Ц.Оюунгэрэл: Б.Чойжилсүрэн чи уучлалт гуйгаад, зөвшөөрлөө татаж ав

2019/08/09
Share |
Хүмүүс:
Ц.Оюунгэрэл: Б.Чойжилсүрэн чи уучлалт гуйгаад, зөвшөөрлөө татаж ав

"Тост, Тост бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан УИХ, Засгийн газрын тогтоолууд, хилийн заагийг тогтоосон талаар илтгэл тавилаа.


Тэрбээр “Цаг бага байгаа болохоор би та бүхэндээ товчхон танилцуулга хийе. Илтгэгч нар маань маш сайхан, дэлгэрэнгүй ярилаа, зураг харууллаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бид хоёр санаачлаад 2016 оны нэгдүгээр сарын 24-25-нд Гурван тэс суманд ажиллаж, иргэдтэй уулзаж, нутаг орноор нь явж байсан. Тухайн үед мөсөн дороос ногоон ургамал ургасан, оргилсон булаг дээр очиход нутгийн иргэд байдал хэцүү байгааг хэлж байсан. “Уурхайн үйл ажиллагаанаас болж устай цэгүүдийн нөөц үлэмж хэмжээгээр багасаж, хатаж ширгэнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэ бол аман яриа биш. Засгийн газарт байгаа албан бичгийн тайлбар. Түүнээс бид нарын амаараа яриад байгаа зүйл биш. Говийн нэн ховор ургамал, ан амьтдыг тэжээж байгаа ховорхон усыг аварч үлдэхийн төлөө арга хэмжээ авах хэрэгтэй.

Яагаад “Сауд гоби коэл транс” компани руу дайрч давшлаад байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг.

 


Нутгийн иргэд гол горхи ширгэчихлээ, үлдсэн цөөхнийг нь аварч өгөөч гэж бид нарт ханддаг юм. Биднийг Гурван тэс суманд очиход маш олон хар сүүлт, янгир давхилдаж байсан. Харин иргэд тэднийг Ноён уулаас нүүж ирсэн, уурхайнууд бэлчээрийг нь эзэлсэн болохоор эцсийн найдвараа тээж, энд нутаглаад байж байгаа гэж ярьсан. Өөр ус байхгүй гэсэн мэдээллийг нутгийнхан өгч байсан. Нутгийнхны амаар өгч байсан мэдээлэл, шинжлэх ухааныхны цаасан дээр тавьсан мэдээлэл хоёр хоорондоо яв цав таардаг. Харин энэ мэдээлэл дундаас хараат бус байдлаар УИХ-ын гишүүд мэдээлэл олж, тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолыг товч уншиж өгье. “Монгол Улсын УИХ-ын тогтоол. Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай. 1. Байгаль орчны тэнцвэрт байдал, унаган төрх, устаж аюулд орж буй амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсугай. УИХ-ын дарга З.Энхболд” гэсэн тогтоол батлагдсан байдаг юм. Бидний өргөн барьсан тайлбар олон хуудас байсан.

УИХ тогтоол гаргахдаа Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангилалд оруулсан. Дархан цаазат газар гэчихвэл малчид малаа маллаж, ногоочид ногоогоо тарьж чадахгүй. УИХ-ын тогтоолыг сонсоход тогтоол гаргах хамгийн эхний үндэслэл нь байгалийн унаган төрхийг хамгаалах зорилгыг нэгдүгээрт тавьсан байсан.

“Сауд гоби коэл транс” компанийн лицензийг цуцлах бүрэн үндэслэл байгаа. Энэ бол хуулийн дагуу үйлдэл. “Сауд гоби коэл транс” гэж компани нэлээд олон хууль, дүрэм зөрчсөн. УИХ-ын тогтоол биелэгдэж байхад яагаад ганцхан компанийн лиценз үлдээд, ганцхан компанийн ашиглалт зөвшөөрөгдөөд явчихав аа гэсэн гайхширал байна. Тэр компани ганцхан өдрийн дотор үнэт цаасаа хэвлүүдээд, А зөвшөөрөл авснаас харахад улс төр яримааргүй байсан ч улс төр яригдаж эхэлж байгаа юм. Тост, Тосон бумбын нуруу улс төрийн сонгуулийн хандивт явчихсан байж магадгүй.

Б.Чойжилсүрэн эрх мэдэлтэй буюу Сангийн сайд байх үедээ өөрийнхөө сонирхолд байгаа талбайгаа тусгай хамгаалалттай талбайгаас гаргаж авсан байна. Сонирхлын зөрчилтэй уурхайг бид зөвшөөрөх юм бол цаашдаа яах билээ.

Уучлаарай Б.Чойжилсүрэн, чи алдаа гаргажээ. Чи уучлалт гуйгаад, зөвшөөрлөө татаж ав. Монголын төрөөс чи юу ч олж авах хууль зүйн үндэслэлгүй юм байна. Газар нутаг, энэ их уснаас хороож байх хууль зүйн үнлдэслэл чамд алга. Монгол хүн монгол хүндээ, монгол нутагтаа хайртай. Эх нутгийнхаа төлөө энэ төслөөс татгалзаж, буян болооч ээ гэж хэлмээр байна.

"Тост, Тосон бумба" хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз шууд дамжуулж байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.