Иргэд 1072 хувьцаанд ногдол ашиг олгохыг ДЭМЖИЖ БАЙНА

2020/02/20
Share |
Хүмүүс:
Иргэд 1072 хувьцаанд ногдол ашиг олгохыг ДЭМЖИЖ БАЙНА

Стратегийн ордын жагсаалтад багтсан Тавантолгойн ордын лицензийг эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах болсноо хэдхэн хоногийн өмнө зарласан. Тус компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг  тооцсон бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг олгоно. Одоогоор 1072 хувьцаатай нэг сая гаруй иргэн, 750 ширхэг хувьцаатай 667 мянган иргэн байгаа зэргээр иргэдийн гар дээрх  хувьцаа харилцан адилгүй хэмжээтэй байна. Компанийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-өөс гаргасан энэхүү шийдвэрийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцүүлж баталгаажуулах хүлээлттэй байгаа юм. Иргэдийн зүгээс хэрхэн ногдол ашгаа авах талаар чих тавих болжээ.

 


Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компани дахь иргэдийн эзэмшлийн хувьцааг мөнгөжүүлэх хоёр удаагийн шийдвэр гаргасан байдаг. Засгийн газрын 2016 оны 334 дүгээр тогтоолын дагуу өөрийн эзэмшлийн хувьцаагаа төрд буцаан худалдах хүсэлтээ 1.3 сая иргэн өгсөн.

Улмаар 360 гаруй тэрбум төгрөгт ногдох 386,416,192 ширхэг хувьцааг төрийн мэдэлд шилжүүлсэн юм. “Сайн хувьцаа” гэж нэрлэсэн энэ үйл ажиллагаа улсын төсөвт асар хохирол авчирсан гэж үздэг. Мөн Засгийн газрын 2012 оны 201 дугаар тогтоолоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн нэг сая төгрөг, 2011-2012 онд  их дээд сургуульд суралцаж байсан оюутнуудад сургалтын төлбөр зэргээр хишиг, хувь хүртээсэн байдаг. Үүнд, 500 орчим тэрбум зарцуулсан зэрэг нь цэвэр улс төрийн шийдвэр байжээ. Тэгвэл энэ удаагийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах шийдвэр ямар нэг улс төрийн оролцоогүй, цэвэр “Эрдэнэс Тавантолгой”-н эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэсэн арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Тиймээс нийгэмд олон жилийн хүлээлт үүсгэсэн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах асуудлаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

ХУВЬЦААГАА ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХЭЭ ЭДЭЛМЭЭР БАЙНА

Т.Тулга (Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэн)

-Тодорхой хэсгийг нь 2011-2012 онд оюутны сургалтын төлбөрт суутгуулаад 544 ширхэг хувьцаатай үлдсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани энэ удаад хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болсныг хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Өнгөрсөн жилүүдийн ногдол ашгийг төмөр зам тэргүүтэй бүтээн байгуулалтад зарцуулсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Иргэдэд хүртээх боломжтой байсан хөрөнгийг улс орны хөгжил дэвшилд зарцуулсныг буруутгахгүй. Гэхдээ бүтээн байгуулалт нь дуусаж, улс орныхоо эдийн засагт үр өгөөжөө өгөөсэй. Үнэхээр үр өгөөжөө өгч байвал, энэ жилийн ногдол ашгийг ч бүтээн байгуулалтад зарцуулахад буруудахгүй болов уу. Мөн бид үнэхээр хувьцааны эзэн гэж байгаа бол захиран зарцуулах эрхээ бүрэн эдлэх ёстой гэж боддог. Иргэдэд хувьцаагаа зарах эсвэл нэмж худалдан авах эрхийг нь өгсөн цагт 1072 хувьцаа жинхэнэ утгаараа амь орно гэж хардаг. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч нэмэр болно.  

 

НЭГ УДААГИЙН МӨНГӨ ТАРААХ ХЭЛБЭР БИТГИЙ БАЙГААСАЙ

Ж.Энхсайхан (МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн оюутан)

 -"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох болсон гэдгийг дуулсан. Миний 1072 хувьцаа бүтнээрээ байгаа учраас 96 мянган төгрөг хүртэнэ гэж ойлгож байна. Манай гэр бүлийнхэн дунд өмнө нь олон төрлийн хөнгөлөлт эдэлж, хувьцаагаа төрд худалдсан тохиолдол бий. Ногдол ашиг хуваарилалт хувьцаагаа зарж үрээгүй иргэдэд ашигтай тусаж байх шиг байна. Тиймээс ирээдүйд бүр илүү үнэ цэнтэй болно гэдэгт итгэдэг. Яаж ашиглах нь мэдэгдэхгүй энэхүү хувьцааг амь оруулж хөдөлгөөнд оруулж байгааг баяртай хүлээн авсан. Иргэн хүнийхээ хувьд энэ ердөө сонгуулийн бэлэн мөнгө тараалтын нэг хэлбэр биш байгаасай. Цаашид байгалийн баялгаас иргэддээ хувь хүртээж буй энэ мэт үйл ажиллагаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд маш их үр дүнгүй зарцуулалт хийсэн талаар дуулж байлаа.

 

АХМАДУУДЫН ХУВЬД ҮҮНЭЭС ИЛҮҮ САЙН МЭДЭЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

С.Энхтуяа (Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн)

-Засгийн газраас 2016 онд 1072 хувьцааг мөнгөжүүлэхэд, тодорхой хэсгийг нь төрд худалдсан. Одоо 750 ширхэг хувьцаа байгаа. Түүндээ ногдох ашиг хүрэхээр болсондоо баяртай байна. Ялангуяа ахмадуудын хувьд үүнээс илүү сайн мэдээ гэж юу байх вэ. Монгол хүн болж төрснийхөө хувьд баялгийнхаа хишгийг хүртэж байгаа нь азтай хэрэг. Шаардлагатай бол ногдол ашгаа улс орондоо хэрэгтэй ажилд зарцуулахыг зөвшөөрнө. Энэ удаад ногдол ашиг хүртэж буйгаа Тавантолгойн ордын ашиглаж ирсэн цагаас хойших олон залуусын хүч хөдөлмөрийн үр шим гэж ойлгож байгаа. Энэ мэт бусад ордууд ч гэсэн үр өгөөжөө өгөх цаг ирэх болов уу. Тиймээс залуучууддаа хандаж, эх орныхоо газар шороог хайрлаж яваарай гэж захья даа. Харин хэрхэн яаж  ногдол ашгаа авах тал дээр бол муу ойлголттой байгаа.

 

НОГДОЛ АШИГ ОЛГОЖ БАЙГААГ ЗӨВ ШИЙДВЭР ГЭЖ ХАРЖ БАЙНА

О.Ганжаргал (Чингэлтэй дүүрэг XII хорооны иргэн)

-Миний хувьд 2011, 2012 онд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлснээр 1072 хувьцаагаа бүхлээр нь төрд худалдсан гэж ойлгож байгаа. Тэр нь ч оносон гэж боддог байсан л даа. Манай үеийнхэн бараг бүгд сургалтын төлбөртөө суутгуулсан болов уу.  Энэ удаад 1072 хувьцаанд ногдол олгож байгааг зөв зүйтэй шийдвэр гэж харж байна. Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө ашиглаж, үр өгөөж хүртэхийг буруутгах хүн гарахгүй байх. Гаднынхнаар ухуулаад, өөрсдөө хараад суултай биш дээ.  Цаашид Тавантолгойн ордын үнэ цэнэ өсөхийн хэрээр ногдол ашиг өснө гэж ойлгосон. Өнгөрсөн жил нэгж хувьцаанд 25 төгрөг ногдохоор байсан бол энэ жил 90 төгрөг болж өссөн гэж ярихыг сонссон. Тиймээс нэгж хувьцааны үнэ нэмэгдэж, иргэдэд ирэх ногдол ашиг өсөх байх. Дахин хувьцаа авах боломж олдвол, авахад бэлэн.

 

СТРАТЕГИЙН ОРДУУДАА АШИГЛАХ САЙН ЖИШГИЙГ 1072 ХУВЬЦАА ХАРУУЛЖ БАЙНА

Х.Батсуурь (эдийн засагч, судлаач)

-Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” компани маш сайн ажиллаж, өндөр ашиг гаргасан. 2018 онд  ч 760 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Миний тооцоолсноор тухайн үед 1072 хувьцаатай хүнд 60 орчим мянган төгрөгийн ногдол ашиг олгогдох боломж байсан. Гэхдээ 2018 оны ашгаа дараа дараагийн жилд өснө гэж тооцож, бүтээн байгуулалтад оруулахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жилийн тухайд түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүллээ. Оюутолгой ордыг том хөрөнгө оруулалт, олон тэрбум ам.долларын борлуулалттай гэж үздэг боловч яг бодитоор үр өгөөжөө өгөөгүй. Тэгвэл 100 хувь үндэсний эзэмшилтэй “Эрдэнэс Тавантолгой” компани 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Цэвэр ашиг нь их наяд төгрөг давжээ. Энэ бол маш өндөр амжилт. Цаашид энэ үзүүлэлтээ хадгалаад явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар  болсныг зөв шийдвэр гэж харж байна. Монголын ард түмэн олон нийтийн компаниас хувь эзэмшиж байгаагийн хувьд анх удаа өөрсдөдөө ногдсон ашгаа хүртэх боломжтой боллоо. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ бол монгол хүн болж төрсний хувьд эх орныхоо хишгийг хүртэж буй хэлбэр. Зөвхөн Тавантолгойн ордоор хязгаарлагдахгүй бусад стратегийн орд дээр ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа сайн жишиг болж байна.    Тавантолгой бол дэлхийд дээгүүрт бичигдэх, өндөр чанарын коксжих нүүрсний аварга орд. Ийм орд дээр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани маш бага зардлаар маш өндөр ашигтай ажиллаж байна. Төр муу менежер биш өндөр ашигтай ажиллаж болдог гэдгийг энэ компани сүүлийн 3-4 жилд харууллаа. Бага зардлаар ажилладаг, зах зээл нь дэргэдээ зэрэг давуу нөхцөлүүдийг харвал, “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид ч одоогийнх шигээ ашигтай ажиллах бүрэн боломжтой. Тавантолгойн орд одоогийн байгаа нөөцөөрөө ажиллахад, Монголын ард түмнийг наад зах нь 100 жил тэжээх асар их нөөц юм. Энэ хэрээрээ ард иргэдэд ирэх ногдол ашиг өсөх бүрэн боломжтой.

Ямартай ч иргэд болон эдийн засагчдын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” компани дахь 1072 хувьцаагаар дамжуулан байгалийн баялгаасаа хүртэх монголчуудын олон жилийн мөрөөдөл бодит ажил болсныг зөв зүйтэй шийдвэр гэж үзэж буйгаа илэрхийллээ. Гэвч албаныхны өгсөн мэдээллээр 580 мянган иргэн хувьцааны дансаа баталгаажуулаагүй байгаа аж. Дээрх иргэд аль нэг үнэт цаасны компанид хандах хувьцааны дансаа нээлгэснээр ногдол ашиг тараах ажил цэгцрэх юм. Уншигчдадаа зөвлөхөд, “ETT” нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг гар утсандаа татаж авснаар хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа хөрөнгийн зах зээлд оролцох зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.