Д.Энхбат: Уул уурхайн сайдыг огцрохыг шаардаж байна

2019/08/09
Share |
Хүмүүс:
Д.Энхбат: Уул уурхайн сайдыг огцрохыг шаардаж байна

"Тост, Тост бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат "Тост, Тосон бумбыг хамгаалах тэмцлийн утга учир" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Өнөөдрийн  хэлэлцүүлэгт алс хол газраас хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Тост, Тосон бумбын нуруугаа аварч үлдээх үү, алдаж асгах уу гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ямар арга зам байна, ямар асуудал үүсээд байгаа талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. Ирвэс болон бусад ховордсон амьтдын өлгий нутаг болсон гайхамшигтай сайхан энэ уул нуруу Монгол Улсын баатар, эх оронч Чүлтэмбэйсийн нутаг. Миний нагац өвөг дээдсийн өлгий нутаг. Ээжийн маань төрсөн нутаг байгаа юм. Тосон бумбын ай сав газар нь байгалийн үзэсгэлэн төгөлдөр, түүх соёлын дурсгалт газрууд ихтэй, аялал жуулчлалыг хөгжүүлмээр, үзүүлж харуулмаар ховордсон ан амьтадтай нутаг. Дэлхийн байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар онгон дагшин байдлаа хадгалж байгаа цөөхөн уул нуруудын нэг. Мал ахуйгаа өсгөж үржүүлэхэд таатай газар нутаг. Энэ сайхан газар нутгийг хамгаалахаар эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэл зүтгэж байсныг та бид мэднэ. Хөвсгөл далайн эрэг дээр өссөн тэр хүү Тост, Тосон бумбын нуруу, тэнд байгаа амьтдыг хамгаалж, судлахад маш их зүтгэл гаргаж байсан, эх оронч үзэлтэй хүү байлаа.

 


Бэрд шиг шуналтай, ханаж цаддаггүй хүмүүс олон болжээ. 

“Байгаль хамгаалал бол тухайн нутгийн ард иргэдийн оролцоотойгоор нутгийг нийтэд нь хамгаалахыг хэлнэ” гэж хэлсэн Т.Лхагвасүмбэрэл агсны үгийг сануулъя. Тэр ийм эх оронч, хатуу байр суурьтай хүн байсан. Эх оронч, байгаль хамгаалагч, биологич хүүгийн амьдрал, тэмцэл, амьсгал хураасан мөчийг Монголын ард түмэн мартах ёсгүй. Эх орончдоо хамгаалж байх ёстой, өмгөөлж байх ёстой. Талийгаачийг нас барсан үед цагдаагийн байгууллагууд араас нь явж, ар гэрт нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. Түүний үхлийг гаднын нөлөөгүй, амиа хорлосон байна гэж хэлж байсан. Дараа нь ажил хэрэг, зүтгэл рүү нь нулимж, амьсгал хураасан хойно нь ч нэр хүндийг нь гутааж, дахин хөнөөсөн. Энэ хүүгийн учир битүүлгээр амиа алдсан сэжигтэй хэргийг сэргээн шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтоож, хуулийн цээрлэл үзүүлэх ёстой гэж бид үзэж байна. Эх оронч хүүгийн амины үнээр Тосон бумбын нуруу хавийн газар нутгийг хамгаалалтад авахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Өвлийн хүйтэн цагт эмэгтэй гишүүд голдуу хүмүүс очиж ажиллан, нутгийн иргэдийн саналыг сонсож, бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй гэж үзсэн. Энэ ажлыг удирдаж, сэтгэл зүтгэл гаргасан Ц.Оюунгэрэлдээ өмнөговьчууд, иргэний нийгмийн байгууллагынхан баярлаж явдаг. 

Бид шат шатны хуулийн байгууллагаар явж байна. Асуудалд эрүү үүсгэн, шалгагдана гэж бид бодож байна. Зааланд сууж байгаа ихэнх хүмүүс орон нутагт болсон өмнөх нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. Буруу шийдвэр гаргасан нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцно гэж амлаж байсан. Одоо Тосон бумбын нурууны гол горхи алга болсон байгаа. Бүйлсэн ой үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөнд өртөж, маш олон мод, бут сүйдсэн. Ганцхан жишээ хэлье. 2019 тавдугаар сарын 19-нд биднийг тэнд ажиллаж байхад Билүүтийн шанд гэдэг газрын горхины ундарга нь байхгүй болсон байсан. Уурхайн үйлдвэрлэл энэ хавийн газар нутгийн судсыг тасалж байна. Мал ахуйгаа дагаж амьдардаг монголчуудын амьдрал сүйрч байна. Уул уурхайн үйлдвэрлэл өнөөдөр судсыг нь тасалж, зүрхийг нь шивж байна. Маш олон булаг шандтай баян бүрдэд “Сауд гоби коэл транс” компани хууль зөрчсөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсээр байна. 

Тост, Тосон бумбын нурууг стратегийн ач холбогдолтой ордын ангилалд оруулж байгаад ухна гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тосон бумбад нөлөөлөх хуулийн хулгайг нь салбарын сайд оролцож, хийсэн. Тиймээс бид Монгол Улсын хууль зөрчсөн, эх орныхоо эсрэг үзэл бодолтой уул уурхайн сайдыг огцруулъя гэсэн санал тавьж байна. Огцрохыг шаардаж байна. Уул усаа сүйдэлж байгаа дампуу уул уурхайн салбарыг цэгцлэх цаг болсон. 

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт амжилт хүсье.

"Тост, Тосон бумба" хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз шууд дамжуулж байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.