Тостын нурууг шалгасан Өмнөговийн оймсчдоос авлига үнэртээд эхэллээ!

2019/08/08
Share |
Хүмүүс:
Тостын нурууг шалгасан Өмнөговийн оймсчдоос авлига үнэртээд эхэллээ!

Тийм ээ. Та буруу сонсоогүй. Төрийн хяналтаа оймсондоо нуусан Мэргэжлийн хяналтынхан Тостын нуруунд хууль зайдалж байгаа компанийг тоолгүй өнгөрөхөөр шийдчихэж. Дөнгөж дөрөвхөн сарын өмнө “Баянтэс”-ийн уурхайд “Сауд Гобикоалтранс” компани усны зөвшөөрөл аваагүй, уулын ажлын төлөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулаагүй зэрэг ноцтой 30 гаруй зөрчилтэй байна гэж үзэж байсан Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус компанийг заагдсан хугацаанд үүрэг даалгавраа биелүүлсэн, төрийн хуулийг чандлан сахиж байгаа гэх үндэслэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзжээ. Тийм ээ. Эрхэм уншигч та буруу хараагүй. Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн нүцгэн үнэн. Чухамдаа хяналт шалгалт яаж явагдсан, зөрчсөн 31 заалтаа хэрхэн яаж биелүүлсэн тухай жирийн иргэдэд нэг ч тайлан мэдээлээгүй атлаа хууль зөрчсөн гэж үзэж байсан компаниа өмгөөлөн хамгаалаад эхэллээ. Төрийн төмөр нүүр байгаль эхийн бэлэг болсон Тостын нуруу руу харах байсан гэж үү? Гэлээ гэхдээ бүр оймсондоо хяналтаа чихчихсэн Мэргэжлийн хяналтынхан ингэж дүгнэх байсан гэж үү?

 

 

Таны харж буй энэ албан бичиг бол Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Д.Мөнхтулгын гарын үсэгтэй албан бичиг. Уг албан бичигт дурдсанаар “Сауд гобикоалтранс” компани даалгавраа сайн биелүүлжээ. Зөрчлөө ч арилгаж. “Тус компани нь албан шаардлагын хариуг хугацаандаа 88 хувьтай биелснээр хариу ирүүлсэн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагчид биелэлтийг шалгаж 67.6 хувьтай биелсэн байна” гэж дурджээ.  Гайхалтай байгаа биз. Та боддоо “10 айл ухсан гэмт этгээдийг та хоёр айлаас эд зүйлийг нь дутуу авсан байна. Одоо гар гар” гэж байгаа цагдаатай адилхан биш гэж үү?



 

 

 


 

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан зөрчлийг арилгуулах талаар ямар ажил хийсэн, Мэргэжлийн хяналтын байгууллагын оролцооны талаар нээлттэй мэдээлэл хүргэх, Улсын байцаагчийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлэлгүй удаа дараалан зөрчсөөр байгаа “Баянтэс”-ийн уурхайг бүхэлд нь зогсоох шаардлагыг хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад төрийн хяналтыг тавих ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага ийм цаас шидээд сууж байна.

Гааль, хорио цээрийн газрын хурган дарга оймсондоо хэдэн мянган доллар нуусан хоёр жилийн өмнөх бичлэг ил болсны дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагыг хийсэн шалгалтын тайлан, арилгасан зөрчлийнхөө тухай мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх тухай анхааруулаад удаагүй байна. Улсын сайд хүний анхааруулгыг үл умартан түр хугацаанд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалаад шалгалтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадахгүй болсны илрэл үү, аль эсвэл дөрвөн сарын өмнөх байр сууриасаа Мэргэжлийн хяналтын газрынхан өөрсдөө ухарч байгаа хэрэг үү?

Цаг хугацааны хүрдийг дөрвөн сарын өмнөх рүү ухрааж, тухайн цаг үед юу болж байсныг эргэн санацгаая. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-ны өдөр. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 онд төлөвлөгөөт шалгалт хийв. Уг шалгалтаар геологи уул уурхай, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, авто тээвэр болон авто замын хяналтын чиглэлээр холбогдох хууль, журам, стандарт шаардлагыг зөрчсөн 31 төрийн зөрчил илрүүлж, үүнийг нь баримтаар нотолсон байдаг. Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/105 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага хүргүүлж, зургаадугаар сарын 20-ний дотор хариу ирүүлэх хугацаат үүрэг өгсөн юм. Та бүхэн санаж байгаа бол манай сурвалжлах баг зургаадугаар сард Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших “Баянтэс”-ийн уурхайтай танилцахад албан шаардлагын хариуг ирүүлээгүй гэж муухай царайлж байлаа. Энэ бол хоёр жилийн өмнөх бус хоёрхон сарын өмнө болж байсан үйл явдал.

Улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан зөрчлүүдийн хэмжээ А4-ийн цаасаар найман хуудас болсон байдаг. Найман хуудсаар хэмжигдэх 31 төрлийн зөрчлүүдээс Зөвхөн уулын ажлын зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь л “Баянтэс”-ийн уурхайг хаах бүрэн үндэслэл болох юм.

Уулын ажлын батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх /Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана/ гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн Уул уурхайн график зураг, бичиг бариимтыг стандартын дагуу гүйцэтгээгүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Уул уурхайн наад захын зөвшөөрлөө аваагүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөөгүй, аюултай, химийн хог хаягдлаа хэрхэн ангилан ялгахаа шийдээгүй, усны төлбөрөө төлөөгүйгээр барахгүй холбогдох бичиг баримтаа аваагүй энэ компани одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Хууль бус, олон зөрчилтэй гэдгийг мэдсээр байж дөрвөн сарын өмнөх байр сууриасаа ухран, зөрчлөө арилгасан “супер” компани гэж “Сауд гобикоалтранс”-ыг өргөмжилж байна, Мэргэжлийн хяналтынхан. Хуулиар заагдсан эрх хэмжээ нь тодорхой, сахилга, хариуцлага тогтоож, хяналт тавих чиг үүрэгтэй энэ байгууллага эрх хэмжээнээсээ ийнхүү ухарлаа гэж үү? Хэрэв үнэхээр “Сауд гобикоалтранс” компани гаргасан нэг бус нэжгээд зөрчлийнхөө 60-аас илүү хувийг арилгасан бол үлдсэн 20 гаруй хувь нь яасан болж таарах вэ? 10 гаруй зөрчил юман чинээ бодох ёсгүй байх ёстой зөрчил гэж үү? Уул уурхайн ямар ч компани 1-5 зөрчил гаргасан байхад л үйл ажиллагааг нь зогсоох бүрэн боломжтой. Учир нь хэзээ ч нөхөн төлжихгүй экосистемийг түшиглэсэн байгаль эхийн хэвлийг ухаж байгаа учраас энгийн зөрчил ч үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл болдог. Тэгвэл “Сауд гобикоалтранс” 31 зөрчил гаргаад 20-ийг нь арилгаад 10 зөрчилтэй үлдэх дархан эрхтэй компани уу?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “А/3678” тоот тушаалаар “Баянтэс”-ийн уурхайн нөхцөл байдлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдаад, одоо ажиллаж байгаа. Энэ сайн хэрэг. Төрийн нуруун дээр зайдлан Тостын нуруунд дураа тарвалзаж буй хуулиас “том” компанийн эрх сүрийг дарна гэдэг утгаараа нутгийн зон олон ч, Монголоо гэх сэтгэл зүрхтэй жирийн иргэд ч итгэж байсан. Одоо ч итгэсээр байгаа. Төрийн нэрийг барин мөнгөжсөн хяналтынхан юу ч гэж байсан энэ итгэл хэзээ ч цөхрөхгүй. Цөхрөхгүй гэдгийг Тостын нурууны төлөө амьдарсаар яваад эмгэнэлтэй дууссан байгаль хамгаалагч Д.Лхагвасүмбэрэлийн замнал бэлхнээ харуулна...

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.