“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна

2020/05/01
Share |
Хүмүүс:
“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна

Монгол даяар олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Номин холдинг” компанид хаягласан гомдол иргэдээс тасардаггүй. Хамгийн сүүлд Улсын их дэлгүүрийг зориудаар алдагдалтай ажиллуулж, олон мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон асуудал шүүхийн шатанд үргэлжилж буй.

Тэгвэл тус компанид холбогдсон бас нэгэн асуудал дэгдээд байгаа аж. “Номин холдинг”-ийн “Номин” супер маркетуудаар “Эрдэм газ” нэртэй хайрцаг сав баглаатай ахуйн газ худалдаалагддаг. Харин дотор нь өөр нэртэй газ байдаг. Тодруулбал,  “Sun” нэртэй газ худалдан авагчдын гар дээр очдог. Тооцооны хуудас дээр ч “Sun” нэрээр гарч ирдэг.

Угтаа “Sun” газ нь БНСУ-ын брэнд бүтээгдэхүүн юм байна. Уг бүтээгдэхүүнийг “Мөнзөв” компани 2004 оноос хойш албан ёсны гэрээт борлуулагчаар импортлон оруулж ирэн Монголд худалдаалж эхэлжээ. Гэтэл сүүлийн үед “Номин” супер маркетаар “Sun” газ худалдаалагдаж, түүнийг худалдан авсан иргэд “Мөнзөв” компани дээр газны чанар муу байна хэмээн гомдол гарган ирдэг болж. Гэтэл тухайн бүтээгдэхүүн нь “Мөнзөв” компанийн худалдаалсан бүтээгдэхүүн бус “Номин холдинг”-оос худалдан авсан нь тогтоогджээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Номин холдинг” компани тухайн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ Солонгос “SUN” брэндийн хаяг шошго болон нэрийг ашиглах болсон байна. “Мөнзөв” компанийн зүгээс Солонгос “SUN” брэндийн түнш үйлдвэрээс лавлагаа авахад “Зөвхөн танай компанитай олон жилийн турш харьцаж ирсэн. Номин холдинг компанитай харьцдаггүй” гэж мэдэгджээ.
 

Тиймээс “Мөнзөв” компанийн зүгээс энэ явдлыг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, шударга бус өрсөлдөөн хэмээн үзэж байгаа аж. Түүгээр зогсохгүй олон жилийн турш гадны брэнд бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэн хэрэглэгчдээ татсан компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол даяар олон салбарт үйлчилгээтэй том компани булаан авсан үйлдэл нь хууль бус. Жижиг компанийн хувьд хэрэглэгчдийнхээ итгэлийг алдах том эрсдэл үүсч байна хэмээн онцолж байна.

Монгол Улсад хүнс, бараа, гадаад худалдаа зэрэг олон салбарт нэгэнт хөлөө олсон “Номин холдинг” компанийн хувьд ийм явдал байж болшгүй үйлдэл. Зах зээлд хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан, салбартаа шударгаар үйлчилгээ эрхлэх нь томоохон компаниудын хувьд үлгэр жишээ байх ёстой үүрэг. Гадна сав баглаа боодол нь нэг өөр нэртэй, доторх бүтээгдэхүүн нь ахиад өөр нэртэй. Тодруулбал, хайрцаган дээрээ “Эрдэм газ” нэртэй, дотроо “Sun” нэртэй газ худалдан авсан иргэдэд ямар бодол төрөх вэ. Хэзээ бүтээгдэхүүн, үйлчилгээний сав баглаа боодол ингэж зөрдөг болчихов. Нэгэнт гадаадаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэггүйгээс хойш “Эрдэм газ” нэрээрээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бусад компанийг эрсдэлд оруулахгүй ажиллаж болохгүй байгаа хэрэг үү.

Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, шударга бус өрсөлдөөнийг бий болгосон бодит жишээ. Тиймээс ШӨХТГ, МХЕГ-ынхан энэ асуудлыг анхааралдаа авах ёстой.

Хувьцаа эзэмшигч олон мянган монголчуудын ашгийг булаагаад зогсохгүй одоо жижиг компаниудын бүтээгдэхүүнийг хууль бусаар өөрийн болгож эхэллээ. Энэ үйлдэл бол жижиг компанийг том компани залгиж байгаагаас өөрцгүй. Үнэндээ сүүлийн жилүүдэд “Номин холдинг” компанийг тойрсон асуудлууд тус компанийг нийгмийн хариуцлагатай гэхээс илүү эсрэг тодотголыг “Номин”-д бий болгосоор байна.
 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.