Б.Дэжид: ”Сауд гоби коал транс” олон бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн нь нотлогддог

2019/08/09
Share |
Хүмүүс:
Б.Дэжид: ”Сауд гоби коал транс” олон бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн нь нотлогддог

Төрийн ордонд “Тост, Тосон бумба” Үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Үндэсний хэлэлцүүлэгт Гурван тэс сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ыг үндэслэгч Б.Дэжид "Сауд гоби коал транс" компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Тост, тосон бумбын нурууг орон нутгийн болон Улсын тусгай хэрэгцээнд авах үйл явцын талаар илтгэл тавьсан юм. Уг илтгэлийн товч агуулгыг та бүхэнд хүргэж байна.


“УУГУУЛ ХӨДӨЛГӨӨН” ТББ-ЫГ ҮНДЭСЛЭГЧ Б.ДЭЖИД


-Миний хувьд 2005 онд “Уугуул хөдөлгөөн”-ийг байгуулсан. Улмаар Удирдах зөвлөлд орж ажилласан юм. Үндсэндээ 14 жил Тост, Тосон бумын төлөө тэмцлээ эхлүүлсэн. Анх 2009 онд Тост багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан байдаг. Улмаар 2010 онд Гурван тэс сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Гурван тэсийн Иргэдийн нийтийн хурлын 7/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан юм.

Улмаар Улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын гишүүдэд тогтоолын төсөл хүргүүлэхэд гарын үсэг зурж тэмцэх гишүүн бараг олдоогүй. Тухайн үед Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд гарын үсэг зурж байсан. Бидний зүгээс 896527,44 га газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал гаргаж, УИХ-д өргөн барьсан байдаг. 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд зарим газар нутгийг хамгаалалтад авах УИХ-ын 35-р тогтоол гарсан юм. Сонгууль болоод хилийн цэсийг тогтоож чадаагүй. Дараа жил нь буюу 2017 оны гуравдугаар сарын 15-д 91 дүгээр тогтоол гарсан 153 мянган га талбайг хасаад 734 мянган гаг тусгай хамгаалалтад авсан. Гадна гарсан талбай гадна үлдсэн байдаг. Одоо маргаан үүсгээд байгаа нь хасаж тооцсон 134 мянган га газар юм.

 


Тостыг хамгаалах ёстой гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч байгаа. "Ирвэс хамгаалах сан"-гийн захирал А.Баяржаргалыг Голдменийн шагналаар шагнасан нь үүний томоохон гэрч юм. Тост, Тосон бумбыг бүх ай саваар нь хамгаалалтад авах ёстой гэдгийг олон улсаас сануулж байгаа юм. Түүнчлэн Л.Сүрэнхүү олон улсын байгаль хамгаалагч гэх цолтой болсон. "Сауд гоби коал транс" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хууль бус гэдэг нь нотлогддог. Анх "Айвенхоу Майнз"-д тусгай зөвшөөрөл олгогдсон. "SGS" гэдэг охин компанид Гурван тэсийн бүх лицензийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ хугацаа нь дууссан лицензийг хууль бусаар сунгаад зарчихсан юм. Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөгөөр хахуульдаж, энэ лиценз олгогдсон байдаг. Байгаль орчны ерөнхий үнэлгээг хууль бусаар гаргасан. Байгаль орчны ерөнхий үнэлгээг баталж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Зайлшгүй сумын Засаг даргаас санал авах ёстой. Гэтэл үнэн хэрэгтээ ЗДТГ-аас лавлагаа авахад ердөө дэмжсэн санал аваагүй гэдэг нь баримтаар нотлогдсон. Компанийн зүгээс дэмжсэн санал авсан гэж мэдэгддэг. Нарийвчилсан үнэлгээг хийхдээ ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байдаг. Багийн Засаг дарга хийгээгүй хурлыг хийсэн мэт болгож, албан бичиг гаргасан. Цагдаагийн шалгалтаар хуурамч гэдэг нь нотлогдсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хуурамч бичиг баримтыг цуцлуулах хүсэлт гаргасан ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй учраас үнэлгээг цуцалж болохгүй гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдсэн. Энэ асуудал анхаарал татаж байгаа.

Археологийн үнэлгээг уул уурхайн компани заавал хийх ёстой. Гэтэл "Сауд гоби коал транс" археологийн хайгуул хийгээгүй гэдэг нь Соёлын өвийн төвийн архиваас гарч ирээгүй. Энэ бүхэн ердөө бидний буруу юм байна. Буруу хүмүүсээ сонгуулиар сонгочихож. Гэтэл манайхаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүн биднийг баахан загнаж байгаад явсан. Энэ асуудлаар хүсэлт тавихад авч хэлэлцээгүй. Цаашид бид иргэдийг төлөөлөх гишүүдээ зөв сонгох ёстой юм байна гэдгийг хатуу ойлгож байна. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.