэмээн эхэлж байгаа бөгөөд өрнөл төгсгөл гээд бүгд л яруу утгын чанад аялуулсаар дуусч байгаа нь өөрөө гайхамшиг юм. Мөнхүү “Басе”-д өгүүлэн буй “Гэнэт нэгэн гэрэлт цох бяцхан туяа цацруулсаар нисч ирээд хажуугийнх нь өвсөн дунд буув” зэрэг олон сэрэл мэдрэмж нь үйл явдалтай холбогдож байгаа нь уншигчдыг оюун санаанаас бодролд хөтлөх нэгэн шалтаг болжээ. Тиймдээ ч үргэлжилсэн үгийн зохиолд түүний яруу найргийн унаган авьяас, өнөөх л уянга утга үл харшин байгааг харж болох төдийгүй нэгэн өвөрмөц ертөнцийг бүрдүүлжээ. Уншигчид түүний үргэлжилсэн үгийн зохиолуудыг хэдийнээ “Утга уянгын жинхэнэ зохицол” хэмээн нэрийдээд амжсан нь ч санаандгүй хэрэг биш. Энэ мэтчилэн Ц.Бавуудоржийн “Зүрхэн чинадаас” сэтгэлд айлсан буй “Өвс цас”, “Энэ уулс”, “Тэнгисийн бүжиг” зэрэг олон өгүүллэгт уншигчдын тодорхойлсон “Утга уянгын жинхэнэ” зохицол сонирхолтой үйл явдалтай сүлэлдэн бий. Ямартай ч тэрбээр уншигчдын зүрхэн дэх “Шувууг сулла”-чихаад “Зүрхэн чинадаас” нисэн буй бөгөөд энэхүү даль жигүүр хэрхэн дараагийн уран бүтээлд очих бол гэдэг нь уншигчдын хүлээлт болж байгаа нь дамжиггүй.

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.