Х.Мандахбаяр: Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна

2020/04/21
Share |
Хүмүүс:
Х.Мандахбаяр: Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна

МСНЭ-ийн ерөнхийлөгч, медиа группийн эзэн, сэтгүүлч, байгаль хамгаалагч гэх мэтийн олон тодорхойлолтын эзэн Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа.


-Х.Мандахбаяр хэмээх тун олон талтай хүний талаар олон нийт мэддэг болсон. Энэ удаа байгаль хамгаалагч, тэмцэгчийн дүрээр илүү тодроод буй Мандахбаяртай ярилцахаар ирлээ. Яаж яваад байгаль хамгаалагч болчихов оо?


-Би ч уг нь олон нийтэд тэгтлээ ил байсан хүн биш л дээ. Одоогийн хашиж буй албыг эс тооцвол нэг их сонирхоод байх зүйлгүй, овойж товойж, тодорч бичигдээд байх ч шаардлагагүй, бусдын л адил амьдралыг туулж яваа жирийн залуу. Харин МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш олон зүйл хийх гэж улайрсан маань хүмүүсийн анхаарлын төвд чамгүй оруулах шиг боллоо. Нэг зүйл бариад авахаараа заавал ард нь гарах гэж зүтгэдэг нь миний багын зан. Болохгүй гэх тусам болгох гэж дайрдаг, өөр гарц гаргалгаа хайдаг зан чанар, өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй хэв шинж надад байдаг. Алдсан, оносон аль ч үедээ ямар нэг зүйлийг болгох гэж араас нь хөөцөлдөж явсан байдаг юм.

Сэтгүүл зүйн салбарын тэргүүнээр ажиллах хувь тохиосноос хойш олж харсан асуудлуудаа өөрийнхөөрөө шийдэх гэж, гарц гаргалгаа хайж зүтгэсэн. Үүнийг минь ойлгож дэмжсэн нь ч бий, бас эс таалсан нь ч бий. Угаас бүх хүнд таалагддаг зүйл байх биш. Үүнээс үүдээд таны хэлж байгаа олон дүр, олон тал бий болж эхэлсэн болов уу. МСНЭ-ийн ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр гээд явж байтал бизнесмэн, тун хэрүүлч, заргач, цаашилбал шантаажчин ч бололтой болоод явчихсан. Энэ олон дүрийг би бүтээе гэж бүтээгээгүй. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг хийчих юм сан гэсэн санаа зорилго дээр олон янзын шалтгаанаар ийм дүрүүд гарч ирсэн. Зарим дүрийг нийгэм их тодоор хүлээж авсан байх. Заримыг нь ч төдийлөн мэдэхгүй, явцуу хүрээнд янз бүрээр хардаг болов уу.

Тэмцэгч гэх юм уу, байгаль хамгааллын чиглэлээр ажилласнаас хойш олон нийт энэ тал руу нь илүү харах болж. Түрүүнд хэлснээр нэг зүйлийг барьж авахаараа ард нь гарах гэж улайрч зүтгэдэг, аливаа асуудлыг шийдэх гэхээрээ түүнийгээ орхидоггүй, зогсдоггүй чанар маань байгаль хамгаалагч гэх үү, тэмцэгч гэх үү, энэ дүрд хүргэж байх шиг байна. Би ийм дүр бүтээе ч гэж бас бодоогүй л юм.

“ЧОЙЖИЛСҮРЭН ЯВУУЛСАН УУ, ХЭН ЯВУУЛСАН” ГЭЭД ӨӨДӨӨС НЬ БИЧЛЭГ ХИЙХЭЭР НАЙЗ НӨХӨД МААНЬ “ЧИ ЧИНЬ ЯМАР БАЛАЙ БОЛЧИХСОН ЮМ БЭ” ГЭЭД ГАРДАГ БАЙЛАА

-Тэгээд юу нөлөөлөөд энэ хүртэл явчихав?


-2017 онд Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд даргаар сонгогдож, орон нутагтаа нэг жил ажиллаж, амьдарсан. Тэндээ байр сууцтай болоод гэргий хүүхдээ дагуулж, гэрийн тавилга, хэдэн номоо ачаад шууд нүүсэн. Тэр үед иргэдтэй, намын гишүүдтэй уулзахаар Тост, Тосон бумбын тухай л ярьдаг байлаа. Ялангуяа ахмадууд “Тэр сайхан байгалийг ухах гэж байна.

Чи сэтгүүлч, аав тань сэтгүүлч, яруу найрагч, энэ нутгийн хүн. Үүнд анхаарлаа хандуулж, дуугараач” гэнэ. Тэгээд ер нь нүдээрээ харъя гэсэн бодол төрж, Тост, Тосон бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голд очсон. Миний ааваасаа өвлөж авсан хүмүүжил бол ном унших. Миний аав 34 ном бичсэн, хөдөөгийн яруу найраг талдаа Монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн байр суурьтай хүн. Аавын шүлэгнээс уншиж, нүдэндээ төсөөлж, сэтгэлдээ зурж өссөн болохоор нутгийн уул, ус ерөнхийдөө цээжинд байдаг юм.

Аавын минь шүлэгт бичигдсэн Хөвд, Хуршуутын гол, Нэмэгтийн хөндий, 13 даац, Тост, Тосон бумбын нуруу, Шаргын хэц, буйлсын ой, зулзаган загийн ой, дэлхийд ховордсон тоорой мод уурхайг тойроод, тун удахгүй ухуулж устах, унаган төрхөө алдах аюулд ороод байгааг хараад хамгаалахаас аргагүй гэдэг итгэл үнэмшил улам батажсан. Тэр сайхан газар нутаг, байгалийн үзэмж, ховор тогтоцыг устгаж, ухаад нүүрс зөөнө гэхэд эмзэглэл төрсөн. Тэгээд уул усандаа хандан “Эх нутаг, алтан нар, мөнгөн сар, эцэг тэнгэр, эх дэлхий минь, энэ сайхан нутгаа хамгаална. Чадахгүй бол амиа өргөнө” гээд хатуу амлачихсан. Би их сүсэгтэй хүн л дээ.

-Нээрэн ингэсэн гэж үү. Төсөөлөхөд бэрх юм?


-Бүр яг бодитой болсон явдал. Ийм сүсэгтэй, ингэж амладгийг минь найз нөхөд маань ч мэднэ. Уулчин, Гавьяат тамирчин Өсөхбаяр бид хоёр хар багын найз. Бид 2011 онд Шилийн богд руу хамт явлаа. Тэгээд уул өөд алхтал би бөглөрч тагларч, ханиалгаад, замдаа хэд амарч арайхийн оройд нь хүрсэн. Уг нь тэгж хүн зовоогоод байх өндөр уул биш шүү дээ. Өсөхөө тамхи татдаггүй, харин би өдөрт гурван хайрцгийг татчихдаг айхтар тамхичин байв. Намайг Өсөхөө тамхи их татлаа гэж зэмлэнэ.

Аахилж уухилсан намайг аанай л “Тамхинаас болж байгаа юм” хэмээн Шилийн богдын орой дээр зэмлэхээр нь биеэ ийм болгон болгон тамхи татахаа больё гэж шийдээд “Шилийн богд хайрхан минь, би дахиж тамхи татахгүй. Хэрэв тамхи татвал миний нэг ч ажил бүү бүтэг” гээд амлачихсан.

Ингэхээр хүн өөрийгөө кодлочихдог юм. Ер нь хийе гэвэл амла гэдэг. Би аливаа зүйлийг хийе гэвэл шууд амладаг зантай. Өөрийгөө үүрэгжүүлж байгаа нь тэр. Ор болохгүй зүйлийг амлаж болохгүй л дээ. Амлалтдаа хүрэхгүй бол худлаа ярьсан хэрэгт орж, бурхан буцаагаад надаас нэхэж авна. Тиймээс бүтнэ гэж бодсон зүйлээ амлаж, бүтээхийн төлөө зүтгэдэг.

-Нутаг усаа хамгаална гэдгийг хаана амласан гэнэ ээ?


-Тост, Тосон бумбын нуруу руугаа харж байгаад тэгээд хэлчихсэн. Зарим хүн үүнийг ойлгохгүй байх. Хүн өөртөө амлалт өгөх, өөртөө үнэнч байх гэдэг бол хамгийн том зүйл. Өөртөө үнэнч байж чадаагүй хүн бусдад үнэнч байх нь юу л бол.

-Тост, Тосон бумбын асуудлыг сөхөөд тагнуулынханд баригдаж байсан гэж ярьсныг тань санаж байна. Тэгэхэд юу болсон юм бэ?
-Тост, Тосон бумбын тэмцлийг хувь хүнийхээ итгэл үнэмшлээр эхлүүлж байхдаа 2017 онд “Тосон бумбын нулимс” гэж гурван цуврал нэвтрүүлэг хийсэн. Тэр үед би телевизгүй, хэдэн сайттай байлаа. Нэвтрүүлгээ телевизүүдэд өгч гаргуулах гэтэл авдаггүй, төлбөр төлье гэсэн ч нэмэр болоогүй. Тухайн үед эрх баригч намын нөлөө бүхий гишүүн, Сангийн сайд нь “Тост, Тосон бумбад лицензтэй “Саус гоби коал транс” компанийн хувьцааг би эзэмшдэг” гээд ярьж л байдаг, их том хамгаалалттай газар болохоор телевизүүд нэвтрүүлгийг маань аваагүй хэрэг. Би 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд олон нийтийн сүлжээнд эхний нэврүүлгээ тавиад, дөрөвдүгээр сарын 29-нд Номгон сумд уулзалт хийж явахдаа тагнуулын байгууллагад баригдсан. Буу шийдэм агсаж, баг зүүсэн сүрэй хүмүүс ирж билээ, одоо санахад.

-Олны анхаарлын төвд төдийлөн ороогүй үе тань болохоор хүмүүс анзаараагүй байх нь?


-Тийм. Сэтгүүлчид “Зиндаа”-гийн Мандах гэдгээр, өмнөговийнхон “Хархүү багшийн хүү аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ирсэн гэнэ” гэж ярих хэмжээнд л мэддэг байсан. Нэвтрүүлэг гараад ирэнгүүт уурхайн эзэд “Энэ нөхөр Тост, Тосон бумбыг хамгаалах ажилд эргэж буцахгүй орох нь. Тиймээс эртхэн хашрааж, зогсоо” гэсэн байх гэж боддог. Надад ямар ч хамааралгүй асуудлаар хэрэг үүсгээд, барьж хорьсон.

Гурав хоног Ганц худагт хориод, дахиад 14 хоног үргэлжлүүлэн хорих санал ТЕГ-аас ирүүлсэн байсан. Сайн өмгөөлөгчдийн буянд хугацаагаа сунгуулалгүй Ганц худагаас гарч, өөрийгөө хамгаалсны хүчинд хоёр сар шалгагдаад, тэдний хилсээр үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болж байлаа. Тэгж хорьсон нь намайг улам хурцалсан. Эд уурхайгаа хамгаалахын тулд хэнийг ч, яахад ч бэлэн байна, тэгэхээр би илүү хэрсүү, зохион байгуулалттай, хийгүй байж ард нь гарна уу гэхээс ганцаараа үсэрч дэвхцээд болохгүй нь гэдгийг ухаарсан.

Тэр үед нэг золтой явдал болсон нь иргэн Сүрэнхүүгийн нэхэмжлэлтэйгээр “Саус гоби коал транс”-ын асуудал шүүхэд очсоноор юу юугүй ухах гэж байсан үйл ажиллагаа нь зогссон юм. Хоёр жил бүх шатны шүүхээр яваад, 2019 оны гуравдугаар сарын 18-нд Дээд шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэлийг бүх шатны шүүх хэрэгсэхгүй болгосноор “Компани хуулийн дагуу ажиллаж байгаа юм байна, Тост, Тосон бумбыг ухаж болно” гэж байгаа юм. Ингээд шийдвэртэй хөдөлж тэмцэхгүй бол нутгаа ухуулахаар болсон тул өнгөрсөн хавраас хөдөлж эхэлсэн.

Би МСНЭ-ийн ерөнхийлөгч гэдэг сайхан албанд томилогдоод нэг жил ажиллачихсан, тэгэхдээ нэлээд зүйл яриад, том зорилго тавьчихсан байлаа. Гэтэл уурхайнхан намайг олон нийтэд муухай харагдуулах дайралт, гүтгэлэг цацахын хажуугаар энэ сонгуульт албан тушаалтай холбож элдвээр мушгих, зарим сэтгүүлчийг миний эсрэг эргүүлэх, Мандахбаяр гэдэг хүнийг салбараас нь холдуулах, найз нөхдийн дунд ч ад үзүүлэх тактикийн шинжтэй дайралтууд хийгээд болдоггүй. Тэгэхээр нь МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албанаас түдгэлзэж байгаад үзэлцлээ шүү дээ.

-Олон жил Тост, Тосон бумба гэж яриад улиг болчихсон, аль нь үнэн, аль нь худлыг хүмүүс ялгахаа больж дөжирсөн байхад нь асуудлыг хүчтэй, ул суурьтайгаар хөндөж, үр дүнд хүргэсэн шүү?


-Яг надтай адилхан эх нутгаа хамгаалъя, Тост, Тосон бумбыг сүйтгүүлэхгүй авч үлдье гэсэн зорилготой хүмүүс Өмнөговьд төдийгүй Монголоор дүүрэн байсан. Үүний хамгийн тод жишээ нь Т.Лхагвасүмбэрэл агсан шүү дээ. Энэ хүүТост, Тосон бумбыг Монголд таниулж, олон нийтийн анхаарлын төвд авч ирсэн. Харамсалтай нь амь үрэгдсэн. Үүнээс хойш хүмүүсийн дунд айдас түгшүүр бий болсон шүү дээ.

Тост, Тосон бумбыг хамгаалах ёстой гэсэн үзэл санаатай хүмүүс олон хэсэг, тархай бутархай байсан учраас хүч нь тарамдаж, ягтаа тулсан байлаа. Энэ тэмцлийг нэгтгэхгүйгээр юунд ч хүрэхгүй нь гэж үзээд тэмцэгчдийг нэгтгэсэн. Мөн миний бие өөрөө медиа групптэй байгаа нь хараат бусаар мэдээлэл хүргэж, олон нийтийн анхаарлыг татахад их дэм болсон. Нэг хоноход л нөхцөл байдал хангалттай өөрчлөгдөж байсан тэр үед бид томоохон сонгууль явуулах хэмжээний зохион байгуулалтад орж ажилласан шүү.

-Нөгөө тал ч гэсэн таны эсрэг маш зохион байгуулалттайгаар ажиллах шиг харагдсан. Танд ямар нэг дарамт, шахалт ирж байв уу?


-Аль болгоныг ярих вэ. Хүн үнэмшихээргүй дарамт шахалт, заналхийлэл, гүтгэлэг, доромжлол, басамжлал, дайралт, халдлага ирсэн шүү дээ. Яг тэр тэмцлийн үед тэр болгоныг ярьж болохгүй. Тэгвэл үндсэн асуудал нь сарниад, олон нийт уг асуудлаа ойлгохгүй, нэг хүний, Мандахбаярын тухай сенсацыг хөөгөөд явчихна. Тэгэхээр би бусад бүх зүйлийг орхиод, гол асуудал болох Тост, Тосон бумбаа, хууль зөрчсөн компаниа ярьсаар ард нь гарсан. Үүний үр дүнд асуудал Ерөнхий сайдын анхааралд хүрч, Тост, Тосон бумбын нуруунд нүүрс олборлохоор дайрч байсан “Саус гоби коал транс” компанийн лицензийг цуцалсан.

-Нэгэнт энэ талаар ярьсных асуух нь зөв гэж бодлоо. Тэр үед “Мандахбаяр шантааж хийж байна. Хэдэн тэрбумыг нэхсэн гэнэ” гэсэн мэдээлэл нэлээд хүчтэй явсан?
-Тийм зүйл огт байхгүй шүү дээ. Тост, Тосон бумбын нурууг ухахаар улайрч байсан тэр хүмүүс намайг буулгаж авахын тулд янз янзын арга хэрэглэсэн. Хамгийн хүндэлж хайрладаг хүмүүсээр минь дамжуулж уулзах хүсэлт өчнөөн тавьсан. Энэ бол үнэн. Би тэдэнтэй уулзаж огт болохгүй, уулзлаа л бол маргааш нь “Нөгөөх чинь надтай уулзаад мөнгө нэхсэн” гэсэн яриа гаргана, эргээд өөрөө шантаажид орно гэдгээ мэдэж байсан учраас хэнтэй ч уулзаагүй.

Тийм зүйл ярьж ирсэн хүний өөдөөс шууд утасныхаа камерыг асаагаад барьдаг болсон. “За дахиад хэлээдэх. Чойжилсүрэн явуулсан уу, хэн явуулсан” гээд өөдөөс нь бичлэг хийхээр найз нөхөд маань “Чи чинь ямар балай тэнэг болчихсон юм бэ” гээд гардаг байлаа. Тэр үед үнэхээр хамтран зүтгэгчдээсээ өөр хүнд итгэхээ больсон. Утасны камернаас айгаад гарсан нөхөд одоо “Чи бас аймаар нөхөр шүү, шууд утас гаргаад ирэхэд чинь гайхсан. Гэхдээ чиний зөв байсан юм билээ. Үнэхээр тэгэхээс аргагүй дарамтад байсныг чинь ойлгосон” гэдэг юм.

Ингээд байхад л намайг шантааж хийж мөнгө нэхэж байгаа гэсэн гүтгэлэг явуулаад байхаар нь “Чойжилсүрээн, чамаас авах нэг ч төгрөг байхгүй. Чи зүгээр л миний нутгийг тайван орхиодох” гэсэн видео хийгээд тавьтал нөгөөдүүл аргаа өөрчлөөд “Наадах чинь УИХ-д нэр дэвших гэж байгаа юм” гээд эхэлсэн. Сүүлд Ерөнхий сайд чиглэл өгч, лицензийг нь цуцлан уурхайг хаасны дараа “Мандахбаяр Чойжилсүрэнг шантаажлаагүй юм билээ. Харин өөр хүмүүстэй тохироод, уурхайг хаалгасныхаа шагналыг авчихсан байна” гэсэн. Яаж ч байсан тэр тэмцлийг буруутгах ямар нэг зүйл олж, мушгиад байсан. Асуудлыг яаж ч гуйвуулж болдгийн жишээ л дээ. Зүгээр нэг уул уурхайн компани биш, маш том пиарын баг ажиллаж, яаж мушгиж гуйвуулах вэ, хэрхэн олон нийтэд хүрэх мэдээллийг төөрөгдүүлж бүрхэгдүүлэх вэ гэсэн төлөвлөгөөгөөр үүнийг хийсэн. Харин бид маш сахилга баттай, сэтгэлийн хаттай, хийгүй байж ард нь гарна гээд л багаа зоригжуулаад зүтгэсэн дээ.

ТОСТ, ТОСОН БУМБЫН ТЭМЦЭЛ БҮРЭН ДУУСААГҮЙ

-Компани лицензийг нь цуцалсан шийдвэрийг шүүхэд өгч, лицензээ сэргээлгэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байсан. Юу болсон бол?


-Харамсалтай нь Тост, Тосон бумбын тэмцэл бүрэн дуусаагүй, Тост, тосон бумбаа бид бүтэн хамгаалж үлдэж чадаагүй байна. Өмнөговь аймагт найман аж ахуйн нэгжийн 11 лиценз цуцлагдсан. Энэ компаниуд үгсэн хуйвалдсан мэт бүгдээрээ зэрэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, лиценз цуцалсан шийдвэр Захиргааны хэргийн шүүх дээр унах бүрэн магадлалтай, эрсдэлтэй байна гэсэн үг.

Сая Өмнөговь аймгийн баруун сумдаар явах үеэрээ аймгийн МХГ-ын даргатай уулзаж “Тост, Тосон бумбын нуруунд цуцлагдсан лицензийн талбайд нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд аймаг анхаарал хандуулахгүй байна” гэтэл 2019 оны аравдугаар сард “Саус гоби коал транс”-аас ирүүлсэн бичиг үзүүлсэн. Тэр бичигт “Захиргааны хэргийн шүүхэд хандаад, хэрэг үүссэн учраас бид нөхөн сэргээлт хийх боломжгүй” гэсэн байна билээ.

-Өнгөрсөн намар шүүхэд өгснийг нь одоо л мэдэж буй хэрэг үү?


-Хэдхэн хоногийн өмнө л мэдлээ. Аль өнгөрсөн намар шүүхэд өгсөн тухайгаа мэдэгдсэн бичиг ирүүлсэн байхад түүнийг одоо болтол яагаад дарж байгаа юм. Жирийн иргэд бид тэр компани шүүхэд хандсан, үгүйг мэдэхгүй шүү дээ. Төрийн байгууллага нь төрийнхөө шийдвэрийг хамгаалах талаар юу ч хийгээгүй, ийм бичиг ирлээ гэж иргэддээ мэдээлчих ч сэтгэлгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ шийдвэр уг нь шударга ёсны төлөөх тэмцлийг хамгаалах, эх орончдыг зоригжуулах, байгаль хамгаалах үйлсийг түгээн дэлгэрүүлэх асар том үзэл санаатай шийдвэр шүү дээ.

Үүнийг мохоох гэсэн үйл явцыг олон нийтэд мэдэгдээгүй дарсан байна гэж би нэлээд бухимдаж, хэдэн үг хэлсэн. Тост, Тосон бумбыг хамгаалаад үлдлээ гэтэл нөгөө бохир тогтолцоо буцаагаад базаад авчихаж. Ерөнхий сайдын шийдвэрийг урж, базаад, ард түмний нүүр рүү шидэх гэж байна. Ийм эрсдэл бодитой нүүрлэсэн шүү.

-Таны эхлүүлсэн тэмцэл Тост, Тосон бумбаа хамгаалж, ухаад эхэлж байсан хүмүүсээс ямар ч байсан чөлөөлж чадсан. Таныг тэгээд зогсчих байх, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлээд явах байх гэтэл 21 аймгаар уул уурхай ярьж тойрсон. Яагаад тэгж явав. Тэгж явахад ямар дүр зураг харагдав?


-Сэтгүүлч хүн юмыг арай өөрөөр хардаг байх. Тост, Тосон бумбын тэмцэл надад асар үнэтэй хичээл болсон, маш том үзэл санаа суулгасан. Миний үзэл бодол багагүй өөрчлөгдсөн. Хүмүүсийн олонх нь их мөнгөтэй, нийгэмд сайхнаар харагддаг, хэл амнаас хол, амар тайван амьдрахыг илүүд үздэг. Би бол өнөөдрийнхөө замыг сонгосон. Тост, Тосон бумбын тэмцлийн үеэр надад газар, газраас маш олон хүсэлт, мэдээлэл ирсэн. Би сэтгүүлчийнхээ хувьд ямар ч байсан хариуцлагагүй уул уурхайн асуудлаар үндэсний хэлэлцүүлэг хийнэ гэж шийдсэн. Тэгээд 2019 оны наймдугаар сарын 9-нд Төрийн ордны Иргэний танхимд Тост, Тосон бумбын сүүлийн шатны хэлэлцүүлэг дээр 150 хүний өмнө “Бидний тэмцэл зогсохгүй” гээд амлачихсан.

Бидний тэмцлийг тухайн үед нэг компанийг захиалгаар унагахын төлөө, Мандахбаяр нэр дэвшихийн тулд хувийн ашиг сонирхлоор хийсэн гэх мэтээр янз янзаар мушгин гуйвуулж, харлуулсан. Харин би байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, хуульт ёсыг дээдлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө энэ амьдралаа зориулъя гэж шийдсэн. Нөгөө талаас, бид нэг уурхайн төлөө яваагүй гэдгээ нотлон харуулах шаардлага тулгарсан.

Иргэний нийгмийн байгууллагууд байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж, өөр өөрийн хэмжээнд тэмцэж ирсэн ч тэдний үг төрд, олон нийтэд хүрдэггүй. Тэднийг шантаажчин, худалч гээд гүтгэчихээр өөрийгөө хамгаалж чадахгүй нэр төр нь сэвтээд, мэдээллийн тэнцвэргүй байдал дунд тэмцэл нь дарагдчихдаг юм байна. Надад байгаа боломж, давуу тал нь би Монголын хэвлэлийн зах зээлд дунджаас дээгүүрт орох медиагийн эзэн. Энэ боломжоо эх нутгийн тэмцлийн төлөө зориулъя гэж шийдсэн. Ингээд л өөрийгөө байгаль хамгаалагч, тэмцэгч гэж итгэчихээд яваа хүн л дээ.

Ингээд манай баг 21 аймгаар тойрч, газар дээр нь очиж үзэн, хэнийг нь ч ялгалгүйгээр нээлттэй явсан. Тэгж явахад олон танил, нөхдийн уурхай өртсөн. Нэг шог зүйл хэлэхэд, надтай хамт хөрс хуулалтын бизнес хийдэг танил дүүгийн компани Архангайн Цэнхэрт хаагдчихсан. Тэр “Таныг дэмжээд явж байтал таны тэмцлээс болоод манай уурхай хаагдчихлаа” гэж байсан. 21 аймгаар тойроход уул уурхайн салбар хэрхэн гажуудсаныг улам тодоор харсан.

-Таны харж байгаагаар хэзээнээс эхэлж, юунаас үүдэж уул уурхайн салбар ингэж гажуудчихав?


-Иргэд цэнхэр, ягаан тасалбар ярьж байхад энэ хүмүүс лиценз ярьж байсан байна. Тэр үед гадаад дотоод яваад, дэлхийн баячууд, олигархууд уул уурхайгаас хөлжсөнийг сонсож, дуулчихсан хүмүүс мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад лицензүүдийг хуваагаад авчихсан. Түүнийгээ гадаад, дотоодод дамлан зарж, өөр хоорондоо шилжүүлж эхэлсэн. Үүнийг дагаад татваргүй, хуульгүй, маш том далд эдийн засаг үүссэн.

Авлига гэдэг зүйл эндээс л цэцэглэн хөгжсөн юм байна. Мөнгө нь буруу болохоор бүх үр дагавар, тогтолцоо буруу. Хамгийн том мөнгө эргэлддэг энэ салбарыг авлига, ашиг сонирхлоос ангид, ил тод болгохгүйгээр Монгол Улс хөгжил ярих боломжгүй болсон. Энэ байдлаараа цаашлах тусам бид ангал руугаа явна, авлигын арга улам нарийсаж, хэмжээ нь ихэснэ. Одоо бол үүнийг хамгаалдаг маш хүчтэй тогтолцоо үүсчихсэн, эхлүүлсэн хүмүүс нь ч өөрсдөө зогсоож чадахаа болиод, хяналтаасаа алдчихсан. Үүнийг зогсоох, задлах оролдлогыг хэн нэг нь эхлүүлэх ёстой шүү дээ. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүмүүс энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцэж байна гэж харж байгаа.

-Сая бас говь руу яваад, нэлээд бужигнуулаад ирэх шиг боллоо. Ямар зорилгоор явж, ямар ажил амжуулаад ирэв?


-Өнгөрсөн онд 21 аймгаар явж “Байгаль эх хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг хийхдээ Өмнөговь аймгийн бүх сумдаар явсан. Өмнөговь аймагт Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байдаг учраас тэгж явахаас ч аргагүй байлаа. Намайг ийм тэмцэл хөдөлгөөн хийгээд эхэлснээс хойш нутгийн иргэд итгэж найдаж ханддаг, дууддаг болсон. Дуудахаар нь би очдог, тэгээд тэмцээд эхэлдэг болчихоод байна. Сая бас л нутгийн иргэдийн хүсэлт, дуудлагаар очоод ирлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумд Торомхоны алтны уурхай гэж Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “АГМ майнинг” компани үйл ажиллагаа явуулдаг газар байна.

Тэр хавийн уулсын хормойг бүгдийг нь шуугаад ухчихсан, экскаваторын шанага хүрэх бүх газрыг оготно мэрж байгаа мэт онгичиж, хэдэн зуун метр сэглээд хаячихсан, хаа сайгүй, ямар ч хяналтгүйгээр гүний усны цооног гаргачихсан, таван том нуур үүсгэж алт угааж байна. Аймгийн төвөөс 500 км, сумын төвөөс 100 км-ийн алс байдаг учраас хараа хяналтгүй, дураараа дургидаг юм байна. Энэ талаар нутгийн иргэд мэдээлэл өгч, дуудсан. Тэнд хууль зөрчсөн түмэн үйлдэл байна. Мөн Гурвантэс сумын улаан чулууны уурхай буюу “Баатар ван транс” гэдэг компанийн ажиллаж буй уурхайд очлоо. Тэнд нутгийн иргэд улаан чулуу олборлон, амьдралаа залгуулж байсан юм байна. Гэтэл нутгийн иргэдийн тэр боломжийг нэг компанид нөгөө л лиценз нэрийн дор давуу эрхтэй өгчихсөн. Тэр компани том том тэрэг техникээр ухаж, нүүрсний уурхайгаас дутахгүй отвал, нүх үүсгэчихсэн, эргэн нөхөн сэргээж чадахааргүй болгож, байгаль орчинд хохирол учруулсан байна билээ. Иргэд нь ухаж болохгүй, компани ухаж болно гэсэн хууль байна уу?

Ингээд явж байтал Баяндалай сумд манганы хууль бус уурхай эхлэх гээд байна гэсэн дуудлага ирэхээр нь бас очлоо. Хайгуул хийх нэрээр уулын оройг тайрч, бэлийг нь цоолчихсон, маш их хэмжээний зам гаргачихсан, дээж авах нэрээр манганы хүдэр 80 тонныг аччихсан, бичиг баримтын бүрдэл дутуу, хууль бус үйлдлүүд нь нүдэнд ил, хэцүүхэн дүр зураг харагдаж байна.

Бас Мандал-Овоо сумд жоншны уурхай нээгдэх гэж байна гэж дуудлаа. Хүрээд очихоор бас л яг адил дүр зураг угтаж байна. Хариуцлагагүй уул уурхайн зовлон энэ мэтээр газар сайгүй байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 108 лиценз бий. Бидний хувьд “Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гэсэн стратегийн гурван орд дахь уул уурхайн компаниудаа дэмжиж ажиллуулъя. Эднийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, байгаль, хүн, орон нутагт ээлтэй, өгөөжтэй байлгах талаас нь шахъя. Орон нутагт ямар ч нэмэргүй, улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж буй нь тодорхойгүй, хатуухан хэлэхэд байгаль орчин сүйтгэхээс өөр нэмэргүй жижиг уурхайнуудыг хаая. Энэ баялгийг ашиглах шаардлагатай гэвэл том ордуудын нөөц дууссаны дараа хойч үе ашиглаг. Манай үед бид идээд дуусахааргүй нөөцтэй байна шүү дээ” гэсэн байр суурьтай. Зөвхөн Тавантолгойн орд таван тэрбум тонн коксжих нүүрстэй байхад хажууд нь таван сая тоннын нөөцтэй уурхай нээж яах юм бэ. Энэ бол гажуудал шүү дээ.

-Байгалиа хамгаалах ёстой гэсэн чиг баримжаатай хүмүүс бол ингэж ярьдаг. Харин эдийн засаг талаас нь хардаг хүмүүс байгалийн баялгаа аль болох ашиглах ёстой, уул уурхайг эсэргүүцэх нь буруу гэдэг?


-Бид уул уурхайг эсэргүүцээд байгаа юм биш, харин ч уул уурхайн салбарыг аврахын төлөө хариуцлагатай байхыг шаардаад, хариуцлагатай уул уурхайг дэмжээд байгаа юм шүү дээ. Хариуцлагагүй уул уурхайгаас болоод ард түмэн тэр чигтээ уул уурхайн салбарыг үзэн яддаг болчихвол яах вэ. Одоо тийм хандлага руу явж байна шүү дээ. Байгаль орчинд хэрцгий ханддаг хариуцлагагүй уул уурхай бол одоо олж буй мөнгөнөөсөө илүү хохиролтой, үр дагавартай гэдгийг монголчууд ойлгосон. Цаашлаад уул уурхай огт болохгүй байгаа мэт, уул уурхай хөгжил дагуулахгүй байгаа юм шиг ойлголт бий болчихлоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шүү дээ. Монгол орны өнцөг булан бүрт газар сайгүй хариуцлагагүй уул уурхай байгаль сүйтгэж байгаа учраас ард түмэн уул уурхайг буруугаар мэдэрч, буруугаар харж эхэллээ.

Тиймээс уул уурхайтай холбоотой сэдвийг барьж авахдаа дор хаяж хоёр өнцгийг заавал харах, олон нийтэд хоёр зүйлийг ойлгуулах ёстой. Нэгдүгээрт, эдийн засаг талаас нь харалгүй яах вэ. Бид мөнгө олох ёстой, улс орны хөгжил уул уурхай дээр тогтож байгаа. Тиймээс стратегийн ордуудад ажилладаг, олон улсын шилдэг технологийг ашигладаг, улсын эдийн засгийг үүрч явдаг томоохон уурхайнуудаа бол ард түмэн ч, төр засаг ч дэмжих хэрэгтэй. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гэх мэт томоохон ордуудаа ашиглаж, уул уурхайн мега төслүүдээ явуулах нь зөв. Гагцхүү тэднийгээ авлигачдаас хамгаалж, үр ашгийг нь дээшлүүлж, эдийн засагтаа болон хүн арддаа хэрэгтэй, байгаль орчиндоо ээлтэй, олж буй орлого, түүний зарцуулалтыг хяналттай, ил тод байлгах ёстой.

Харин байгаль сүйтгэдэг, эдийн засгийн үр өгөөж муутай, орон нутагт хаялгагүй, иргэдийн амьдралд нэмэргүй, хариуцлагагүй уурхайнуудыг хаах ёстой. Ингэж байж байгаль дэлхийгээ авч үлдэнэ. Ийм хариуцлагагүй уул уурхай олон нийтийг уул уурхайн салбараас жигшээгээд, буруу хандлага руу явуулаад байна. Эдэнтэй тэмцэх нь уул уурхайг эсэргүүцэж байгаа бус, харин ч уул уурхайг хамгаалж буй юм.

-Танай баг “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэрт очсон байсан. Нүүрс угаана гэдэг байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж экспортлох улсын бодлогод нийцэх үйл ажиллагаа биз дээ?


-Өөрсдөө бол сайхан сайхан юм ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр тэнд хууль зөрчсөн маш олон үйлдэл байгааг нүдээр үзлээ. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан гэдэг эмэгтэй өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд “Страто”-д анхаарал хандуулаач” гэж хандсан юм. Тэгэхэд нь “Эхлээд Тосон бумбынхаа ард гараадахъя. Олон зүйл рүү үсчиж хүч сарнивал үүнийгээ тавьж туучих гээд байна” гэсэн. Сая дахин надад хандсан болохоор очлоо.

“Страто”-гийн эхлүүлсэн шороон зам говийн эмзэг, зөөлөн хөрсөн дээр 39 салаа зам үүсгэж, тэр нь гурван аймгийн долоон сум дамнан 430 км үргэлжилж байна. Нийт 54 мянган га орчим талбайг доройтуулжээ. Ганцхан компанийн эрх ашгийн төлөө гурван аймгийн долоон сумын малын бэлчээр, онгон байгаль, говийн эмзэг эко системийг жилийн дотор орвонгоор нь эргүүлсэн нь яах аргагүй хууль бус үйлдэл. Бид хууль бус үйлдлийг нь илчилж, гарц гаргалгааг нь гаргаад Зам тээврийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-нд хандсан. Өргөдөл хүлээж аваад шийдэрлэх хугацаандаа шийдвэрлэх болов уу гэж найдаад хүлээж байна. Тост, Тосон бумбаас хойш энэ төрөөс шударга ёсны шийдвэр гарах болов уу гэж найддаг болсон. Өмнө нь бол иргэд энэ итгэлээ гээчихсэн байсан шүү дээ.

“Страто” бол шороон замын хууль бус тээврийн хамгийн том бөгөөд хамгийн муу жишээ. Үйлдвэрийг анх байгуулахдаа Шивээговийн уурхайгаас хаягдсан хаялга нуурын шүүрлийн усыг татаж нүүрс угаана гэсэн боловч хашаандаа хоёр гүний худаг гаргаад угаасан байна. Зам барина гэж ЗТЯ-тай түр гэрээ байгуулчихаад тэр дээгүүрээ тээвэр явуулсан. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлийг нь хараад суугаад байж болохгүй шүү дээ.

БОЛОМЖ ГАРВАЛ ДЭВШИНЭ ГЭДГЭЭ ЗАРЛАЧИХЪЯ

-Таныг уул уурхайн бизнес эрхэлдэг хэрнээ ийм юм ярилаа, ашиг сонирхлын зөрчилтэй гэж баалаад байдаг?


-Тийм ээ, тийм. Юуг нь нуух вэ. Тост, Тосон бумбын тэмцлийг хийж байхад миний цорын ганц бөгөөд бултах аргагүй сул тал, бусдад олзлогдох өнцөг энэ байсан. 2017 онд найзуудтайгаа нийлж, “Их шижир баялаг” гэдэг компани байгуулан хөрс хуулалтын бизнес эхлүүлсэн. Уг компани маань Монгол Улсын ууган уурхайнуудын нэг, Өмнөговь аймгийн ууган уурхай “Тавантолгой”-д хөрс хуулалт хийдэг байлаа. “Тавантолгой” бол орон нутгийн өмчит, өнөөг хүртэл Өмнөговьд маш олон бүтээн байгуулалт хийсэн, нутгийнхаа олон ч иргэн, айл өрхийг ажил орлоготой байлгадаг буянтай уурхай.

Өмнөговийн иргэн хэн ч энэ уурхайд ажиллах, бизнесийн үйл ажиллагаанд нь оролцон ашиг олох боломжтой. Энэ зарчмаар л бүх шаардлагыг нь хангаад ажил гүйцэтгэж байсан. Гэхдээ би нэгэнт байгаль хамгааллын зам сонгосон учраас золиос гаргах, сонголт хийх шаардлага тулгарсан. Нэг гараараа байгаль хамгаална гээд, нөгөө гараараа газар ухаад байж болохгүй гэдгээ ойлгож, багагүй хугацаанд өөртэйгөө зөрчилдсөн. Яг үнэндээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн, бас найз нөхдийн итгэл байсан болохоор болж өгөхгүй байлаа. Тэгээд хамтарч байсан хүмүүстээ учраа хэлж, 2019 оны арванхоёрдугаар сард хурлаа хийгээд, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр тасалбар болгон хөрс хуулалтын бизнесээс гарсан.

-Уучлаарай, ашигтай бизнес байсан уу?


-Овоо ашигтай байсан шүү. Би эх нутгийнхаа төлөө хийж буй тэмцлээ энэ компанийн ашгаар санхүүжүүлсэн. Олон сайхан залууст тусалсан. Өмнөговь аймгийнхаа 400 оюутанд англи хэлний сургалтын хагас жилийн эрх бэлэглэж байх жишээтэй. Нэлээд хэдэн сэтгүүлчийнхээ орон байрны асуудлыг шийдсэн. ТВ-8 телевиз, “Өглөөний сонин” гээд медиа группэд хөрөнгө орууллаа. Энэ бүхэн маань “Тавантолгой”-н уурхайн буян л даа. Гэхдээ цагийн юм цагтаа, одоо болсон. Байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, хуулийг сахин биелүүлэх, эх орноо шүтэх, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд энэ насаа зориулна гээд шийдчихсэн учраас цаашид уул уурхайн ямар нэг бизнест оролцохгүй. Хувь хүнийхээ хувьд уул уурхайн бизнесээ хийж, илүү их мөнгө олоод амьдрах зам байгаа боловч нөгөө талд нь эх нутаг минь ингэж сүйдэж, доройтож байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Тиймээс сэтгэлийн дуудлагаар бизнесээсээ татгалзсан. 

-Та бас хараат бус сэтгүүл зүйн төлөө тэмцэнэ гэж ярьдаг. Уул уурхайн асуудал руу ороод сэтгүүл зүйн асуудлаа орхичихоогүй биз дээ?


-МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан, байгаль хамгаалахын төлөөх тэмцэл хөдөлгөөнд оролцсон хоёр жилийн хугацаанд өөр нэг хатуу итгэл үнэмшил олж авсан нь сэтгүүл зүйг хараат бус болгох. Монголын сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдсан. Бохир улстөрчид бохир мөнгөөрөө худалдаж авах нь ихэссэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 500 хол давсан. Энэ жижиг зах зээл дээр яаж амьдраад байна вэ. Улстөрчдийн зүй бус аргаар олсон авлигын мөнгөөр тэжээгдэж байгаа нь нууц биш. Зах зээлийн жамаараа, сэтгүүл зүйн зарчмаа баримтлаад явж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий л дээ. Тэдний хүчийг юу нь мэдэгдэхгүй энэ олон хэвлэл мэдээлэл тарамдуулаад, хүн хүч, зах зээл, орлогыг нь хуваагаад байна.

Зүй бусаар үүссэн хэвлэлүүд эргээд хууль бус үйл ажиллагааг хамгаалахад сэтгүүл зүйн талбарыг зориулдаг. Хууль, шүүх, цагдаад хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг томоохон бүлэглэл, тогтолцоо үүссэнтэй адилхан хэвлэл мэдээллийн салбарт ч тодорхой хэмжээнд буруу зүйлийг өөгшүүлэн дэмждэг хар пиар, тархи угаалтын систем үүсэж эхлээд байна. Сэтгүүл зүйг энэ байдлаас нь салгахгүйгээр Монгол Улсын хөгжлийн талаар ярих аргагүй. Тиймээс би хариуцлагатай уул уурхай, хараат бус сэтгүүл зүйн төлөө зүтгэнэ гэж зорьсон.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж маш тодорхой хэлж байсан. Гэтэл 2020 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс дунд таны нэр дуулдах боллоо?


-Яг үнэндээ би 2018 оны хоёрдугаар сард МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалд сонгогдохдоо хувь хүнийхээ хувьд маш том шийдвэр гаргаж, гялалзаж явсан улс төрийн карьераа завсарлуулсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд аймгийн намын хороо, МАН-ын хүний нөөцөд өргөдлөө өгч намын гишүүн, намын Бага хурлын гишүүнээс түдгэлзсэн. Аймгийн намын хорооны дэд даргын албан тушаалаа өгсөн. Тэгээд улс төрийн морийг уяан дээрээ орхиод сэтгүүл зүйн салбартаа орж ирсэн. Ер нь хүн аливаа замыг сонгож байгаа бол зарчимтай байх ёстой. Хувь хүний хувьд ажил амьдралаа босгож, өнөөдрийн Мандахбаярын төлөвшлийг олсон, салбараа  хайрладаг хүний хувьд сэтгүүл зүйд зүй бусаар хандах учиргүй. Тиймээс МСНЭ-ийг улстөржүүлэхгүй, аятайхан аваад явчих хүсэл зорилготой, зарчим барьж ажилласан. Яг үнэндээ 2020 оны сонгуульд аль ч шатны сонгуульд нэр дэвшихгүй гэсэн хатуу итгэл үнэмшлээр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан ч энэ байгаль хамгаалах тэмцлийн дараа эргээд харахад надад ухрах боломж алга. Их олон дайсантай болсон байна.

-Дайсан…?


-Дайсан л гэж нэрлэх байлгүй дээ. Намайг хэзээ ч уучлахгүйгээр гомдсон олон баян хүн байна шүү дээ. Тэд намайг боломж гарсан үед “нухах” сонирхолтой гэдгээ олон нийтэд ил тод зарлаж байна шүү дээ. Твиттерт “Үхэл дээр чинь бүжиглэнэ” гэж улайм цайм жиргэсэн байгааг харсан л байх. Юун өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, амьд явахад ч хүндхэн сорилт амьдралд минь тулгарч байна. Тиймээс би ийм увайгүй, ёс зүйгүй хүмүүст зай тавьж өгмөөргүй байна. Бууж өгмөөргүй байна. Тэмцлийнхээ үр дүнг хармаар байна.

-Дэвшинэ гэж ойлгох уу?