Хосгүй үзэмжит АНТАЛЬЯ хот, дэлхийн найм дахь гайхамшиг ПАМУККАЛЕ-гаар аялсан ТЭМДЭГЛЭЛ

2020/01/11
Share |
Хүмүүс:
Хосгүй үзэмжит АНТАЛЬЯ хот, дэлхийн найм дахь гайхамшиг ПАМУККАЛЕ-гаар аялсан ТЭМДЭГЛЭЛ

Амьдрал бол аялал. Явсан хүн юм сурч мэдэж, орчлон ертөнцийг танин мэднэ. Мөн өөрийгөө таньж, бусадтай харилцаж сурч, дэлхий хэчнээн томыг мэдрэхийн хэрээр энгийн даруу, ухаалаг болдог. Аялснаар ямар ч үндэстэн байсан бид бүгд адилхан, хүсэл зорилготой, өөрсдийн гэсэн орон зайтайг олж мэднэ.

Ийнхүү адал явдал дүүрэн аялал маань Туркийн үзэсгэлэнт хот Антальягаас эхэлсэн юм. Бидэнд тав тухтай аялах боломжийг дэлхийн аялал жуулчлалын хамгийн эрэлттэй чиглэл болох Туркийн далайн эргийн боомт, амралт, аялал сувиллын хот Анталья, дэлхийн найм дахь гайхамшиг гэгддэг хөвөн цайз хэмээн алдаршсан Памуккале руу хийдэг аяллаараа Монголд тэргүүлдэг “Ориг Трэйвэл” компани олгосон. Турк улсын байгалийн сайхныг бишрэн, Газар дундын тэнгисийн зөөлөн давалгаанд салхиар илбүүлэн хөлөг онгоцоор зугаалж, эртний Ромын хот Хиераполисоор зочилж, алдарт Клеопатрагийн рашаанд орж, 10 насаар залуужих боломжийг бидэнд олгохын зэрэгцээ аялагчдын тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хөтөч, орчуулагчаар бидэнд тусалсан “Ориг Трэйвэл” компанидаа баярлалаа.

 

 

Клеопатрагийн усан сан нь эрдэс бодисоор баялаг тул орсны дараа арьс маш сайхан болдог.

Биднийг нийт 10 цагийн нислэгийн дараа Анталья хотод газардахад хөтөч Наагий, Туркийн аялал жуулчлалын яамнаас томилогдсон хөтөч Ведат нар угтан авсан юм. Турк улс аялал жуулчлалынхаа салбарт ихэд анхаарч, гадаадын аялагчдад зориулан Аялал жуулчлалын яамнаасаа тусгай хөтөч гаргаж өгдөг. Ийнхүү бид Анталья хотоос баруун тийш үзэсгэлэнт байгаль, Газар дундын тэнгисийн эргийг даган явсаар “Акка” хэмээх зочид буудалд байрласныхаа дараа эртний Ромын Фаселис хотыг үзэж сонирхлоо.

Агуу Александрын цэцэглүүлсэн Фаселис хот

 

 

Эртний Ликиагийн Фаселис хот нь орчин үеийн Туркийн газар нутагт, Анталья хотод оршино. Хот манай эриний өмнөх долоодугаар зуунд үүсгэн байгуулагджээ. Энэхүү хот Антальягаас 60 км-ийн зайд нарс, хуш моддын өтгөн төгөл дунд, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар оршин байна. Эртний түүхийн ул мөр, өв соёлын дурсгалыг хадгалсан Фаселис хот руу Кемер хотоос газар дундын тэнгисээр дамжин далайгаар ч очиж болно. Энэ хот нь гурван боомттой байв. Агуу Македоны Александр хөгжүүлэн цэцэглүүлж байсан энэ хотыг хэвээр нь үлдээхээр Туркийн аялал жуулчлалын яам анхааран ажиллаж, жил бүр засвар, тордлогоо хийдэг талаар хөтөч Ведат бидэнд ярьсан юм. Голт борын цэцэг, сарнайгаараа алдартай байсан Фаселис хотыг агуу Александрын дараа Грекийн Родос арлынхан захирч байсан бөгөөд Фаселис болон Олимпос хот заримдаа далайн дээрэмчдийн халдлагад өртдөг байж. МЭӨ 42 онд Ромын захиргаанд иржээ. Энэ үеэс хотын сэргээн босголт эхэлж, улам бүр цэцэглэн хөгжих замдаа орсон байна. Домогт өгүүлснээр хотын суурийг барих газрыг уут загасаар худалдаж авсан байна. Хотын үлдсэн балгаснуудын дийлэнх нь Ром, Византын үеэс гаралтай. МЭӨ 4-р зуунд баригдсан Фаселис хотын театр нь 3000 хүнд зориулагдсан. Өнөөг хүртэл оршин тогтносон театрын тайзыг ромчууд барьсан болохыг олон зүйл харуулж байдаг. Фаселис хотод зочилсноор та эртний Ром, Византын үеийн ихэс дээдэс, энгийн ардуудын түүхийн хэсэгтэй танилцана.

 

 

 

Үзэсгэлэнт Анталья хот

 

Эртний Ромын хаадын сэтгэл зүрхийг булаасан хосгүй үзэмжит Анталья хотын талаар өгүүлье. Туркийн өмнөд хэсэгт Газар дундын тэнгисийн эрэг дагуу байх Анталья хотын хүн ам нэг сая гаруй ч жуулчдын байнгын урсгал, зарим орнуудаас өвөлдөө ирж амьдардаг хүмүүсийн урсгалаар энэ хотын хүн ам хоёр сая гаруй болдог. Анталья хот нь Туркийн газар нутаг ч гэлээ энд туркээс гадна орос, англи хэлээр хаа ч чөлөөтэй ярина. Иргэд нь исламын шашинтай. Туркийн хүм амын 98 хувь нь исламын шашинтай байдаг. Анталья хотод их сургуулийн төлбөр тун боломжийн байдаг учир олон орноос оюутан ирж сурдаг нь ажиглагдсан. Мөн байр түрээсэлж амьдрахад мөн хямд байдаг талаар бидэнд үйлчилсэн хөтөч бүсгүй Наагий ярьж байсан юм. Тухайлбал, энд гурван өрөө байрыг 100 ам.доллароор түрээсэлдэг байна. Анталья хот жилийн хоёр улиралтай гэж хэлж болно. Биднийг аялж явахад энэ хотод борооны улирал нь байлаа. Туркийн газар нутаг зүүн тал руугаа жилийн дөрвөн улиралтай бол далай тэнгистэй бүс нутагт жилийн хоёр улиралтай. Гэхдээ нэг өдөрт жилийн дөрвөн улирал солигдох мэт цаг агаар нь эрс өөрчлөгдөнө. Өвлийн улирал болдог зарим орноос Антальяг зорин ирж, байр түрээслэн амьдраад буцдаг хүмүүс ч байдаг аж. Гэхдээ туркчүүд азиудад их дуртай. Ялангуяа монголчууд аяллаар их очдог учир зарим үйлчилгээний газрынхан монгол хэлээр мэндэлж сурсан байх нь ч бий.

 

 

Турк улс Европын холбоотой байгуулсан гэрээний дагуу Сириэс дүрвэгч хүлээж авах үүрэгтэй ч аялал жуулчлалын бүс Анталья хотод нэг ч дүрвэгч хүлээж авалгүйгээр жуулчдын ая тухтай, аюулгүй байдлыг хангадаг. Хоёр сая хүн амтай энэхүү хотод архидалт огт байхгүй. Туркчүүд архи уухыг нүгэл гэж үздэг. Согтууруулах ундаа уухаар бол баасан гарагийн орой хэдхэн цаг хоорондоо хуучлан, хооллонгоо багахан сархад хүртээд гэртээ харьдаг байна. Мөн туркчүүд гахайн мах идсэн хүн хардах, харамлах сэтгэлгүй болно гэж үздэг. Анталья хотод оросууд олноор амьдардаг, мөн герман, англичууд өвөлдөө энэ хотод амьдрах нь их. Анталья хотын гудамжаар модонд мандарин, жүрж, анар зэрэг жимс ургасан байна.

Анталья хотын  жуулчдын нүдийг хужирладаг алдартай газрууд нь алдарт Дюден хүрхрээ, Коньяалты эрэг, Тюнектепе уул, археологийн музей, Антальягийн амьтны хүрээлэн гээд дурдвал олон.

 

 

 

Алдарт Дюден хүрхрээ

 

Бидний дараагийн маршрут алдарт Дюден хүрхрээ байсан юм. Анталья хотод ирсэн жуулчдын заавал ирж үзэх ёстой гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. Энэ хүрхрээ нь Газар дундын тэнгис рүү 40 метрийн өндрөөс цутгана. Хүрхрээний дээд хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэн рүү ороход жуулчдыг хуурч амталсан самраар дайлна. Цэцэрлэгт хүрээлэнд ресторан, кафе, турк үндэсний хоол унд, гудамжны хоолнууд бий.

Та Туркийн аяллыг сонгосон бол алдарт Дюден хүрхрээг заавал үзээрэй. Өндрөөс буух их усны хархираа, Газар дундын тэнгисийн зөөлөн салхи, давалгаа нь ертөнцөөс тасарч хаа нэгтээ холыг гарагт очсон мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх болно.

 



 

Хуучны хот

 

Дюден хүрхрээг үзсэнийхээ дараа бид Антальягийн хуучны хотод ирсэн юм. Хуучны хот Калеичи нь Анталья хотын түүхийн төв хэсэг нь. Калеичи гэх үг нь “цайзны дотор” гэсэн утгатай. Эрт үед энэхүү хотыг хүрээлж байсан цайзан хананууд одоо ч хадгалагдаж үлдсэн байдаг. Гудамжаар нь явган алхангаа дэлгүүрээр орж, бэлэг дурсгалын зүйлс худалдаж аван, жимсний мухлагаас байгалийн цэвэр жимсний ундаа амтлахад хамгийн тохиромжтой газар бол Хуучны хот.

 

 

Мөн энэ хотын хуучны байшин барилгыг одоо отелийн зориулалттайгаар тохижуулсан учир жуулчид Хуучны хотод буудаллах нь элбэг. Хуучны хот нь бүхэлдээ хуучны тохилог отелиуд, дэлгүүрүүд, кафе. Иймээс энэ хотод ирсэн жуулчид бүх зүйлийг нэг дороос авах, үзэж харах боломжтой юм. Энэ хотын далайн боомт маш үзэсгэлэнтэй. Хөлөг онгоц, Турк улсын далбаатай завиар дүүрэн эрэг нь Хуучны хотыг улам бүр үзэсгэлэнтэй, нууцлаг, эрхэмсэг болгоно. Энэ дүүргийн байшин барилгуудаас нь Ром, Визант, Османы эзэнт гүрний үеийн болон орчин үеийн хэв маягийг нэг дороос харах боломжтой.

 

 

Салда нуур

 

 

Аяллын гурав дахь өдөр бид дэлхийн найм дахь гайхамшиг гэгддэг байгаль, түүхийн хосгүй өв, хөвөн цайз хэмээн алдаршсан Памуккале руу хөдөллөө. Памуккале орох замд Туркийн Мальдив гэгддэг алдарт Салда нуурыг үзэж сонирхсон юм. Салда нуурын элс, хөрсний бүтэц нь Марс гарагийн гадаргуутай адилхан гэдгээрээ мөн алдартай. Туркийн Бурдур мужийн Ешилова хотын Салда нуурт гадаадын төдийгүй дотоодын жуулчид ихээр аялж зугаалж, амардаг. Цагаан элс бүхий эрэгтэй, цэвэр устайгаараа энэхүү нуур нь Туркийн Мальдив гэгддэг. Туркийн хамгийн гүн, хамгийн цэвэр нуур юм. 184 метр гүн, 9.8 км урттай Салда нуур нь Анталья хотоос 159 км зайтай. Энд 110 төрлийн шувуу, дөрвөн төрлийн загас, 301 төрөл зүйлийн ургамал бий.

 

 

Газар дээрх диваажин Памуккале

 

 

Турк дэх байгалийн гайхамшиг, газар дээрх диваажин гэгддэг Памуккалед эртний хот Хиераполис байна. Хөвөн цайз гэж алдаршсан энэхүү байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд байгалийн болон соёлын дурсгалт газар гэдгээрээ бүртгэгдсэн байдаг. Нийт 1077 га талбайтай. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн түүхийн музейг үзэж, алдарт Клеопатрагийн усан санд орох боломжтой. Клеопатрагийн усан санд орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг.

 

 

Кальци карбонатаас бүрэлдэн үечилж тогтсон шохойн чулуун тавцангуудаас бүтсэн усан бассейнуудтай Памуккалегийн ус нь хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисоор баялаг тул эмчилгээ, гоо сайхны зориулалтаар ашиглаж ирсэн.

Памуккалед Америк, Оросын кино найруулагч Андрей Кончаловский 1997 онд “Одиссей” киноныхоо зургийг авсан байдаг. Түүнчлэн энд 2012 онд нээлтээ хийсэн, Николас Кейжийн тоглосон “Сүнс хөлөглөгч-2” киноны зураг авалт болжээ.

Памуккалед жуулчдын сонирхлыг татдаг бас нэгэн зүйл бол агаарын бөмбөлгөөр хөөрөх. Хөвөн цайзад цаг агаар нарлаг үед агаарын бөмбөлгөөр хөөрч, амьдралдаа бас нэгэн шинэ адал явдал нэмэх гэсэн жуулчдын цуваа тасардаггүй.

 

 

Туркийн аялал жуулчлалын төв Хиераполис хот

 

 

Эртний хот Хиераполисын тухай өгүүлэхэд энэхүү хотыг ариун хот гэдэг. Туркийн Денизли хотоос 17 км-ийн зайд орших энэхүү эртний хот нь одоогийн Памуккалед орших Туркийн аялал жуулчлалын чухал төв юм. Хиераполисыг “задгай музей” гэдэг. Пергамын хаан II Евмен манай эриний өмнөх 190 онд энэ газарт шинэ хот байгуулж, Хиераполис гэж нэрлэжээ. Сүүлд нь газар хөдлөлтөөр сүйдсэн энэхүү хотыг шинээр сэргээн босгосон байна. Үүний дараа хот эртний Ромын эзэнт гүрний эзэмшилд иржээ. Хиераполис хотод хоёр км урттай ер бусын оршуулгын газар байдгаараа мөн алдартай. Газрын гүнээс гарч буй халуун рашаанаараа алдартай энэ хотод хүнд өвчтэй хүмүүс ирж, эдгээд буцах нь элбэг. Эртний хотын туурь, байгууламжуудаас өдгөө нэлээд хэсэг нь хадгалагдан үлдсэн. 2.7 км урт, 600 м өргөн, хотын туурь болон хөвөн цайзыг 1988 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авсан. Хот хэд хэдэн удаа газар хөдлөлтөд өртөж байсан ч тухай бүрд нь сэргээн босгож байв.

 

 

Бид Памуккалед мөн халуун рашаантай, дөрвөн одтой зочид буудалд байрласан билээ. Үүний дараа бид Анталья хот руу хөдлөхийнхөө өмнө Денизли хотын дарс амталгааны газраар зочилж, дайлуулсан билээ.

 

 

Газар дундын тэнгисээр хөлөг онгоцтой аялав


Антальяд буцаж ирээд маргааш нь бид Газар дундын тэнгисээр “Ахмад Жек” хөлөг онгоцоор өдөржин зугаалсан юм. Газар дундын тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км.кв. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно. Биднийг ахмад Жек хөлөг онгоцонд суун хөдлөхөд сүрлэг дохио хангинаж, далайгаар аялаад удалгүй хөлөг онгоцон дээр, дуу, бүжиг, зугаа цэнгээний үзүүлбэр эхлэв. Далайн дээрэмчний хувцастай залуухан бүсгүйн үзүүлбэр, хөтлөн явуулсан бүжиг, цэнгээний арга хэмжээ нь “Ахмад Жек” хөлөг онгоцонд суусан олон орны жуулчдыг доргиож чадсан. Өдрийн хоолоо бид хөлөг онгоцон дээр зооглосон юм.

Намуухан давлагаа нь салхинд наадсан Газар дундын тэнгис нь эрт үед түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотам зэрэг олон иргэншлийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байв. Газар дундын тэнгисийн ус нь ерөнхийдөө гүехэн, дундаж гүн нь 1500 метр. Газар дундын тэнгисийн ус нь давсархаг. 


Жуулчдыг татдаг Коньяалты

 

 

Коньяалты наран шарлагын газар нь Анталья хотын төвд маш ойр, хамгийн урт наран шарлагын газруудын нэг. Хайрга чулуугаар хучигдсан далайн эрэгт загас барин суух хүмүүс олон. Нар жаргах үеэр Коньяалтыд жуулчид олноор ирдэг. Мөн эндхийн кафе, ресторануудын хоол амттай.

Энэхүү алдарт наран шарлагын газраар зугаалаад бидний аялал өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан “Ориг Трэйвэл” компанидаа баярлалаа. Анталья хотын таван одтой зочид буудлуудын TURSAB нийгэмлэг болон Казахстаны “SCAT Airlines” компанитай хамтран ажиллаж, аялагчдын тав тухыг ханган, Улаанбаатар-Анталья хотын чиглэлд шууд нислэгтэй аялал хийдэг та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Үзэгч та бүхэндээ дуулгахад “Ориг Трэйвэл” компанид хандсанаар та дэлхийд тэргүүлэгч аялал жуулчлалын бүс Туркийн Анталья, Памуккалегийн чиглэлд урьдчилгаа төлбөр төлөөд лизингээр аялах боломжтой. Та бүхний аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

 

 

 

 

 

 

 

 

Ориг Трэйвэл фэйсбүүк хуудас 

 

Утас: 77339797, 80999797

О.Чанчалдулам 



















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi saihan bnaa. neg odor bayan bolood ger tolgoilson eej, aav nart tusalna gej boddog. burkhan minii husliig biyeluuleh bhaa
IP:223.11.147.224  2020-01-11 18:09:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.