20 саяын ялагч буюу шинэ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

2019/08/26
Share |
Хүмүүс:
20 саяын ялагч буюу шинэ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /2019.08.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө.

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах захирамж гарсны дагуу шилдэг бүтээлүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

 

 

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байгаа бөгөөд 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй байх юм. Мөн үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллаж байхаар төлөвлөсөн.

Байршлын хувьд ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж, 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар зорьж байгаа.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.