Н.Жанцанноров: Би өрөө төлж дуусахгүй л юм байна даа...

2019/07/08
Share |
Хүмүүс:
Н.Жанцанноров: Би өрөө төлж дуусахгүй л юм байна даа...

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд цол, одон, медалийг ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад хүртээлээ.

Энэ үеэр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бөгөөд Монгол улсын түүхэнд анх удаа дөрвөн Хөдөлмөрийн баатар цолтон төрсний нэг нь энэхүү хүндэт эрхэм юм. Монгол улсын соёл урлагт үнэлж баршгүй их өв бичиглэх үлдээж, мөнхөд дуурсагдах бүтээл туурвисан тэрбээр "Өнөөдөр Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа, баяр цэнгэлийн дээд болсон Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нэг зарлигаар алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол гардууллаа. Бид хоёр маш гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Хүн бол нийгмийн амьтан. Тэр утгаараа оюун санаагаараа хөтлөгдөж явдаг энэхүү салбарт ажиллаж байгаа хүмүүсээ Монголын төр ийнхүү үнэллээ.


Монголын орчин цагийн түүхэнд хоёр хөгжмийн зохиолч нэг өдөр Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан удаа байхгүй. Тэгэхээр бид хоёрын уран бүтээлийг манай иргэд, Монголын төр ижил тэнцүү үнэлдэг юм байна. Бид хоёр 1968 оноос эхлэн 51 жил нэг тогоонд буцлахдаа буцалж, хөрөхдөө хөрж, хөлдөхдөө хөлдөж явлаа. Бид хоёр дуулж хуурддаг хүмүүс биш. Тийм учраас бид хоёрыг алдаршуулж байдаг хүмүүс бол дуучид, хөгжимчид, бүжигчид, жүжигчид байдаг. Тэд маань маш олон. Тийм учраас баатрын энэхүү тэмдэгийг маш олноор үйлдвэрлэх хэцүү. Тийм учраас тэр баатруудын тэмдгийг бид хоёр зүүж байна.

 


Энэ нь хүн бол дэм дэмэндээ, дээс эрчиндээ явдаг гэдгийн нэг баталгаа. Хүний тус дэмгүйгээр хүн сайн сайхан явна гэж байхгүй. Тийм ч учраас бид хоёрын алдар гавьяатай яваа нь манай урлагийнхны ач гавьяа гэж бодож байна.

 

Нөгөө талаар шагналыг тодорхой хүний нэр дээр өгдөг боловч мөн чанартаа бүтээсэн үйлсэд нь өгч байгаа юм. Шагнал бүтээсэн үйлсэд нь өгч байгаа нь бусад хүмүүст ингэж бүтээж, хүч чадлаа гаргаж байх хэрэгтэй шүү гэдгийг уриалж байгаа уриалга байгаа юм. Тэрнээс биш бид хоёрт баатрын тэмдэг зүүгээд маргааш нь өвчин эдгэчихнэ гэж байхгүй, авьяас нь нэмэгдчихнэ ч гэж байхгүй. Хэвээрээ л байна. Даралт өгсвөл өгсөөд л. Тийм учраас бид хоёрын шагнал гэхээсээ илүү Монголчуудын өөрсдийнх нь алдар гавьяаг хэлж байгаа л хэрэг.

Би чинь хорин жил татвар төлөгчдийн мөнгөөр сургуульд сурсан хүн. Тийм учраас шагнал авах үед “Би өрөө төлж дуусахгүй л юм байна даа” гэж бодогдож байлаа. Би өртэй хэвээрээ байгаа юм байна. Чадах чинээгээрээ Монголын соёл урлаг болоод, соён гэгээрэх үйлсэд хүчин зүтгэж, нийгэмдээ идэвхтэй байж, хэл уламжлалаа хадгалж үлдэх, хамгаалахад чадлынхаа хэрээр хэлж ярьж, шүүмжлүүлж, үглэж байх болно, хэдэн нотоо бичнэ" хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. 

Түүнтэй хамт Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нар Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж түүхэнд нэрээ мөнхлөөд байна. 

 

 

Б.ШАРАВ: Монголын урлагаа улам өндөрт хөгжүүлж яваарай

Том баярын өдөр тохиож байна. Монголын үндэсний их урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим над дээр болон манай урлагт ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай хамт ажилладаг манай нөхдийн, уран бүтээлчдийн бүгдийнх нь шагнал. Дээр нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлаг, ард түмнийхээ амьдралыг тулгуурлан, тэрийгээ гол үзэл баримтлалаа болгосны маань ач буян намайг ивээлээ. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засагтаа үнэхээр их баярлаж байгаагаа хэлье. Энэ том шагнал бол миний уран бүтээл ирж байгаа, хамтарч ажилладаг нөхдөд минь ирж байгаа хөдөлмөрийн минь үнэ цэнэ гэдгийг дахин хэлье. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хүсье.

 

 

 


 

 

 

 

 


 

 

Ж.Золжаргал 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Suri Ashgui min amid seruun baihdaa gaviya shagnalaa hurtlee .Eronhiilgogch maani zov humuusee shagnalaa
IP:94.14.1.159  2019-07-08 18:51:58
Zochin Ene hun ingej helj baihad ulsiin baatar avsan BatUul General tsoltoi Manangiin Hurts ed nar yamar geech aav eejees defecttei geneesgarsan bolohooroo mani metiin engiin ard tumend tum buman gai bolj tumen amitnii hols nulimsaar hoolloj yavdiim bol?
IP:202.126.89.140  2019-07-09 12:05:34
Золя Сонсох бүрт сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр баясгалан төрүүлдэг бүтээлүүд туурвисан хүмүүс. Үйлдлээрээ үлгэр болж амьдрахад л болно доо.
IP:202.21.108.249  2019-07-09 18:25:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.