“Эрхэт Монгол” медиа группт хүүхдийг дэмжих “Язгуур” төсөл нэгдлээ

2019/11/25
Share |
Хүмүүс:
“Эрхэт Монгол” медиа группт хүүхдийг дэмжих “Язгуур” төсөл нэгдлээ

“Зиндаа” сэтгүүл, мэдээллийн Zindaa.mn сайт, ТВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, Breakingnews.mn, Zone.mn сайтыг эгнээндээ нэгтгэсэн “Эрхэт Монгол” медиа группийн гэр бүлд “Язгуур” үндэсний төсөл нэгдлээ.


“ЯЗГУУР” ТӨСӨЛ

“Язгуур” үндэсний төсөл бол гэр бүлийн гишүүн бүрт зориулсан боловсрол олгох хөтөлбөр юм. Монголчууд бидэнд эртнээс уламжлагдан ирсэн аман зохиолын баялаг сан бий.  Бид энэхүү баялаг сан хөмрөгөө уудалж, өдөр тутмын яриандаа нэвтрүүлэх гэж дор бүрнээ хичээж байгаа. Харин бяцхан хүүхдүүд маань харь хэл, харийн соёлын түрэмгийлэлд автаж үндэсний өв соёлоо бүрэн дүүрэн таньж мэдэлгүй өсөж байна. Тэгвэл “Язгуур” үндэсний төсөл энэ асуудлын гарц, вакцин болох төсөл хэрэгжүүлж эхэллээ.
 

 

Ярих ур чадварын академи, “Язгуур контент” компаниас санаачлан хэрэгжүүлж буй “Язгуур” үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун:

 -“Язгуур” төсөл бол нийгмийн сайн сайхны төлөөх цогц үйл ажиллагаа юм. Үндэстэн бүхэн бусад улс, үндэстнээс ялгарах өвөрмөц онцлогтой. Бид дэлхийд гайхагдах нүүдэлчний соёл хэмээх үнэт өвийг тээж яваа ард түмэн шүү дээ. Олон зуун жилээр нүүдэллэн амьдарсан өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн соёл, ёс заншлын дундаас сурган хүмүүжүүлэх арга ухааныг онцлохгүй байхын аргагүй. Ардын аман зохиол нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, тэр дундаа эх оронч, байгальд ээлтэй, зөв монгол хүн болон төлөвшихөд хамгийн чухал арга хэрэгсэл байсаар ирсэн. Үлгэр домог, ерөөл магтаал, тууль нь төсөөлөн бодох чадварыг сайжруулж, хүлээцтэй буюу тэвчээртэй хүн болоход нөлөөлдөг. Харин оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, жороо үг зэрэг нь хүүхдийн оюун ухаан, хэл, сэтгэхүй, төсөөлөн харах чадвар, өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагаа зэргийн хөгжилд тусалдаг. Мөн аман зохиолын төрөл зүйл бүрт монгол хүний оюун ухаан, үнэт зүйл, соёл, сэтгэлгээний онцлог гүн шингэсэн байдаг. Ийм л учраас монгол хүн бүр ардын аман зохиолоо бага наснаасаа судлах, үр хойчдоо танин мэдүүлэх, өвлүүлэн үлдээх нэн шаардлагатай байна. Бидний эхлүүлж буй “Язгуур” үндэсний төсөл бол цэвэр инноваци юм. Бид хүүхдүүдийн үздэг, сонирхдог зүйлсээр дамжуулж л сургалт, хүмүүжлийн ажлыг хийх хэрэгтэй тийм цаг үед амьдарч байна шүү дээ. Хүүхдийн сонирхлыг өдөөдөг контент үйлдвэрлэх нь цаг үеийн зайлшгүй шаардлага болсон. Төслийн хүрээнд бүтээж буй “Язгуур” олон ангит хүүхэлдэйн кино, “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуу баатар” комик цуврал маань хүүхдүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 


ТАНИЛЦ, ХҮҮХДИЙН ХАМГААЛАГЧ САХИУС ЯВУУ БААТАР

Ярих ур чадварын академи, “Язгуур контент” компаниас санаачлан хэрэгжүүлж буй “Язгуур” үндэсний төслийн хүрээнд “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуу баатар” хэмээх комик цувралын эхний дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэхүү комикийг худалдан авсан хүүхэд бүр “Язгуур” сургалт хүмүүжлийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болох юм байна. Комикийн гол дүр болох Явуу баатар бол “Язгуур” олон ангит хүүхэлдэйн киноны нэгэн дүр бөгөөд цаашид олон олон адал явдлаар дүүрэн комик цувралаар уншигч хүүхдүүдтэй “уулзах” болно.

Явуу баатар нь Хөвсгөл нуурын ёроолд амь үрэгдсэн Далай ээжийн ганц хүү билээ. Сул дорой байдлаасаа болж ээжийгээ алдсан түүнд лусын дагина шидэт хүч бэлэглэжээ. Явуу баатар шидэт хүчээ ашиглан биеэ хамгаалж чадахгүй бяцхан хүүхдүүдийг хамгаалдаг гэнэ.

Хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч болгон төлөвшүүлэх зорилготой “Язгуур” үндэсний төслийг БСШУСЯ-ны Соёл, урлагийг хөгжүүлэх сан, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацын газар болон “Айсмарк” компани дэмжин ажиллаж байгаа юм.
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.