”Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ үндсэн хуулиа мөрдөх эсэхээ өнөөдөр шийднэ

2020/02/17
Share |
Хүмүүс:
”Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ үндсэн хуулиа мөрдөх эсэхээ өнөөдөр шийднэ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЖ, НЭГЖ ХУВЬЦААНЫ ҮНЭ ТОДОРХОЙ БОЛНО

Хэдхэн жилийн өмнө бид “Баялгийн хараал”, “30 гэр бүл”, “Нүүрсчдийн нам” гэх мэт зүйл ярьж байснаас газрын доорх баялгаас иргэд тэгш ашиг хүртэх тухай ярих ямар ч аргагүй нөхцөлд байв. Харин төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани менежментийн шинэчлэл хийж, өнгөрөгч 2018 онд 720 тэрбум, 2019 онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тиймээс монголчууд бид байгалийнхаа баялгаас тэгш хувь хүртэх сайхан цагтай золгож байна. Одоо бид энэхүү баялгаа хувьцаа болгон дотоодын болон гадаадын Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд гаргах, иргэдийнхээ хараа хяналт бүхий санд төвлөрүүлчих юм бол хаашаа ч хөдлөхгүй, хамгийн найдвартай хөрөнгө болно. Монгол Улсын хөгжил дэвшил, иргэд өөрсдийнхөө амьдралд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. 

Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан бол мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан байдаг.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой-н үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх суурь зарчимд одоо л нэг бүрэн дүүрэн нийцэж байгаа нь цаашдын ажлынх нь зам мөр ч дардан байх нэгэн үндэс байж таарна. Энэ айлын ажил өнгөтэй өөдтэй байна гэдэг хувьцаа эзэмшигч иргэдийн ирээдүй ч хөрөнгөлөг байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” нь алс хэтээ харсан олон ажил өрнүүлж, цааш үргэлжлүүлж явахын тулд 30 хувийн хувьцааг IPO гаргах, амь оруулах ажил эхлүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд 1072 хувьцаагаа брокер диллерийн компанид бүртгүүлэх, дансаа баталгаажуулах гээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд урт дараалал үүсгэж байсан нь саяхан.

Тиймээс бид сүүлийн үед болж байгаа үйл явцын талаар “Эрдэнэс Тавантолгой”  компанийн “1072 мэдээллийн албан менежер” Э.Баатар­­цогтоос лавлалаа. Тэрээр өнөөдрийн байдлаар 1072 хувьцааны дансанд 1.9 сая иргэн бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулаад байгаа бол 600 мянган иргэн дансаа албажуулаагүй байна. Үүнээс 250 орчим мянган хүүхэд, 300 гаруй мянга нь гадаадад ажилладаг буюу сурдаг хүмүүс, өндөр настнууд байдаг аж. Үүнээс харвал иргэд олон нийт баялгийн тэгш хуваарилалтын талаар чамгүй сайн мэдээлэлтэйгээс гадна зөв ойлголттой болсон нь харагдана. Ямартай ч өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой-н Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдах юм байна. Уг хуралдаанаар юуны өмнө нэгж хувьцааны үнэ тодорхой болохоос гадна олон асуудлаа шийдэх аж. Компанийн тухай хуулиар тухайн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл эцсийн шийдвэр гаргагч байдаг учраас эндээс гарах шийдвэр юу юунаас чухал байна. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтайгаа ойлголцохоос эхлээд ажил бий л байх. Албаны хүний ярьж байгаагаар бол нэгж хувьцааны үнэ тодорхой болчихвол иргэдийн идэвх ч сэргэх аж. Урьд өмнө иргэд 1072 хувьцаатай гэдгээ сайтар мэдэж байгаагаас чухам хэдэн төгрөгийн хувьцааг ямар журмаар, хэрхэн эзэмших, хэрхэн ашгаа хүртэж байх талаар төдийлөн ойлголтгүй байсан бол  энэ нь өнөөдөр тодорхой болж байна. 

Тус компаниас “Хуримтлалтай хувьцаатай иргэн аян”-ы хүрээнд 60 мянга орчим иргэдийн дунд сургалт судалгаа явуулжээ. Энэ үеэр судалгаад оролцсон нийт иргэдийн 47 хувь нь хувьцаагаа бэлэн мөнгөөр гар дээрээ авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол 50 гаруй хувь нь хувьцаа болгох юм уу, ямар нэгэн хэлбэрээр хуримтлалын санд төвлөрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тэд “Бид урьд өмнө бэлэн мөнгө аваад юу ч болгож чадаагүй. Дэмий л үнэ хөөрөгдсөнөөс цаашгүй. Ирээдүйгээ харж, найдвартай хөрөнгө оруулалт хийх нь зөв” хэмээн өөрсдийнхөө байр суурийг илэрхийлжээ. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн албан ёсны веб сайтаар санал асуулга явуулахад 4000 гаруй иргэн оролцож, 68 хувь нь “хөрөнгө оруулалтаа хий” гэжээ. Уг нь энэ байдлаар явбал одоогийн ногдол ашиг дараагийн жилдээ маш их хэмжээгээр нэмэгдэх юм байна. Олон улсын баялгийн сангуудаас судалгаа хийсэн тайлан ч байдаг юм билээ. Тэгэхээр иргэдийн дийлэнх хувь нь хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол сайн хэрэг. Монгол Улсын ирээдүй, иргэдийн амьдралд нэн хэрэгтэй зүйл юм. Өнгөрөгч 2018 онд Тавантолгой нь дэргэдээ “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг ажиллуулж эхэлснээс хойш иргэдэд нээлттэй мэдээлэл өгч ойлголт өргөн болсныг судалгааны дүнгээс харж болно.  Энэ утгаараа компанийн засаглалын зарчмаар улирал, хагас жил тутамд тайлангаа олон нийтэд ил тод мэдээлж байгаа бөгөөд “1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулагдсанаас хойш хоёр сая гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Тавантолгойн орд газар түшиглэсэн олон ажил эхлүүлсэн байгааг бид мэднэ. Тухайлбал, Зүүнбаян, Ханги, Мандал чиглэлийн 400 гаруй километр, Гашуун сухайт, Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг тус тус дотоодын хөрөнгө боломжид тулгуурлан эхлүүлчихсэн амжилттай явж байгаа. Мөн боловсруулах, хими технологийн, цахилгаан эрчим хүчний үйлдвэр гэх мэт дэд бүтцийн ажил амжилттай эхлээд урагшилж яваа учраас хувь­цаа эзэмшигчдийн ашиг орлого ч нэмэгд­сээр байхыг харуулж буй хэрэг.

Одоо л бид баялгийн тэгш хуваарилалт, хувьцаа эзэмших, баялгийн сан, хөрөнгийн зах зээл гэх мэт өргөн ойлголттой болж байгаа юм. Үүнээс өмнө бол битүү хатуухан байсан. “Энэ бол бидний юм” гэсэн ойлголт төдий явж ирснийг нуух аргагүй. Тухайлбал, 2008, 2016 онд “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”, “Сайн хувьцаа” гэх мэт сонгууль угтсан ажиллагааны “золиос” болж байсан түүхтэй улс. “Золиос” гэсний учир нь үе үеийн эрх баригчид хаанаас ч ямар ч орлого бүрдээгүй байхад ихээхэн хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан тарааж байв. Үнэн хэрэгтээ энэ мөнгө нь эргээд бидний ашиг хүртэх ёстой орж ирдэг бодит орлогыг өрөнд тараах нөхцөл болж байлаа. Хууль дүрэмгүй л ажил гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хамгийн наад захын жишээ дурдахад, БНХАУ-ын “Чалко” компаниас ихээ­хэн хэмжээний мөнгө зээлээд энэ сангаар тарааснаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаар хэдэн жилийн турш төлж дуусгасан учиртай. Энэ мэт сонгууль угтсан ажиллагаа нь улс орны эдийн засагт ихээхэн дарамт болж, тэр хэрээр иргэдийн амьдралд нөлөөлдгийг эдийн засагчид өгүүлдэг. Одоо бол энэ алдааг давтахгүй байх.

Тиймдээ ч сүүлийн гурван жилд “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийн баг чамгүй сайн ажилласны хувьд ашиг орлого нь өсөж, өнөөдөр гэхэд нэг их наяд төгрөгийн орлого олчихсон байх жишээтэй. Уг нь бол УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоол гэсэн гурван ч удаагийн тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гагцхүү бодит орлого бүр­дүүлж, ном дүрмээр ашиг хувааж байсангүй. Хамгийн гол нь ашиг орлогоо тарамдуулж, хойд хормойгоо авч урьд хормойгоо нөхөх жишгээр явж иржээ. Нөгөө талаар иргэд олон нийтэд энэ талын өргөн мэдээлэл өгч байсан кампанит байгаагүй гэхэд болно. Уг нь дэлхийд данстай аварга том орд газар эзэмшдэг Монгол Улсын иргэд ядуугийн зовлон эдлэх учиргүй хэмээн хаа хаанаа ярьдаг ч энэ тал дээр менежмент хийлгүй байсаар ирж үү дээ гэсэн бодол хаа хаанаа төрсөн байх. Харин өнөөдөр зөв бодлого, сайн менежментийн хүчээр иргэн бүр баялгаа тэгш хүртэх боломж бүрдсэн байна.

 

 

 



С.Ууганбаяр 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.