Сошиал уу, сонгууль уу!

2020/05/25
Share |
Хүмүүс:
Сошиал уу, сонгууль уу!
#СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД - ЦУВРАЛ №3


Сар хүрэхгүй хугацааны дараа Монгол Улс төлөөллийн ардчиллынхаа эрхийг эдэлж, дөрвөн жил өөрсдийг нь төлөөлөх нэгнийг сонгоно. Нийгмийн сүлжээний цахим хуудаснууд мандаж, олон нийтийн үзэл бодлыг ч эргүүлэх хүчтэй болсон сүүлийн найман жилд дэлхий дахин сошиал уу, сонгууль уу гэж өөрсдөөсөө асуух болсон билээ.

Их гүрнүүд одоо л энэ асуултынхаа хариуг олж байгаа бол арай “хаалттай”, тэр дунд пост коммунист улс орнууд сонгуулийн цаг үед сошиал хуудсыг түр хугацаанд хаах бодлого баримтлан энэ их хүчийг “тогтоон барьж” байгаа юм. Чухамдаа сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх хүртлээ энэ хүч хэлбийсэн учрыг товч боловч тайлбарлая.

Британийн улс төрийн консалтингийн “Кембриж Аналитика”-аас энэ бүхэн эхлэлтэй. Улс төрийн салбарт хэн эс сонгогдож, хэн нь сонгогдох зураглалыг хамгийн тодорхой гаргадаг энэ компани 2018 онд татан буугдсан юм. Учир нь сошиал хуудасны тэр их хүчийг ашиглан сонгох, сонгогдох эрхэнд халдсан учраас тэр. Жор нь нийгмийн сүлжээний цахим хуудаснуудад халдан, иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, бүр эсвэл нийгмийн сүлжээгээр ор үндэсгүй илтэд худал мэдээлэл тараах замаар сонгох, эрхийг төөрүүлдэг байсан учраас тэр.

АНУ-аас Их Британи, Австрали, Мальта, Энэтхэг зэрэг улс орнуудад болсон сонгуулиар тэд дээрх аргаа ашиглаж байжээ. Жишээ дурдъя. Австрали улсад 2015 онд болсон ээлжит сонгуулийн үеэр тус компани Австрали улсад “Лоррейнийн гэр бүлийн нөхөрлөл” нэрээр бүртгүүлж, улмаар тус улсын Либерал намынхантай тусдаа уулзалт зохион байгуулжээ. Хэд хэдэн удаа уулзсан дээрх уулзалтаар Австралийн 310 мянган фейсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тухайн намынханд ил болгож өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэдийн хувийн мэдээлэл дээр тулгуурлан намын хөтөлбөр болон сонгуулийн дараагийн алхмуудаа тодорхойлж байсан хэрэг. Гэвч хожим нь 310 мянгаас ч их хүний мэдээлэл алдагдсан байж болзошгүйг орон нутгийн “Channel 4” суваг мэдээлсэн билээ.

Дээрх хэрэг явдал даруй гурван жилийн дараа олон нийтэд ил болоход Австралийн засаг захиргаа нийгмийн сүлжээний хуудаснуудын аюулгүй байдлыг хангах эсэх дээр томоохон компаниуд арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр тодорхой хэмжээний торгууль оноосон юм. Үүнээс гадна Австралийн аюулгүй албанд тухайн хэрэглэгч болон бүртгэлтэй хуудас руу ирж болзошгүй халдлагыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм. Мэдээж хэрэг ор тас хаах нь иргэдийн өөр эрхэд халдаж байгаа учраас цахим орчны платформ, дэд бүтцийг нь аюулгүй болгох замаар сонгох, сонгогдох эрхээ хамгаалжээ.

Австралид болсон сонгуулиас бүр таван жилийн өмнө нийгмийн сүлжээний хуудаснууд дөнгөж эхлэлээ тавьж эхэлж байхад “Кембридж Аналитика” компани Энэтхэгт болсон орон нутгийн сонгуулиар дээрх аргаа ашиглажээ. 2010 онд Бихар мужийн сонгуулиар тэд 562.4 мянган иргэний цахим орчин дахь мэдээллийг ил болгосон юм. Гар утасны бүртгэлтэй нэр, цахим хуудас ашиглаж сүүлийн хоногуудад хайлт хийсэн зэрэг мэдээллийг ашиглан дээрх иргэдийн сонирхол, сүүлийн хэдэн өдөр хийсэн хайлт, чухам юу хүсэж байгааг эрх баригчдад нээж өгсөн билээ.

Энэ бүхэн найман жилийн дараа ил болсон ч эрх баригч намынхан буруутныг тогтоохоор болж, 2019 оны сонгуулиар иргэдийн цахим орчин дахь мэдээллийг хамгаалах, нийгмийн сүлжээний цахим хуудаснуудад хяналт тавихаар шийдвэрлэсэн билээ. Одоо тус улсад сонгуулийн үеэр нийгмийн сүлжээний цахим хуудаснуудыг хянах хиймэл оюун ухаан бүхий серверээр иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалж байна.


Тэртээ тэргүй улстөрчдийн хандлага нааштай биш байгаа тул твиттер, инстаграм, фейсбүүк хуудаснууд сонгуулийн үеэр гэнэт байгуулагдсан хуурамч хаягуудыг олж тогтоох чадвартай хиймэл оюун ухааныг аль хэдийн хөгжүүлж эхэллээ.

Сонгууль уу, сошиал уу гэх асуулт нийгмийн сүлжээний хуудаснууд анх тархаж эхэлсэн газар, дэлхийн цагдаа гэж өөрсдийгөө тодорхойлдог АНУ-д ч гэсэн тулгарлаа. Гэхдээ бүр хоёр ч удаа. Эхнийх нь 2014 оны дундын сонгууль байлаа. Тухайн үед “Кембридж Аналитика” компани АНУ-ын зах зээлд нэвтрээд удаагүй байсан цаг. Мэдээж тийм том зах зээлд бүх мужуудад хүрч үйлчилж чадахгүй учраас Арканзас, Умард Каролина, Нью Хемпшир мужуудад Бүгд найрамдах намаас нэр дэвшигчидтэй “тулж ажиллав”. Ингэхдээ тус мужуудад амьдардаг сонгуулийн насны хүмүүсийн цахим орчин дахь мэдээлэлд нэвтрэх замаар хамтран ажиллажээ. Ингэснээр Бүгд найрамдах нам дээрх мужуудад үйл ажиллагаа явуулдаг “Dish Network”, “DirecTV” кабелийн сувгуудтай хамтран сонгогчдын сонголтод нөлөөлөх сурталчилгаа явуулж эхэлжээ. Тухайн үеийн улс төрийн голлох үйл явдлуудыг зөв эсвэл буруу байсныг асуух замаар явуулсан дээрх сурталчилгаа сонгогчдын эцсийн сонголтод нөлөөлсөн эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ мужийн төлөөлөгчдийн танхимаас эхлээд амбан захирагчаа Бүгд найрамдах намаас томилох эрхтэй болгоод зогсохгүй АНУ-ын конгессын танхимд бүгдэд нь ялалт байгуулав. Умард Каролина, Нью Хемпшир ч мөн адил ийм дүр зурагтай байсан юм. Гагцхүү Нью Хемпшир мужийн төлөөлөгчдийн танхимд л ялалт байгуулж чадаагүй билээ.

Улирал дундын сонгуульд өгөгдсөн хэдэн тойрогт хангалттай сайн ажилласнаасаа хойш хоёр жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах намын сунгаанд мөн адил “Кембридж Аналитика” компани оролцсон юм. Тухайн цаг үедээ хамгийн боломжит өрсөлдөгч гэгдэж байсан Тед Крузийн кампанит ажилд үүнийг ашигласан ч тийм ч хангалттай үр дүнд хүрч чадаагүй юм. Гэвч үүнийг хожмоо ихэнх судлаачид ОХУ-ын нөлөө тухайн сонгуульд нөлөөлсөн учраас эцсийн дүн “засварлагдсан” гэж үздэг юм.

Дараалсан хоёр ч сонгуульдаа нийгмийн сүлжээний их хүчээр иргэдийн эрхэд нөлөөлсөн АНУ яг одоо нийгмийн сүлжээний хуудаснуудыг сонгуулийн үеэр хэрхэн ажиллуулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Зарим радикал улстөрчид нийгмийн сүлжээний хуудаснуудыг Холбооны мөрдөх товчоо хянах ёстой гэж үзэж байгаа бол дийлэнх нь нийгмийн сүлжээний хуудаснуудтай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох замаар зохицуулж болно гэж үзэж байна.

Тэртээ тэргүй улстөрчдийн хандлага нааштай биш байгаа тул твиттер, инстаграм, фейсбүүк хуудаснууд сонгуулийн үеэр гэнэт байгуулагдсан хуурамч хаягуудыг олж тогтоох чадвартай хиймэл оюун ухааныг аль хэдийн хөгжүүлсэн бөгөөд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр албан ёсоор ашиглах гэж байна. Твиттер компани хоёр сарын өмнөөс туршиж эхэлсэн. Хуурамч дүрс бичлэгүүдийг ч ялган тогтоох чадвартай гэдгийг “CNN tech” онцолжээ.

Хэрэв нийгмийн сүлжээний “аварга загаснууд” хиймэл оюун ухаанаар хуурамч хаяг, илтэд сурталчилгааны шинж чанартай идэвхжүүлэлтийг ялган тогтоож чаддаг болоод эхэлбэл дэлхийн өөр бусад улсууд санал тавихад хамтарч ажиллах боломжтой ажээ.

Энэ жилээс эхлэн фейсбүүк дараах хэд хэдэн арга хэмжээг сонгуулийн үеэр авахаар болжээ.

Шинээр нээгдсэн хаягуудыг цэгцэлж эхэллээ. Хэрэв тухайн хэрэглэгч фейсбүүк хуудас нээх гэж байгаа бол биеийн байцаалтаараа заавал баталгаажуулах ёстой. Мөн түүнчлэн өөр нэртэй байсан пейж хуудасны нэрийг өөрчилж, шинэ зорилгоор ашиглавал сануулга болгон хоёр гаруй сар нэвтрэх эрхийг хязгаарлаж, дараа нь дахин ашиглаж эхэлбэл шууд устгадаг тогтолцоотой болж байна.

Түүнчлэн улс төрийн сурталчилгааны дээд хязгаарыг тогтоолоо. Гэхдээ хувь хэрэглэгч тухайн сурталчилгааг үзэхгүй байхыг хүсвэл тусдаа тохиргоотой болсон тул Sponsored хийгээд үр дүнгүй гэсэн үг.

Фейсбүүк компани хуурамч хаяг нээх хиймэл оюун ухаан хөгжүүлсэн гэж дээр өгүүлсэн. Тиймээс "Троллууд баяртай" болж байна гэж ойлгож болно.

Аль нэгэн хуурамч хаягаас удаа дараалан коммент бичих, пост байршуулах болгонд хиймэл оюун ухаан түүнийг нь олж тогтоон, тэр даруй устгах чадвартай болсон гэсэн үг.

Пост коммунист орнууд дээрх шинэчлэл хийгдэж байгааг мэдэж байгаа ч фейсбүүкэд болгоомжтой хандаж байгаа. Гэвч бусад орнуудтай харьцуулахад дээрх орнуудад фейсбүүк гэхээс илүү “ВКонтакте” нийгмийн сүлжээний хуудас эрэлттэй учраас сонгуулийн үеэр зохицуулах дээрээ асуудал хурцдаагүй байна.

Эх сурвалж: Tech Crunch, The Diplomat, Politico, Washington Post, The New York Times, CNN Tech

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.