Ипотекийн зээлд орох боломжгүй өрхийг орон сууцжуулах “Түмний гэр” төсөл эхэллээ

2019/07/24
Share |
Хүмүүс:
Ипотекийн зээлд орох боломжгүй өрхийг орон сууцжуулах “Түмний гэр” төсөл эхэллээ

Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг эхлүүлж байгаа талаар төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат, Төслийн удирдагч Ж.Бүрэнбаяр, Хүний нөөцийн менежер Б.Бямбазаяа нар мэдээлэл хийлээ.  “Түмний байр” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол хамгийн ихтэй бүсийн гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцтай болгоход бодит дэмжлэг үзүүлж, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах боломжийг дээшлүүлэх, ажлын байраар хангах гэх мэт олон үр дүн хүлээж буй юм.


Төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн захирал С.Мөнхбат “Түмний байр” төслийг анх 2015 онд санаачлан, тодорхой үе шаттай судалгааг явуулж, өнөөдөр ийн хэрэгжиж эхлэхэд бэлэн болгосон талаар ярьж байв.

Төслийн судалгааны хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй гурван дүүрэгт, нийт 1700 айл өрхийг хамруулан судалгаа явуулсан бөгөөд ингэхдээ иргэдийн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт, боломж нөхцөл болон агаарын бохирдлын хэмжээний талаарх нарийвчилсан судалгаа, улс нийгмийн эдийн засгийн байдлын судалгаа, агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа, ипотекийн зээлийн үзүүлэлтийн талаарх судалгаа зэргийг өргөн цар хүрээнд хийжээ.

Судалгааны явцад гэр хороололд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байдаг ч урьдчилгаа мөнгийг бүрдүүлж чаддаггүй, цаашлаад зээлийн эргэн төлөлтийг шалгуурыг хангаж чаддаггүй нь нийтлэг байжээ. Мөн тухайн бүсэд амьдралын түвшин нэн тааруу, агаарын бохирдол, хорт утаа зэргээс иргэд, хүүхдүүдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байсан нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тиймээс “Түмний байр” төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах нэн хүсэл, тэмүүлэлтэй, ажил хийж, орлогоороо зээлийн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгон урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, банкны шалгуурт баталгаа гаргахаар болжээ. Мөн зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг томоохон компаниудад ажлын байраар хангах боломжийг ч олгох юм байна. Ингэснээр иргэдэд бэлэн байр, эсвэл мөнгө тараах бус ажил хийж, олсон орлогоороо орон сууцтай болох боломжийг бодитоор бүрдүүлж чадна гэж төсөл санаачлагч үзжээ.  

Мөн төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлд олноор баригдсан ч худалдан авалтгүй байгаа шинэ орон сууцнуудыг эргэлтэд оруулах, ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, иргэдийн ажил хийх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх олон давуу тал бий юм.

“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат “Бөөр таллаад, хагас аяга будаа, чимх давс граммаар аваад найман хүнтэй өрхийг хооллон амьдарч байгаа олон хүмүүс бий. Гэр хорооллын дэлгүүрүүд “Атар” талхыг 6 хуваагаад, нэг нэг хэсгээр нь зарж байгаа. Түүнээс нь мөнгөө тоолон байж хоёрыг худалдан авч байгаа аав, ээж хоёр “Хүүгийнхээ төрсөн өдрөөр масло авч өгч тансаглуулъя даа” гэж ярьж байхыг би чихээрээ сонсож явлаа. Энэ хүмүүс хөдөлмөрлөх, ажиллах, сайхан нөхцөлд амьдрах хүсэлтэй ч ипотекийн зээлийн шалгуурт тэнцэж чаддаггүй. Яагаад гэвэл эргэн төлөлт хийх орлого нь хүрдэггүй, банкны тэр олон шалгуурт тэнцдэггүй. Урьдчилгаандаа өгөх 30 хувийг барахгүй ч бага квадраттай байрны 20 хувийг гаргачихаж чаддаг юм. Тиймээс энэ хүмүүсийг ажилтай, орлоготой байлгаад өгвөл, урьдчилгаанд нь дэмжлэг үзүүлчихвэл нэг ч гэсэн айл утаатай орчноосоо салж, орон сууцанд амьдрах боломжтой болно. Цаашлаад ажиллах, хөдөлмөр чин хүсэл эрмэлзлэлтэй болно, утга учиртай, зорилготой болно гэж л төслийнхөө үр дүнг харж байна” хэмээв.

Мөн тэрбээр энэхүү төслийн эхний дэмжлэгийг олгох хүнийг сонгосон бөгөөд багшаар ажилладаг ч амьдралын боломж тун тааруу нэгэн эмэгтэйн гэр бүл тун удахгүй байрандаа орох гэж байгаа талаар ярьлаа. Төсөлд хамрагдах хүн нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх, өөрийн нэр дээр орон сууцгүй байх, хамрагдах орон сууцныхаа 20 хувийг бүрдүүлсэн байхад л иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх боломжтой гэв. Хамгийн гол нь тухайн хүний амьдрах орчин, ажил хийж, орлоготой байж, орлогоороо зээлээ төлөөд явах чин эрмэлзлэлтэй байх зэрэг тухайлсан судалгааг хийнэ гэдгийг онцолж байсан юм.

Өөрсдийн санаачилсан энэхүү төслөөр “Ханан Шишгэд” ХХК мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бодитоор иргэдийн амьдралд дэмжлэг, нөлөө болох ажил өрнүүлэхийг уриалж байгаа юм. Түүнчлэн барилгын компаниудыг хамтарч ажиллан, орон сууцаа эргэлтэд оруулахыг уриаллаа.  

"Түмний гэр" төсөлтэй холбоо барихын хүсвэл 77770711, 88113876 дугаарт хандах боломжтой юм байна. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.