Г.Жанцансамбуу: Багшаараа бахархаж энэ мэргэжлийг сонгосон

2019/12/06
Share |
Хүмүүс:
Г.Жанцансамбуу: Багшаараа бахархаж энэ мэргэжлийг сонгосон

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав.

 

-Тоглолт болох гээд л завгүй явна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Харин тийм ээ. Миний бие даасан анхны тоглолт юм. Бэлтгэл ажил давгүй шүү. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. Сайхан сэтгэл, зүтгэлтэй олон хүн хамтран ажиллаж байгаа болохоор надад их урамтай байна.

-Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл дуучнаараа дамжигдаж сонсогч, үзэгчдэд хүрээд л байдаг. Гэвч тухайн зохиолчид олны  нүдэнд тэр бүр өртдөггүй даруухан талын хүмүүс шүү. Тиймээс хоёулаа таны уран бүтээл анх хэрхэн эхэлсэн түүхээр аялъя ...

-Тийм шүү. Миний үндсэн мэргэжил хөгжмийн багш. Хуучнаар багшийн сургууль одоогоор УБИС-ийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдартай С.Мөнхбат агсан нараар хичээлээ заалгаж байлаа. С.Мөнхбат агсны төрсөн дүү нь өдгөө олон сайхны дууны хөгжмийн найруулгыг бичиж байгаа С.Төрбат буюу хүмүүсийн мэддэгээр “Арзаак” Төрөө гэж мундаг уран бүтээлч бий. Мөн “Амьдралаа би чамд хайртай” дууны хөгжмийг бичсэн Ё.Сүхбаатар. Миний үеийнхэн гэвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч Ганбат, Н.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Чулуунхүүгийн охин Мөнхжаргал нар байна.  

 



-Тэгвэл уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлэв ...

-Хүүхдийн дуугаар 2000 оноос эхэлсэн бол нийтийн дууг 2004 оноос бичиж эхэлсэн.

-Аймгийнхаа дунд сургуульд ч хөгжмийн багшаар ажилласан гэдэг ...

-Ажлын гарааг аймгийнхаа Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр эхлүүлсэн. Мөн 2009-2013 оны хооронд театрынхаа даргаар ажилласан. Харин таны хэлсэнчлэн дунд сургуульд багшлах болсон түүх бол Дархан-Уул аймаг болон өөрийнхөө төгссөн аймгийнхаа хоёрдугаар арван жилд юм. Дараа нь төрийн захиргааны байгууллагад ч ажилласан. Ер нь соёл, боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна даа.

 

 

-Хүүхдийн дууны уран бүтээлээр эхэлсэн нь ямар хувь тохиол байв аа ...

-Тэр их сонин түүхтэй. Дархан-Уул аймгийн 20 дугаар арван жилд 1998-2000 оны хооронд ажиллахдаа хүүхдийн зохиолч Т.Алтанцэцэг багштай нэг байгууллагад харьяалагддаг байлаа. Тэр үед Т.Алтанцэцэг багш намайг “Чи хүүхдийн дуу зохиогооч. Мэргэжлийн хүн юм чинь” гээд өөрийнхөө бичсэн “Тэшин тогльё” нэртэй шүлгээ өгсөн. Хүүхдүүд голын мөсөн дээр гулгаж тоглож буй тухай өгүүлдэг. Тухайн үед МҮОНР-ийн найруулагч Даваадорж Дарханд очиж, нэвтрүүлэг хүртэл хийсэн нь радиогийн фондод хадгалаастай байгаа. Тухайн үед Монголын радиогоор сонсчихоод их л урамшиж байв. Тэр цагаас хойш хүүхдийн дууны хоёр цомог гаргасны нэг нь “Нарны эгшиглэн”, нөгөө нь “Өдөр бүхэн ийм байвал гоё” нэртэй юм. Сүүлчийн цомгоо нэрлэсэн дууны шүлгийг олон жил багшаар ажилласан, манай хадам аав Б.Дашгомбо бичиж, охин Энх-Эгшиглэнгээрээ дуулсан. Харин “Нарны эгшиглэн” цомгоо би хүүхдүүдэд зориулж караокей хэлбэрээр гаргасан нь багачуудад их таалагдсан шүү. 

 


 

-Харин нийтийн дууны цомгийн тухайд гэвэл ...

-Дуучин Л.Банзрагчийн дуулсан “Ертөнцийн сайхан” нэртэй дуугаараа нэрлэсэн цомгоо 2014 онд гаргасан. Харин энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, дуучин Д.Отгонжаргал нарын хамтран дуулсан “Амин үргэлжлэл”, манай нутгийн дуучдын хамтын бүтээл “Зүрхэнд эгшиглэх нутаг” дуугаараа нэрлэсэн хоёр цомог хэвлүүлсэн.

 

-Урын сандаа одоогоор хэчнээн бүтээлтэй болж байна вэ?

-Яг бэлэн болсон нь 50 орчим, сонсогчдод хараахан очоогүй нь ч гэсэн тэр орчим тооны байгаа болов уу. Хүүхдийн дуу гэвэл мөн 50 орчмыг бичжээ. Үүнээс гадна аймгийнхаа театрт ажиллаж байхдаа “Сүүн совин” нэртэй жүжгийн хөгжим бичсэн. Харин хамгийн отгон дуу бол сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Анзаараагүй” дуугаа дуучин Ё.Батмөнхөөр дуулуулсан. Энэ удаагийн тоглолтод анх удаа дуулагдах гэж байна. Би ч мөн адил зарим дуугаа дуулж, үзэгчиддээ хүргэнэ.

-Таны үндсэн ажил хаана вэ. Зарим хүн чөлөөт уран бүтээл ч болов уу гэж бодож байж магад ...

-БСШУСЯ-д мэргэжилтэн хийж байгаад дараа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар ажиллаж байна. Одоогоор ажлаасаа түр чөлөө аваад, тоглолтынхоо бэлтгэл ажлыг нугалж байна даа.

-Гэр бүлийнхнээ танилцуулбал ...

-Манай эхнэрийг Д.Оюундэлгэр гэдэг. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бүсгүй. Өдгөө МУИС-д хүний нөөцийн албанд ажиллаж байна. Бид Хаш-Эрдэнэ, Энх-Эгшиглэн гэдэг хүү, охин хоёртой. Тэд маань дунд сургуульд суралцдаг. Охин маань төгөлдөр хуурын дугуйланд явдаг. Хөгжимд их сонирхолтой. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, 2013 онд байх аа, Байгаль орчны яамнаас Монголд төдийгүй дэлхийд ховордоод байгаа Мазаалай гэдэг амьтныг хэрхэн хамгаалах, өсгөж үржүүлэх тухай сэдэвт улсын уралдаан болоход хадам ааваараа “Тунтгар хөөрхөн мазаалай” нэртэй шүлэг бичүүлж, би аяыг нь хийгээд охиноороо дуулуулсан минь тэргүүн байрт хүргэсэн.

-Таны удамд уран бүтээлч хүн бий юу?

-Энэ тухай ярихаас өмнө ээжийгээ дурсмаар санагдлаа. Д.Өнөр гэж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат хүн байлаа. Өдгөө харамсалтай нь тэнгэр болсон. Би яагаад хөгжмийн талд сонирхолтой болсон бэ гэдэг нь ээжээс маань улбаатай байх. Учир нь Ховд аймгийн уугуул, М.Алтангэрэл гэж "Аавын бичсэн захиа", "Санаж явах ээж", "Насан туршийн хайр" зэрэг олон сайхан дуу бичсэн хүн байлаа. Ээж маань тэр хүний удмынх болохоор надад нөлөөлсөн байх. Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаараа овоглож яваадаа ч бахархдаг. Яагаад вэ гэвэл манай сумаас Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Цэдэв, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат агсан нар төрөн гарсан. Би эдгээр хүмүүсийнхээ үргэлжлэл болж яваадаа сэтгэл өег байдаг. Амьдрал гэдэг мөнхөд үргэлжлээстэй. Тэгэхээр энэ утгыг бодож тоглолтоо “Амин үргэлжлэл” гэж нэрлэсэн.

-Аавынхаа талаар яривал ..

-Сангийн Гомбосүрэн гэж, авто 18 дугаар базад насаараа тээврийн жолооч хийсэн хүн бий. Саятан жолооч, аймгийн хөдөлмөрийн аварга хүртэл болж байлаа. Одоо нутагтаа энх тунх амьдарч байна. Манай нутгийнхан андахгүй дээ. Их хөдөлмөрч хүн. Ааваараа үргэлж бахархаж явдаг.   

-Та яагаад хөгжмийн мэргэжлийг сонгов. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе ...

-Багаасаа л дуу хууранд сонирхолтой, идэвхитэй байлаа. Гитар тоглох ч дуртай. Тэр хүслээ дагаад мэргэжил сонгохдоо хөгжмийн багшийн ангид орсон. Дунд сургуульд сурч байхад манай сургуулийн дуу хөгжмийн багшаар Х.Лхагвасүрэн гэдэг хүн ажилладаг байлаа. Тэр хүнийг хараад “Энэ багш шигээ болох юмсан” гэж бодсон. Тэгээд л би ийм мэргэжилтэй болсон доо.

 

 

 

-Ярилцсанд баярлалаа

ЭХ СУРВАЛЖ:MNB.MN 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.