Ж.Цолмонгийн ”Цагийн зурвас” номын цуврал | БАЛЧИР БАГА НАС-III

2020/01/08
Share |
Хүмүүс:
Ж.Цолмонгийн ”Цагийн зурвас” номын цуврал | БАЛЧИР БАГА НАС-III

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл............

 

  1. Зуслангийн найзууд

 Дараа жил нь зургаадугаар сар дөнгөж гарав уу үгүй юу яамны дарга, цэрэггүй ажиллаж, зуслан руугаа өөрсдөө тог цахилгаанаа татав. Том том ороолттой хөнгөн цагаан утаснаас эрэгтэй хүүхдүүд тасдаж аваад янз бүрийн буу, сэлэм хийж тоглоно. Нэлээдийг нь тэгж үрсэн байх гэж боддог. Бидний үе тэнгийн хүүхдүүд их. Тэр зун бид түрүү жилийнхээ  байшиндаа гарсангүй, арай өөр томоохон дунд хавьцаа нь байрлах байшинд гарлаа. Орой болгон таван цаг хагасын үед бид нэг хүүхдээ зүүн уулын орой дээр харуулд гаргана. Маш зохион байгуулалттай, ээлж дугаартай. Түүнийгээ хүүхдүүд хариуцлагатай хийнэ, бусаддаа итгэл найдвар олох сайхан боломж байсан юм. Нүд цавчилгүй харж байгаад хотоос том зам дээр манай пааз автобус харагдав уу үгүй юу дохио өгөх ёстой. Тэр болтол бид тайван тоглоно. Дохиогоор хүүхдүүд команд авсан юм шиг гэр гэрлүүгээ гүйж орно. Төв замаас хазайгаад зуслан руу ордог зам уулын бэлээр явна. Тэр зам дээр машин ил гарч ирэхээс өмнө бага зэргийн өгсүүр. Оросын хуучин пааз автобус гарах гэж нэлээд хаазалж байж гарч ирнэ. Энэ хооронд хангалттай юмаа амжуулах хугацаа бий. Түүнийг бид маш  нарийн тооцоолсон. Хүүхдүүд шалаа гялс угаагаад, гэрээ хальт цэвэрлэж байна гэж ил байсан юмнуудыг энд тэнд далд хийгээд харахад цэмцгэр мэт болгоод дүү нарынхаа болон өөрсдийнхөө нүүрийг угаагаад гэртээ цомцойгоод сууж байтал автобус ирж бөөн шуугиан болж аав, ээж нар гэр гэртээ орж ирдэгсэн. Яг энэ үед тэрүүхэн тэр хэсэг ер нь амьд амьтан байсан болов уу гэлтэй чимээ аниргүй болно. Эцэг, эх болгон хүүхдүүдээ магтан, өхөөрдөж, хотоос гоё юм авчирснаа өгч, гал хөс болон дахин зуслан маань амилдаг байж билээ. Аав ээжийнхээ урмын үгийг сонссон хүүхдүүд эргүүлээд таван минут болов уу үгүй юу “Одоо би гарч болох уу” гээд л мөн нэг командтай юм шиг асууж нэгэн зэрэг гэр гэрээсээ гарч нэгэн том арми дахин бүрдэнэ. Энэ мөчид хүүхдийн цангинасан дуу зуны нойрмоглох дөхөж байсан оройг цочоон сэрээж, нар эргэн хүүхдүүдийнхээ дунд орж жаргахынхаа өмнө элчээ улам их хайрладагсан. Бид дайсны тал, манай тал болж хоёр хуваагдан байлдаж их тоглодог байж билээ. Мод шийдэм, буу сэлэм болоод л сүртэй нь аргагүй, итгэл үнэмшилтэйгээр  тоглоно.  Гэрээсээ орны бүтээлэг юу л бидний тоглоомонд хэрэгтэй байна нийлүүлээд окоп, зөндөө юм барина. Хүүхэд болгон өөртөө нууц бичигтэй түүнийгээ даргадаа аваачиж өгнө. Дарга нь модоор окоп барин навч, гишүүгээр хаагаад, эвхдэг ороороо өрөө тасалгаа хийгээд их тухтай сууна. Хүүхэд болгон дайсанд баригдахгүйг хичээж овсгоо самбаатай байна. Хэрэв дайсанд баригдах юм бол ёстой аймаар, нууц бичгээ алдана, хаана байгаагаа хэлэхгүй бол тамлуулна. Хорвоо дээр хамгийн харгис үйлдэл, хатуу сэтгэл наймаас арван гурван насны хүүхдүүдээс гардаг гэж уншиж байсан юм. Одоо бодоход бид тэр насан дээрээ тийм л байж. Зарим нэг маань уйлна. Чих рүү нь, ам руу нь хорхой хийнэ. Шоргоолжны үүрэн дээр хэвтүүлнэ, гар хөлийг нь төмөр утсаар баглана. Тоглоом дуусвал юу ч болоогүй юм шиг, тэгээд л маргааш нь зогссон газраасаа үргэлжлүүлнэ. Энэ тоглоом хэдэн хоногоор үргэлжилж, уйдатлаа тоглоно. Тэр үед компьютер, янз бүрийн үзэж харах, сатаарах юм байсан бол арай өөр байх байсан ч байж магадгүй. Зурагтаар монгол, орос хоёрхон сувагтай. Гэхдээ л сайхан байж дээ. Дүү бид хоёр бага байсан учир том хүүхдүүд биднийг тоодоггүй байв. Том хүүхдүүд өөр тоглоом тоглоод л, бөөгнөрч суугаад л нууц юм яриад цаанаа л нэг нууцгай гоё байдаг байж билээ. Удахгүй том болно доо л гэж бодно. Дүү бид хоёрын хувьд болохоор бага дүүгээ хардаг. Тэр маань өдөрт бааж шээнэ, нэг настай юм болохоор заагаад байхад өмдөндөө баачихна. Ямар тэр үед памперс гэж байсан биш. Ус ч бас ховор, усаа хайрлана. Ус хэд хонож байж ирнэ. Би цуглуулаад л шинэ өмд өмсгөөд байна. Пүжиг найз нар нь дуудаад нөгөөдөх чинь тэвчихийн аргагүй болно. Тэгэхээр би нөхцөл тавина. За тэг, чи тэгвэл яг зургаан цаг болтол гарна. Намайг дуудангуут заавал ирнэ, зөвшөөрч байвал энэ өмднүүдийг угаагаад гар гэнэ. Тэр их сэжигч, огиод л угаагаад байна. Тэгээд л гараад явна даа. Дуудангуут хэлсэн амандаа хүрээд хурдан ирнэ. Би зүгээрээ гээд явуулна. Ерөөсөө уурлахгүй. Нэг л юман дээр тэр уурлаж, уурлахаар нь би үхтлээ инээнэ. Тэр нь, эрэгтэй юм болохоороо мод шийдэмний ажил хийх ёстой гэж ойлгоно, жишээ нь хадах, хадаас тэгшлэх, юм өрөмдөж тогтоох, засах гээд. Би бас хиймээр санагдаад хараад зогсоно тэгэхээр “юу харсан юм бэ” гээд уурлаж эхэлнэ, тэгж байгаад нөгөө юм нь муруйчихлаар над руу уурлана “чацга” гээд орилно, тэгэхээр бүүр миний инээд хүрээд, уурлахаар нь бүүр инээд хүрээд. Мэдэхгүй үнэхээр инээдтэй байдаг байж билээ. Пүжи жаахан гэлтгүй юмны эвийг олоод, хүч гаргах үедээ гаргаж, эвийг нь олох үедээ олоод тунгийг нь маш сайн тааруулаад маш найдлагатай хийнэ. Хийхээсээ өмнө бодно, тооцоолно. Жижигхэн гэлтгүй юмны цаана асар том агуулга байдаг. Тэндээс л хүний мөн чанар, ёс жудаг харагддаг юм даа.  Миний дүү жинхэнэ эр хүн шүү. Үнэхээр найдлагатай, ар нь түүз гэдэг шиг, амьдралын өчүүхэн бөгөөд асар том асуудалд ямар ч тохиолдолд найдвартай. Бид хоёрт “үхээгүй бол” ярьсан, тохирсноосоо буцах эрх байхгүй гэсэн зарчим үйлчилдэг юм. Тийм хатуу зарчим, итгэл, найдвар баталгаа бид хоёрт тогтсон юм. Би ер нь ухаан орсон цагаасаа дүүтэйгээ л тоглоно. Дүүгээрээ хань хийсээр байгаад ханьтайгаа, Очтойгоо учирсан, Оч минь миний амьдралын амьд энциклопеди, хувиршгүй, ганхашгүй бат бөх багана, байнга төөнөж байдаг ОЧ.  Бага дүү минь том болоод ханагар сайхан залуу болов. Заримдаа шалбаагтай, мод чулуутай газар намайг үүрээд л явна, тэр бүгдийн цаана уул шиг түшигтэй аав минь ухаанаараа биднийг хамгаална. Ингээд л дөрвөн сайхан  монгол эрийн дунд дураараа дургиж өссөн БИ, охин насныхаа гэнэн хонгор ааль авираа тавилгүй, тэдэндээ эрхэлсээр, зоргоороо байсаар өдий хүрч байна даа. Тэгээд л долоон цаг хагасын үед аав, ээж  нар маань хоолоо идээрэй гээд дуудаж эхэлнэ дээ. Жишээ нь “Дулам аа, миний охин цуйвангаа идээрэй” гээд л ямар хоол хийснээ бүгдэд зарлачихна. Хоол идсэний дараа аав нар гадаа дулаахан хувцсаа өмсөөд шатар тоглоно, даалуу өрнө, зарим нь зүгээр алхана. Янз бүрийн юм хийж оройг өнгөрөөнө, эхнэртэйгээ ой руу алхана. Ер нь эхнэртээ их анхаарал тавьдаг сайхан хүмүүжилтэй байсан байгаа юм. Тэр үед баар, ресторан бага байсан, миний л мэдэхийн Улаанбаатар, Баянгол, Туул ресторан хотын төвд байдаг байв. Солонго ресторан гэхэд л 1983 онд баригдсан. Тийм болохоор ажил хэдийд тарна тараад хос хун шиг гангар гунгар хамт гэртээ ирнэ. Гоё үе байж. Гэрт эсвэл ажил дээр л утас байвал байна. Ямарч тохиолдолд утасдахад ажил дээрээ эсвэл гэртээ байж байна. Гэр бүл салалт гэсэн ойлголт бараг байгаагүй. Хүний охиныг авсан бол авсан шиг авдаг байсан үе. Эр нь эр шиг, эм нь эм шиг байсан үе дээ. Одоо ч юм бүхэн өөр болж дээ..

 


“Эрийн жудгийг хөлдөө чирсэн

Эр хүйст эмс олшрох нь яана даа” З.Жадамба, миний аав.

Сургуулиас тэдэн ширхэг эрвээхий хатаана, тийм нэмнээ хийнэ, тийм цэцгийн хатаамал хийнэ, тэдэн ширхэг ном уншина, тэдэн дэвтэр зохион бичлэг хийнэ, цэвэр бичгийн хуулан бичлэг хийнэ гээд зуны даалгавар гэж их өгнө. Хөдөө бол тэдэн ширхэг зурамны арьс авчир гэж даалгавар өгдөг байлаа. Энэ бүгдийгээ найман сар гарангуут л санаа зовж хийж эхэлнэ. Аав, ээж нар маань ч оролцоно. Энэ нь эцэг эхчүүд, хүүхдүүд хоорондын харилцааг ойртуулах, багаар ажиллаж сургах, бие биеээ дэмжихэд асар их зөв хүмүүжил өгч байсан. Даалгавраа сайн биелүүлээд бондойсон бор хүүхдүүд сургуульдаа орно доо.  Хүүхэд насны нэгэн зун ийнхүү дуусна.

Дараа жилийн зун шиг санагдана, эмээ минь Шадивлинд голын эрэг дээр гэрээ бариад бид хамт зусаж билээ. Тэр үед дуртай газраа гэрээ бариад л зусдаг байсан үе. Хувийн эзэмшлийн газар гэж огт байгаагүй. Хүмүүст тийм юмны талаар тэр үед ярьвал ойлгох ч үгүй, итгэх ч үгүй байсан байх. Жамул хоёр настай, хөлд орчихсон, ид хөөрхөн дээрээ. Эмээ Дэлдээгээ саагаад бид өдөр болгон тараг бүрэх сүүгээ авч үлдээд үлдсэнийг нь хүмүүс захиалаад авчихна. Таргаа бүрээд өөрсөддөө үлдээгээд бусдыг нь таван төгрөгнөөс өгчихнө. Бас манай Дэлдээгийн сүү маш өтгөн учир их сайхан өрөм загсана. Тэрийгээ бас “хэцүү үнэрт”-ээр өгчихнө. Эмээ заримдаа мөнгийг тэгж хэлдэг байсан юм. Тэгээд л бусад цагт гол дээр очиж усанд орж, юмаа угаана, өдөрт үхрээ тууна, тугалаа нийлүүлэхгүй байх үүрэгтэй, гэрээ янзална, ном уншина, хааяа эмээтэй аргал, модонд явна. Иймэрхүү байдалтай тэр үеийн хүүхдүүдийн зуны өдөр өнгөрдөг байсан. Нэг өдөр дандаа эмээгээ модонд явуулаад яах юм бэ, эмээ байж бай бид хоёр яваад ирье, замаа мэднэ,  их мод авчирна гээд Пүжи бид хоёр явлаа. Шадивлингийн арын уулын ой мод нь орой хэсэгтээ нилээн байдаг тул уул давах шаардлага гарна. Тэр хавийн модыг ойрчилоод түүчихдэг учир олдоц муутай. Тэр үед зөвхөн унасан гишүү, хожуулыг түүж нэг ёсондоо ойгоо сайхан цэвэрлэдэг байж. Ой нэлээд хол, уул даваад явсан тул чив чимээгүй аймаар ч юм шиг, жимс хайгаад, жимс гарах болоогүй л дээ гэхдээ л байж магад гэж доошоо харж явсаар багагүй хол газар явсан байв. Урт, бүдүүвтэр гишүүнүүдийг түүж, баглаад хоёр уртавтар гишүүн дээрээ дамнан, бүдүүн хэсгээр жигд тэнцүүлж уяад саглагар хэсгийг чөлөөтэй орхиод боолоо. Хоёр ширхэг нэлээд бүдүүн боодол боолоо.  Дөчин тав орчим см-ийн диаметртэй хоёр ширхэг бүдүүн боодол боллоо. Тэгээд дүүдээ хүзүүн дээр  нь давуулж өгөөд мөр цээжийг нь холгохгүйн тулд  цамцаар нь жийргэлж уяаны үлдсэн хэсгээр гарыг нь ороож атгуулаад явахад бэлэн боллоо. Дүүгээ урдаа оруулаад явлаа. Удаан яваад байхаар нь ардаа оруулчихлаа. Байн байн эргэж харж уяа маань суларч байгааг шалгаж чангалан нэг мод ч унагахгүйг хичээн явлаа. Пүжигийн унасан модыг буцааж хийж боож өглөө. За ингээд яваад бай, модоо гээв, эвгүй оргих юм уу мод унавал хэлээрэй гэсэн “за” л гэсэн. Гэртээ ирсэн чинь миний  мод тоо ёсоороо, харин  тэр хоёрхон ширхэг модтой ирж билээ. Эмээ “эр хүн байж” гээд зэмлэв. Хэсэг хугацааны дараа сайндав. Түүнээс хойш Пүжи дандаа модонд явж, замдаа модоо гээлгүй зөндөө модтой ирдэг болсон. Би ингэж модонд явах ажлаас бүрмөсөн, харьцангуй эрт чөлөөлөгдөж билээ. Харин Жамул манай Дэлдээгийн тугалнаас айгаад “тэл тулаг над луу халаад байна” гээд л уйлдагсан. Хэд хоногийн дараа нэг гартаа мод барьчихсан нөгөө гараараа тугалаа хүзүүдчихсэн, Ягаанаа тугал маань ч бүр эрхэнд нь орчихсон байнга суганд нь явна. Номхон хөөрхөн амьтан байсан шүү. Ингэж нэг зун бас өнгөрөв өө. Аз жаргалтай байж дээ. Ямар сайхан орчин, ямар сайхан цаг, ямар ч сайхан тайван амгалан байсан юм бэ дээ гэж заримдаа бодогддог юм. Сүүлд Дэд сайд болоод хорин нэгэн аймгаараа тойрч явахад гишүү мод түлдэггүй сайхан сайхан модоо л унагаад өрчихсөн харагддаг. Гэтэл машин явахын аргагагүй ширэлдсэн гишүүд газраар хөглөрөх юм. Их харамсалтай санагдсан шүү.

  1. Эргэцүүлэхүй

Социализмын үед ажлын цагийг яс барина, ажил тараал голдуу нам, эвлэлийн ажлууд өрнөнө. Таславал нийгмийн идэвхгүй нэр зүүнэ.Оройтож тарна, таксинд сууна гэх ойлголт байхгүй, такси их цөөхөн. Нийтийн тээвэр унаанд сууна, маш чихэлдээнтэй. Цөөхөн явна. Ядаж тэр он жилүүдийн өвлийн хүйтэн гэж зүйрлэх юм биш. Гэсэн ч тэр үеийн хүмүүс, залуучууд асар тэвчээртэй, бүгдийг хийх ёстой, хүлээх, үүрэх ёстой үүрэг хариуцлага гэж хүлээж авдаг байсан нь сайхан. Маш хатуу  шалгууртай, их шударга, хүн бүрт адил шаардлага тавьдаг тогтолцоо гэж ойлгуулж байсан боловч, үнэн хэрэг дээрээ тийм биш байсныг дараа нь түүх харуулсан. Үнэгүй сургууль, үнэгүй эмнэлгийн үйлчилгээ, ядуу, ард гаралтай хүмүүст бодлогоор боловсрол олгох зэрэг  зөв зүйтэй бодлогууд байсан. Ард түмэн одоо ч үүнийг хүссэн хэвээр байна. Манай улсын хувьд хамгийн гол нь хүн ам эрүүлжиж эхэлж байсан үе, эрүүл мэндийн хувьд ч сэтгэлгээ, бие бялдар, оюун санааны хувьд ч тэр. Залуучууд ном уншихаараа уралддаг байсан үе. Одоо ном унших нь ховордсон юм шиг санагддаг юм. Хүүхэд, залуучууд маань өсгөлүүн, өндөр болж эхэлж байсан үе. Миний үеийн залуучууд жигд өндөр шүү. Монгол хүн Ази тивдээ өндөрт орж эхэлж байсан юм. Намайг ерээд оны эхээр Хятадад явж байхад нэг ч өндөр, цайвар царайтай хүмүүс харагддаггүй байсан. Мөн Солонгост 2000 онд очиж байхад бүгд намхан том толгойтой, онийсон нүдтэй хүмүүс байдаг байсан. Гэтэл одоо шал өөр болсон. Ажаад байх нь, хотын төвийн амьдралтай айлын хүүхдүүдийг эс тооцвол одооны эрэгтэй хүүхдүүд намхан, давжаа, хариугүй туранхай байна. Өнөөгийн эрх баригчид мөн амьдралын боломжтой нэг нь, өөрийнхөө хүүхдүүдийг харчихаад хүүхдүүдийн өсөлт хөгжил сайн байна, Монголын амьдрал болж байна гэж бодож байх шиг байгаа юм. Цэрэг татлагын жинг дөчин зургаан кг болгосон байна. Дөчин зургаан кг жинтэй эр хүн ямар байх вэ? Тэгсэн мөртлөө тэр жиндээ хүрэхгүй залуучууд олон болж байна. Тийм эр хүнээр эх орноо хэрхэн хамгаалуулах вэ? Аливаа тогтолцоонд алдаа, дутагдал байдаг л байх. Тогтолцооны алдаа үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, оюун санаа, бие бялдрын хөгжилд нөлөөлөх ёсгүй юм.

Аав, ээж хоёр хуралтай үедээ найм түүнээс ч оройтно, хуралгүй бол яс зургаан цаг хагас гэхэд гэртээ ирнэ. Автобусны буудал хол учир нэлээн хол явган явж даарч хөрөөд ирнэ. Жаахан гэлтгүй тэр үеийн хүүхдүүдаав, ээжийгээ ирэхэд гурилаа зуураад, махаа хөшиглөөд, гэрээ цэвэрлэчихнэ. Хоолны хольц гээд  байх зүйл ховор, намар болохоор шинэ ургацын ногоо гээд лууван, төмс, байцаа гарна. Есдүгээр сарын сүүл гээд алга болчихно, хөлдчихдөг байсан юм уу, дуусчихдаг байсан юм уу бүү мэд. Тэр үед ямар хятад төмс гэж байх биш. Бага зэргийн ногоо базааж аваад арчаатай нэг нь давсалж, дарж авна. Тэгж чадахгүй бол хадгалах газар байхгүй тул дороо зөөлрөөд муудчихна. Төмсөө удаан хадгалдаг учир заримдаа өчнөөн навч ургачихсан байдаг байж билээ. Ер нь тэр үеийн айлууд, сэхээтэн ч бай, ажилчин ч бай ихэнхдээ гурилтай хоол, цуйван, будаатай хуурга голдуу иднэ. Орц нь гурил, будаа, мах, сонгино ч ховор. Ямар ч их гурил зуурч элддэг байсан юм. Тогны хүч муу, оросын ил утастай плитка нь арай дээр. Ширмэн плитка бүр дүлий. Тэгсээр байж найм, есийн үед заримдаа хоол иднэ. Одоогийн сав суулга угаахтай төсөөлөх ч зүйлгүй, бүх айл ус халааж халуун усаар тосыг нь хайлуулж угааж усыг нь марлиар арчиж хатаадаг хэвшмэл нэг л арга байсан. Аяга, таваг угаадаг шингэн гэж огт сураг ч байгаагүй үе. Бүх юманд барааны саван хэрэглэнэ. Гарын савангаар зөвхөн нүүр, гараа л угаана. Пүжи бид хоёр тоосоо сайн арчаад, шалаа барааны савангаараа савандаж мөлчийтөл нь угаагаад, үүднийхээ алчуурыг норгож тавьчихаад сууж байдаг байж билээ. Тав дөч, долоо хорь, арав жарын хиам элбэг байсан. Оросын хиам хаяа гараад бөөн оочер болоод дороо дуусна. Дөчин мөнгөний талх чихэрлэг зөөлөн, цагаан, гоё амттай. Манай хажууханд төмөр замын шар дэлгүүрт нэг төгрөгний цагаан талх байнга зарна. Төгрөг далын талх л хүн болгоны авдаг талх, гурав аравын  боорцог, тав аравын боов, далан  мөнгөний гөөхийг цайнд дүрж идэхэд их амттай байж билээ. Одоо технологи хөгжиж техник юмтай болсон хэрнээ амт чанар нь бас тиймэрхүү л байх юм. Хожим есийн тос гарч билээ. Тэр бас нэг хувьсгал байлаа. Өндөг олдохдоо их ховор, монголчууд бараг бүгдээрээ майонезоо өөрсдөө оросын наранцэцгийн тосоор зуурч хийнэ. Гоё майонез болдог байсан. Майонез зуурах их төвөгтэй буруу эргүүлчихвэл, удаавал гашилчихна, түүнээс нь айгаад эргүүлээд зуураад л байна. Нэг өндгөөр овоо их майонез хийчихнэ. Зуурсан майонезээр хийсэн салатны амт одоо бэлэн зардаг майонезээр хийсэн салатнаас амттай байсан юм шиг санагддаг юм.

Манайд Херлуф Бидструпийн хошин шог зургийн ном байдаг байж  билээ. Би тэр зургийн цомгийг байнга үзнэ. Херлуф Бидструп 1912 оны арванхоёрдугаар сарын хорин зургаанд төрсөн. Тэрбээр андгай тавьсан жинхэнэ коммунист хүн байв. Улс төрийн болон нийгмийн асуудлыг хурц тусгасан таван мянга гаруй комик зургийг бүтээсэн гайхамшигтай уран шог зураач хүн юм. Тэр өөрийн хүсэл эрмэлзэл, бодол, ёс суртахуунаа өөрийнхөө зургаар дамжуулан дэлхий нийтэд шударга ёсыг тогтооход асар их хувь нэмрийг оруулсан юм.

Зуун айлд байхаас л манайд байдаг зузаан хар цагаан зураг бүхий номонд барууны ертөнцийн бүхий л булайг харуулсан, хүнийг яс үндэс, хэл соёл, царай зүс, биеийн хэлбэр галбираар ялгаварлан гадуурхах, хүнийг дорд үзэх, дээрэлхэх, доромжлох барууны цагаан арьстны дээрэнгүй үзлийг маш тод томруунаар гаргаж чадсан гайхамшигт бүтээл. Хар багаасаа зураг болгоныг ойлгохсон гэж өссөн надад тэр үзэл баримтлалыг ямар ч нийгэм улс төрийн тогтолцоо бий болсон бай, ямар ч  хэлбэр байдлаар дэмжих үзэл бодол бий болохгүй байсан нь ойлгомжтой. Хожим 1995 онд манайх Бельгийн Вант улсад Монгол улсын элчин сайдын яамыг нээж  Оч маань залуухан дипломат  томилолт аван ажиллаж байх үед, би охиноо сургуульд хүргэчихээд метронд ороод метро ирэхийг хүлээх зуур нэгэн эмэгтэйн хажууд суув. Хижээл насны ихэмсэг, дэгжин хувцасласан нэгэн байв. Намайг очоод суунгуут шууд босоод явж билээ. Тэгэхэд л би расист үзэл, ялгаварлан гадуурхалт одоо хүртэл бүр мөсөн арилаагүй  юм байна, 1960, 1970-аад онд л лав би амьдарч чадахгүй юм байна, “Би чинь хэн билээ, ингэж гадуурхагдах хүн мөн билүү” гэж бодож билээ. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн, Элчин Сайдын Яамны ажилтан, эрүүл, эрхтэн бүтэн, зөвхөн Ази царайтай төрсөн минь тэр хүнийг суудлаасаа өөрийн эрхгүй босгоход хүргэсэн тохиолдол бий.

1978 он

 Аавыг ДЭМБ-д ажиллуулах сураг гарч байв. Манайд байсан Жамбын Пүрэвийн зохиол “Хөгжмийн эгшиг” гээд романыг би арван настай мөртлөө хэд хэд уншсан санагдаж байна. Жамул дөнгөж хоёр настай, нөгөө номыг барьж, нүдээ аньж байгаад л “манайх Дели явах нь уу” гээд л мэргэлдэгсэн. Дандаа л гоё утгатай юм гарна. Тэгсээр бид 1978 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг Улс, алс холын  Жагар орныг гэр бүлээрээ зорьж билээ. Гадаадад гэр бүлээрээ явна гэдэг тэр үед маш ховор. Дипломатууд л гэр бүлээрээ явна. Бид гурав маш баяртай, тэсэн ядан хүлээж байлаа. Эмээгээ орхиод явна гэдэг маш хэцүү байв. Тэгэхэд манай олон улсын нисэх онгоцны буудал одоо ч байгаа шовгор оройтой жижигхэн шар байшин байв. Москвад аав, ээжийн найз Болдбаатар ах, эхнэр нь Алимаа гээд ээжийн найз, хамт гуравдугаар амаржих газар ажиллаж байсан царайлаг эмэгтэй, дүү нь гээдхөөрхөн охин Эрдэнэсолонго бүгд найрсагаар хүлээж авав. Тэрээр Монгол улсын элчин сайдын яаманд ажиллаж байв. Эрдэнэсолонго хожим УИХГишүүн, Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын гэргий болсон. Бид бүүр багаасаа бие биенийгээ мэднэ. Дараа нь тэднийх Делид ЭСЯ-нд томилолт аваад аав ээжтэй минь хамт олон жил бие биендээ нөөлөгтэй сайхан амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөсөн. Дараа нь нэг нам, нэг үзэл баримтлалын төлөө хамтран зүтгэж, журмын нөхдүүд болцгоож, нэг засгийн газарт зүтгэсэн дээ.Эргэн тойрон бүх зүйл содон сонин, дэлгүүрт хиам, сушик (сушки), сухари, зефир, баавгайтай чихэр, улаан малгайт гээд дүүрэн, хүүхэд надад гоё санагдаж байв. Калининий өргөн чөлөө, Улаан талбайгаар алхаж байхдаа Москвад сурах юмсан гэж мөрөөдөж байлаа. Алмазный фонд алмазны эрднэсийн сан, Третьяковын уран зургийн галлерей, Пушкины уран зургийн музей үзэж гүн гүнзгий ойлгоогүй ч ертөнцийг харах мэлмийг минь нээгдэж байв. Ингээд социализм, коммунизмын эх орныг нүдээр үзэх нь тэр. Ээжийн дунд ах Доржпалам Москвад Жуковскийн цэргийн академид сурч байгаад буцсан байв. Доржпалам ах минь маш царайлаг, олон талын авьяастай хүн байсан. Долгионтсон тас хар үстэй, цагаан царайтай, эрэгтэй л болохоос ээж тэр хоёр маш адилхан, гоё хүн байсан шүү. Охидууд нь дуурайгаад их царайлаг. Нэг нь бор, нөгөөх нь цагаан болохоос огт ялгарах юмгүй, тормолзсон, уртаас урт сормуустай хөөрхөн алаг том нүдтэй. Ах маань Эрхүүгийн цэргийн дундыг улаан дипломтай төгсөөд дараа нь дэлхийн хамгийн анхны агаарын дээд сургуулиудын нэг болох Москвагийн Жуковскийн Академи, Ерөнхий штабын академийг тус тус улаан дипломтай дүүргэж Монгол улсын нисэх хүчний салбарыг хөгжүүлэхэд амьдрал, оюун мэдлэгээ зориулсан эх  орныхоо төлөө тэмцэгч, байлдагч, эр цэрэг байсан юм. Налайхын цэргийн нисэх хүчний аэродромын онгоц ахын минь гарын үсэггүйгээр нисдэггүй байсан гэж ярьдаг юм. Хожим МУИС-д багшилж байгаад гавъяаныхаа амралтыг авсандаа мөн номоо бичиж байх явцад минь ертөнцийн мөнх бусыг үзүүлэв .

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн ядаргаатай,энүүний намтар хэнд хэрэгтэй юм, түүхэн хүн ч биш, гавъяатай хүн ч биш, ер нь хэн ч биш авгай, буруж үлгэр дуурайлалтай хүн штэ,
IP:202.21.124.132  2020-01-08 10:58:47
hi udam ugsaa hamaatan sadnaaraa uye damjij saihan amidarch bgaa buyantai ail bnaa. Ta buhend az jatgal huseye. Mongoliin ail bolgon az jargaltai, eruul enh baig
IP:223.11.139.54  2020-01-08 11:54:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.