Хүмүүс: |
Тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь шүүхээр тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын шившигтэй үйлдэл ил болсноор Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүнд шавхайтай хутгалдана гээч болж байна.
Оймсноосоо хүртэл боодол доллар гаргаж ирсэн Н.Баярсайханд шүүхээс 40 сая төгрөгийн торгууль тавьж, төрийн албанд хэсэг хугацаанд ажиллахгүй байх “чөлөө” олгосон нь хачирхалтай.
Хэргийн эзэн Н.Баярсайхан гэгч нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орсон бөгөөд HiFi Records дэлгүүрийн эзэн байсан гэх.
Н.Баярсайхан нь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих ажлыг хариуцдаг хэлтсийн дарга байсан бөгөөд өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд иргэд, ААН-үүд авлига өгч, богино хугацаанд хил нэвтрэх бичиг авдаг байсан бололтой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулах замаар авлига авч байсан нь ийн олны өмнө ил боллоо.
Түүний авлигын хэмжээ нэг байгууллагаас хамгийн багадаа гурван сая төгрөг авдаг байсан ба авлигын мөнгийг доллар эсвэл юань байхыг шаардаж, төгрөг байгаа тохиолдолд буцаадаг байсныг мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлсэн гэх мэдээлэл гарч эхэлжээ.
Тэр байтугай олон нийтийн сүлжээнд “Хилийн хорио цээрийн хурган даргад тэрбумын (мэдэгдэж байгаа нь) авилга өгөхийн тулд дор хаяж 10-15 тэрбумын бараа аргадуулсан гэсэн үг! Зүгээр л энгийнээр бодоход 15 тэрбумын хүнс гэдэг бол нэг байтугай хэсэг компанийн импортод ч ахадна. Маш олон төрлийн хүнс (Хорио цээр хүнсэнд голдуу хамаарна) маш аюултайгаар импортлогдсон гэсэн үг. Энэ бол зүгээр л маазраад оймс, зуутын багц ногоон, пүү паа болоод өнгөрөх хоёр хоногийн шуугиан биш! Иргэдийн амьд явах эрхийг ноцтой зөрчсөн, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн маш ноцтой БҮЛЭГ үйлдэл гэж харж байна. Хэргийг эргэн сэргээж, оролцсон, хуйвалдсан, хууль гаргаж, хэргийг хаасан бүх албан тушаалтныг олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, дахин төрд ажиллахгүй байх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ талаар эргээд иргэдэд мэдэгдэхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шаардаж байна” гэсэн сэтгэгдэл, санаачилга, дүгнэлтүүд сошиал орчинд тарж эхэлжээ.
Үнэхээр бид нэг хүний оймсонд байдаг мөнгөөр чанарын шаардлага хангаагүй хүнс идэж, хордсоор байдаг гэж үү?
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах энэ сэдвийг иргэд анхаарлаасаа гаргахыг хүсэхгүй байна.