Уруйн үерт урссан нэг хүний цогцсыг олж, 14 настай хүүхдийг хайсаар байна

2008/06/24
Share |
Хүмүүс:
Уруйн үерт урссан нэг хүний цогцсыг олж, 14 настай хүүхдийг хайсаар байна

Сүүлийн өдрүүдэд манай улсын ихэнх нутгаар үргэлжилэн орсоор байгаа усархаг борооны улмаас нийслэлийн зарим дүүргүүдэд үерийн хамгаалалтын далан сэтэрч, ус зайлуулах суваг, шуудуу бөглөрөөд байна. Энэ байдлаас болж нам дор газар байрлах, үерийн далангийн ойр орчмын айл өрх, зам талбай, нэлэнхүйдээ усанд автжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянзүрх дүүргийн хоёр, найм, 13,14,17дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилбээр татсан усанд автаад байна. Эдгээр арван гудамжинд оршин суух 32 айл өрх усанд автсанаас одоогоор гурван айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 24, 25, 26, 28, 34, 62 дугаар байрнуудын хонгилын хэсэг усаар дүүрээд байсныг дүүргийн онцгой байдлын албан хаагчид соруулан авчээ. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Татварын газар, Геологийн төв лаборатори, Драгон үйлчилгээний төвийн ойролцоох зам, талбай усанд автсанаар явган болон тээврийн хэрэгслээр зорчиход ихээхэн хүндрэл учраад байгаа аж. Yep усны аюул хөдөө орон нутагт харьцангуй бага байгаа ч энэ сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол гэдэг газар малдаа явж байсан 14-46 насны зургаан хүн уруйн үерт урсжээ. Аймгийн онцгой байдлын алба шуурхай ажилласны дүнд дөрвийг нь эсэн мэнд аварчээ. Аврах албаныхан.одоогийн байдлаар 46 настай Б-г нас барсан байдалтай олж, 14 настай Д-г хайсаар байна. Мөн өдөр Төв аймгийн Баянхангай сумын Өгөөмөр гэдэг газар тус сумын иргэн С-ийн бороо салхинаас хорогдож байсан саравч нь салхинд нурснаар даруулан нас баржээ. Дээрх ургэлжлэн орсон бороо манай улсын зарим нутагт маш том ширхэгтэй мөндөр болон оржээ. Энэ сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд маш хүчтэй том ширхэгтэй мөндөр орсны улмаас олон арван байшин барилгын цонх хагарч сүйдээд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар13 минут орсон 12мм-ийн голчтой уг мөндөрт тус аймгийн 15 аж ахуй нэгжийн 250 орчим цонх хагарчээ. Азаар ямар нэгэн хүний амь эрсдэн, гэмтэж бэртсэн тохиолдолууд ажиглагдаагүй байна. Манай улсад үүнтэй төстэй мөндөр одоогоос зургаан жилийн өмнө буюу 2002 оны долдугаар сарын 13-ны өдөр Хангай, Хөвсгөлийн зарим уулархаг нутгаар орж байжээ. Хэдхэн минутын турш ширүүн орсон тус мөндөрт олон арван хүн, мал гэмтэж, бэртэн нэлээдгүй хэдэн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан гэнэ. Тухайн үед уг мөндөр зөөлөн дээвэртэй байшин барилга болгоны дээврийг цөмлөн орж байжээ. Хойшид ч энэ мэт хүний аминд хүрэхээр том ширхэгтэй мөндөр орохгүй гэх газаргүй гэнэ. Иймээс энэ сарын 22-нд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хуралдаж Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, улс орны хэмжээнд тохиолдоод байгаа үер усны аюул, түүнээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон албан тоотыг аймаг сумдын холбогдох албан хаагчидад хүргүүлж өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон нутгийн зүүн хагаст, 25, 26-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Иймд тухайн газруудаар үер усны аюул ихээр тохиолдож магадгүй байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд манай улсын ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөндөө дөрвөөс есөн градус, өдөртөө 14-19 градус, говь талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус хүртэл халах аж. Харин бусад нутгаар шөндөө 10-15 градус, өдөртөө 20-25 градусын дулаан байх төлөвтэй байна. Онцгой байдлын ерөнхий газраас үер усны аюул учирсан тохиолдолд гамшиг, ослын талаархи шуурхай мэдээллийг дараах дүүргүүдийн утсанд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.