ШИНЭ ДҮРЭМ: Торгуультай машиныг хотын төвөөр зорчуулахгүй

2019/07/23
Share |
Хүмүүс:
ШИНЭ ДҮРЭМ: Торгуультай машиныг хотын төвөөр зорчуулахгүй

Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах болсон талаар өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ. Шинэ дүрмийг наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ. 

Нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд хуваах аж.

 

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд МУБИС-иас "Цэцэг" төвийн уулзвар, "Шангри Ла" зочид буудлаас Бага тойруу хүрэх хэсгийг,
  • В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг,
  • С бүс нь дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамарна. 

Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин хотын захын хэсэг буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна. 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн. Өмнө нь дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрлээ. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг ийм байдлаар зохицуулна" гэлээ. 

Түүнчлэн шинэ дүрмийн хүрээнд орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгох зохицуулалтыг хийж байгаа аж. Үүнийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ. 

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мөн "Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 автомашины төлбөртэй зогсоол зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.  А бүсийн хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явуулах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын газрын дарга н.Одбаяр "Жилд нийслэлд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсоэ. Автомашинаас ялгарах хорт утаа буурах гэх мэт нийгмийн эерэг талууд ч бий. Бид олон талаас нь судалсан тул өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. 550 мянган тээврийн хэрэгсэлтэй болчихсон тул ямар нэг алхам хийх хэрэгтэй болсон. Үгүй бол 0 зогсолт хийхэд хүрнэ. Жолооч бүрийн туулах замыг ч богиносгоно. Нэг амьсгаагаар түгжрэлийг бууруулахгүй тул хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх алхам нь энэ юм. Торгуультай, тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй гэх мэт зөрчилтэй бол тухайн машинд энэ мэдээллийг агуулсан наалт наана. Ийм л зардал гарч байгаа юм" гэлээ.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ БАЙДЛААР ЗОХИЦУУЛНА 

Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй, хурдан, цэвэрхэн, аюулгүй байх ёстой учир  энэхүү шаардлагыг нийтийн тээврийн компаниудад тавих юм байна. Дугуйн замыг нэмж, Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалаг системтэй болгох, аль талд их машин байна тэнд ногоон гэрэл удаан асах гэх мэт зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Нийслэлд босоо болон хөндлөн тэнхлэгт экспресс буюу шуурхай автобус үйлчлэх юм. Мөн арав орчим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна. Туршилтын ажиллагаа эхэлсэн явж байгаа талаар мөн хэллээ. 

Төгсгөлд нь тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Бүсчлэл мөрдсөнөөр түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

-Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

-Энэ ажлыг төлөвлөхдөө иргэдээс санал авсан уу?

-Жолооч, иргэдээс санал асуухад 70 орчим хувь нь дэмжсэн. 30 хувь нь ямар нэгэн байдлаар эргэлзэж байна гэсэн. 

-Машин нэвтрүүлэхэд тодорхой шаардлага тавина гэсэн. Тэгэхээр машин бүрийг шалгаж оруулах уу?

-Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг тодруулахад, торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна.

-А бүсэд зөвхөн дарга нарын машин л нэвтрэх юм биш үү?

-Бүх машин ижил түвшнийх байна. Зогсоол дээр бүгд зохих төлбөрөө л төлнө. Жирийн иргэн, дарга гэж ялгахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой автомашин, шуурхай албаны машин бүсчлэлийн хязгаарт үл хамаарна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
бослогондоо гарцгаая.
IP:202.131.227.178  2019-07-23 16:24:44
Huz Shar zuraas Bas 20-30huvi buursan bhdaa haha
IP:64.119.18.240  2019-07-24 09:22:57
gulug xa xa bidniig agaart garsan hoiguur hen iim huil durem batalchbaa hutsandaa bi yamarch tatvar tuluugui yadiin ene bol hogiin durem bn jagsya
IP:180.149.98.106  2019-07-24 10:28:47
самбуу энэ сданууд юу яриад бна
IP:103.111.68.50  2019-07-24 14:16:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.