Ц.Амгаланбаатар ирж, шүүх бүрэлдэхүүн хуралдаж эхэллээ

2019/07/23
Share |
Хүмүүс:
Ц.Амгаланбаатар ирж, шүүх бүрэлдэхүүн хуралдаж эхэллээ

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2019.07.23/ 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурлыг 14:00 цаг хүртэл хойшлуулсан.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс ялтнуудыг дарамталсан гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл дөнгөж сая буюу 14:10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд  оролцуулахаар авчирсан бөгөөд хурал хаалттай үргэлжилж байна.

Шүүх хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган болон ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцож байна. 

Хурал завсарлах үеэр шүүгдэгч Б.Хурцаас хэргийн талаар тодруулахад “Ялтнуудад эрүү шүүлт тулгах даалгаврыг би өгөөгүй. Надад хамаагүй хэрэг” гэсэн. Харин шүүгдэгч Г.Эрдэнэбат“Ялтнуудыг эрүүдэн шүүсэн тухай мэдээгүй. Бид нарт мэдэх боломжгүй зүйлс гэж бий. Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ч би мэдэхгүй. Тэр бол өмгөөлөгчийн байр суурь байх” гэсэн бол шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгч Ц.Гүенбаатар "Манай үйлчлүүлэгчийг 2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Хорьж байх хугацаандаа эрүүдэн шүүсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн бол цагдан хорьсон нь ч бас хууль бус гэсэн үг. Мөрдөн байцаах алба болон прокурорын зүгээс Б.Булганыг хохирогчоор оролцуулах санал гаргасан юм билээ. Үүний дагуу хохирогчоор оролцож байна” гэж байр сууриа илэрхийлсэн билээ. 


Б.ХУРЦ НАРЫГ ШАЛГАЖ БАЙГАА ЗҮЙЛ АНГИ

133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.