Хүмүүс: |
Нэг нөхрийг урт нарийн олсоор хүлж баглаад, түрүүлгээр нь харуулаад хэвтүүлчихэж. Толгойн тушаа нь том, жижиг, дунд гарын мөнгөн аяга сэлт хэдэн арваар нь овоолжээ. Мань эрийг барьсан бололтой хоёр залуу хажууд нь зогсоно... Ийм нэг фото олон нийтийн сүлжээнд хэсэгтээ л шуугиулав. Зөвхөн монголчууд л илүү тайлбаргүйгээр шууд ойлгох энэ агшныг Отгонтэнгэр хайрхны олон удаагийн тахилгын үеэр алт, мөнгөн элдэв эдлэлээр ёроолоо хүндрүүлсэн Бадархундага нуурын эрэг дээр авсан байлаа.
Зарим нь “Хүслээ шивнэн байж, залбирч мөргөн өргөсөн юмыг авдаг цайрчихсан амьтан” хэмээн чичлэн буруутгав. “Мөнгө цагаан, нүд улаан гэж энэ. Хүн алах шахсан байна” хэмээн зэвүүцэн жигшив. Нөгөө хэсэг нь “Сэргэлэн залуу, усанд хаясан эдийг авч яагаад болохгүй гэж. Харин ч нуурыг цэвэрлэсэн биш үү” хэмээн зөвтгөн сайшаав. Үнэндээ уг хэрэгтэй холбоотойгоор сошиал ертөнцөд өрнөсөн мэтгэлцээнд эрүүл саруул дүгнэлтээс илүүтэйгээр сүсэг бишрэлийн хэт туйшрал давамгайлж байлаа. Аль ч өнцгөөс нь харсан энэ үйл явдал, олны хандлага монголчуудын хэрээс хэтэрсэн сүсэглэлээс улбаатай солиорлын нэг жишээ юм.
Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгө аяга авч, хөөсөн иргэдийг буудаж алахыг завдсан гэмт хэрэг гарав. 2018.09.09
Тахилгатай уулын нууранд өргөл өргөдөг шашны зан үйл сүсэг бишрэлээр тэтгэн тэжээгдсээр, өдгөө бүр ёс болон хэвшин тогтож, түргэн баяжих хүсэлтэй монголчуудын сэтгэхүйд хүчтэй нөлөөлж эхлэв. “Нуурыг зорьж ирсэн аялагч, жуулчид, мөргөлчдийг бид хорьж цагдах эрх байхгүй ч хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ байнга авч байгаа. Гэвч зундаа ихэсдэг байсан хүний хөл одоо бараг жилийн турш тасрахаа байж байгаа нь санаа зовоох нэг асуудал болох нь” гэж Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр ярилаа.
Нууранд өргөдөг эд, сэлтүүд усанд ямар нөлөө үзүүлж болох талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, академич, профессор Н.Сайжаа “Сүүлийн үеийн мөнгөн аяга 100 хувь цэвэр биш болсон. Янз бүрийн хуванцар эдлэл, мод зэргээр цутгаж, ухаж хийсэн аягаа мөнгөөр бүрэх аргаар үйлдвэрлэж байна. Ийм аягыг хадганд давхар боож хаяад байвал алсдаа нуурын усны экосистемд сөргөөр нөлөөлж, ус бохирдох нь гарцаагүй” хэмээн анхааруулав.
Сүсэглэл нь солиорол болж хувирсан бас нэг жишээ. Даян дээрхийн агуй хогийн тантангаас ялгагдахааргүй болтлоо бохирдсоныг сошиалаас харлаа. Сархдын шил хөлөөр нэг хөглөрч, сүү, цагаан идээ өмхийрч ялзран зузаарсаар ой гутам болжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том буюу Даян дээрхийн агуйг 2006 онд улсын тусгай хамгаалалтад авсан.
Даян дээрхийн агуй нь Монголын төдийгүй дэлхийд данстай гайхамшиг. Гэтэл өдгөө хэтийдсэн сүсэглэлийн золиос болон талхлагдаж байна.
Агуй нь сонин содон тогтоцтой, байгалийн ховор бүтээл, Монголын өв соёлын үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон амтай, төрөл бүрийн рашаан, маш нарийн ширхэг бүхий байгалийн шороон будагтай. “Эхийн умай” гэх эмэгтэй хүний савыг санагдуулам нүхэн гарцтай. Орчин тойронд нь олон тооны хиргисүүр, булш байдаг гээд Даян дээрхийн агуйн экосистем, орчны бүсийнх нь байгалийн гайхамшигт тогтоц, үүх түүхийг тоочиж барамгүй. Харамсалтай нь, өнөөдөр Монголын төдийгүй дэлхийд данстай энэ гайхамшиг хэтийдсэн сүсэглэлийн золиос болон талхлагдаж байна.
Яг үүнтэй адил хүндэтгэл бишрэлийг оюундаа тунгаан мөргөдөг мод, хад, хүн чулуу гээд онцгой содон тогтоцтой бүхэн, түүх дурсгалууд ойртож тухлахын эцэсгүй үнэр тээн булшлагдаж эхлэв. Сахиустай мод гэнэ, хүсэл биелүүлэгч шидтэй л гэнэ. Хүүтэй, эсвэл охинтой болгодог чулуу л гэнэ, уул л гэнэ, хад л гэнэ. Хүн хэдий зовлонтой ч, хэчнээн хүнд өвчинтэй ч хөхний даруулгаа өлгөж хаяхдаа тулсан сүсэглэлийг ойлгох ухаан үнэндээ дутаж байна. Хэдэн зуунд ч элэгдэж үгүйрдэггүй хадгаар ургаа модыг боомилон ороож, угтаа үхэл рүү нь залдаг үйлдлийг зөвтгөх шалтгаан олдоно гэж үү. Шинжлэх ухааны талаас нь дахин тайлбар өгье. Жишээ нь мушгирч, эсвэл далий мурий ургасан мод ургах явцдаа ямар нэг гэмтэл авсан, эсвэл генийн өөрчлөлттэй, хүнээр бол гажигтай гэсэн үг ажээ. Гэтэл тэрхүү гаж ургасан моднууд гайхамшгийг бүтээдэг шидтэн болон хувирав.
...Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалийн бүтээлээр ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж эхэллээ. Хамгийн гол нь, сүсэглэлд дөрөөлсөн бизнесийн санааг сонсоод, хараад дөлөх чадваргүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсон иргэдийнхээ тархийг цэнэглэхэд, Монголын түүх соёлын өв, байгалийн гайхамшгийг бузарлан сүйтгэж буйг төрийн бодлогоор зогсоох зохицуулалт дутагдаж байна.
Хүн хэдий зовлонтой ч, хэчнээн хүнд өвчинтэй ч хөхний даруулгаа өлгөж хаяхдаа тулсан сүсэглэлийг ойлгох ухаан үнэндээ дутаж байна.