”Тайзан дээр өөрийгөө бүрэн илэрхийлж чадах хэнд ч ГОЁЛ НААДАМ нээлттэй”

2019/11/21
Share |
Хүмүүс:
”Тайзан дээр өөрийгөө бүрэн илэрхийлж чадах хэнд ч ГОЁЛ НААДАМ нээлттэй”

Жил бүрийн он гарахын өмнө болдог хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бол яах аргагүй "ГОЁЛ" наадам. 32 дахь удаагийн "Гоёл" наадам арваннэгдүгаар сарын 30-нд болох гэж байна. Тус наадмыг Монголын дизайнеруудын холбоо зохион байгуулдаг.  Жил ирэх тусам  чанаржиж, хүрээгээ тэлж буй наадмын талаар "Гоёл 2019"-ын топ модел Н.Сарнай, "Гоёл 2016"-ын дэд байрын шагналт, загвар өмсөгч А.Сайхантамир нарын ярилцлагыг хүргэж байна. 


-Олон жил дараалан оролцсон моделуудын хувьд "Гоёл" наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Н.С: Өнгөрсөн жилийн "Гоёл" наадам мөн адил арваннэгдүгээр сарын 30-нд болж байсан. Нэг л мэдэхэд жилийн нүүрийг үзэх гэж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрчээ. Саяхан л “отгон топ” гэж дуудуулж байсан бол одоо шинэхэн топ модель тодрох мөч ойртсоор. Арваннэгдүгээр сарын 10-нд эхний шатны шалгаруулалт болж өнгөрсөн. Загвар өмсөгчид маань бэлтгэлдээ гарчихсан, зохион байгуулагчид нэлээд завгүй, наадмын бэлтгэл ажил ид дундаа өрнөж явна. Жил бүрийн "Гоёл" наадмаас олон шинэ, залуу модель, загвар өмсөгчид төрдөг. 

-Таны хувьд хэд дэх жилдээ Гоёл наадамд оролцох гэж байна вэ?

Н.С: 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш 15 дахь жилдээ оролцох гэж байна.

-Монголын загварын чиг хандлага, загвар өмсөгчдийн төвшин жил ирэх тусам чанаржиж байна. Оролцож байгаа загвар өмсөгч, дизайнеруудад тавьдаг цензур, шаардлага бий юу?

А.С: 1988 оноос хойш Монголын дизайнеруудын холбоо жил бүр тасралтгүй зохион байгуулсаар наадам маань 32 жилийн түүхийг бүтээжээ. Монголын хувцас, загварын трэнд, чиг хандлагыг энэ наадмаар тодорхойлдог гэж хэлж болно. Тиймээс ч тухайн жилийнхээ онцлогийг шингээж "Гоёл" наадам болдог. Мөн ОХУ, ӨМӨЗО олон чадварлаг дизайнерууд, моделиуд наадмыг зорьж ирдэг. Зөвхөн "Гоёл" наадамд оролцохын тулд моделиуд олон сар бэлддэг. Миний хувьд ч ялгаагүй.

 


-Наадмын шалгаруулалт хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгч болох болов уу?

Н.С: "Гоёл" наадмын зохион байгуулагч, удирдлагууд шалгаруулалтыг шүүсээр ирсэн. Харин наадамд олон жил оролцсон, туршлагатай моделиудын хувьд шинэ загвар өмсөгчдийг бэлтгэх ажил байдаг. Загвар өмсөгчдийн хувьд биеийн харьцаа, жин, өндөр гэх мэт зүйл цензур болж өгдөг гэж хэлж болох ч Загварын алхааг бүрэн эзэмшчихсэн, өөрийгөө тайзан дээр илэрхийлж чадах ямар ч охидод Гоёл наадмын үүд хаалга, тайз нээлттэй. Олон жил тасралтгүй зохион байгуулагдсан наадам учир өндөр шалгууртай байх гэдэг нэг талаар ташаа ойлголт залуу загвар өмсөгчдийн дунд байдаг байж магадгүй юм. Гэхдээ энэ наадмаас үе, үеийн шилдэг загвар өмсөгчид төрөн гардаг учраас нээлттэй байхыг зорьдог. 

-Монгол дизайнерууд их мэдрэмжтэй болж байна. Үүнд "Гоёл" наадмын оруулсан хувь нэмэр ч багагүй байгаа байх? 

Н.С: Тийм шүү. "Гоёл" наадам топ модель шалгаруулдаг ч үндсэндээ дизайнеруудын тэмцээн. Монгол туургатныг хамарсан хамарсан хамгийн том наадам бол "Гоёл". Орчин үед өөрийн гэсэн загварын шоугаа хийдэг болсон, хүлээн зөвшөөрөгдсөн дизайнерууд ихэнх нь л "Гоёл" наадмаас төрөн гарсан байдаг. Энэ наадамд оролцсон хүн бүр маш их зүйл сурдаг. Өрсөлдөөн бий учраас хөгжих боломж ч байдаг.

-Наадмын шагналын хувьд мөн их онцлогтой санагддаг шүү...

А.С: "Гоёл" наадам шагнал дахин давтагдашгүй байдаг гэдгээрээ онцлогтой л доо. Тухайн жилийнхээ онцлогоос хамаарч хувьсан өөрчлөгддөж байдаг. Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч, топ моделийн шагнал харин уламжлал ёсоор тодорсон хэвээр байна байх. Зарим жилд дэд байрын шагнал, зарим жилд фото шагналыг гардуулдаг.

-Наадмаар болох загварын долоо хоногийн энгийн үзэгч, хувцас, загвар сонирхогчид үзэх боломжтой юу?

А.С: Мэдээж, үзэгчдэд нээлттэй. Арваннэгдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд загварын долоо хоног болно. Энэ үеэр дизайнеруудын коллекц тавигдах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын пэйж хуудаснаас авах боломжтой.

Н.С: Мөн агшнаар дамжуулан "Гоёл" наадмыг ашиг, орлого олохоос илүүтэй үндэсний брэнд болтол нь 32 жилийн турш тасралтгүй, амжилттай зохион байгуулж ирсэн наадмын удирдлагууддаа талархал илэрхийлье. Энэ бол монголын загварын ертөнцөд хүлээж буй том хариуцлага юм. Мөн топ модел болохын төлөө хөдөлмөрлөж, өрсөлдөж буй загвар өмсөгчдөдөө амжилт хүсье.

 


 

НЭВТРҮҮЛЭГ БҮТЭН ҮЗЭХ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.