Хүмүүс: |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнайг бусдыг залилж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн авсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Түүнчлэн түүнд залилуулсан гэх иргэн А.О гэх эмэгтэй О.Магнайн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан, ингэхдээ авлига авсан байж болзошгүй хэмээн төрийн албаны нэр бүхий дөрвөн хүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон байна.
Энэ хэргийн тухайд гэвэл Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 800 метр.кв газар “Анагсархиа” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд 2013 онд Ливан улсын хөрөнгө оруулалттай “Седарс” ХХК-д 300 мянган ам.доллароор худалдсан байдаг аж. “Анагсархиа” ХХК нь тухайн үед 100 хувийн хувьцаагаа ийн худалдсан бөгөөд тус компанийг О.Магнайн хамаарал бүхий этгээд буюу түүний ээж С.Отгонжаргал эзэмшдэг байжээ.
Ийнхүү газар худалдсанаас хойш дөрвөн жилийн дараа тус газарт барилга баригдаагүй учир газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Улаанбаатар хотын захиргаанаас гаргасан байна. Газрын зөвшөөрлийг цуцалсны дараа С.Отгонжаргал нь өөр нэгэн компани байгуулж, бусдад худалдсан дээрх газраа өмчилж, өөрийн нэр дээр авсан байжээ.
О.Магнайд залилуулсан гэх иргэн А.О гэх эмэгтэй О.Магнайн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан, ингэхдээ авлига авсан байж болзошгүй хэмээн төрийн албаны нэр бүхий дөрвөн хүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон байна.
Харин С.Отгонжаргал нь анх дээрх газрыг худалдах гэрээндээ тус газар дээр баригдсан барилгаас тодорхой хэмжээний талбай эзэмшихээр тусгасан байсан ба газар эзэмших эрхээ цуцлуулсан “Седарс” ХХК-аас гэрээний дагуу талбайн мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж байжээ. Ингээд С.Отгонжаргалын нэхэмжилсэн 724 сая төгрөгийг “Седарс” ХХК-иас гаргуулах шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан байна. Гэвч дээрх компанийн хувьцаа эзэмшигч нар Монгол Улсад нэвтрэх эрхгүй байсан учир С.Отгонжаргалд уг мөнгийг гаргаж өгөх боломжгүй болжээ. Улмаар ШШГГ-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болж, “Седарс” ХХК-ийн охин компанийн нэр дээрх барилгыг С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлсэн байна. Одоо тус барилгыг О.Магнай өөрийн нэр дээрх компаниар эзэмшдэг ажээ.
Харин “Седарс” компанийн уг барилгаас талбай эзэмшихээр гэрээлээд байсан А.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийгөө хохирогч хэмээн үзэж, уг барилгыг О.Магнайн эзэмшил болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаад байгаа юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд оролцсон нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байгаа ч энэ хэрэг шийдэгдэлгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн гэдгийг “Седарс” ХХК-ийн хуулийн зөвлөх хэлж байна. Харин энэхүү үйл явдлын тухай О.Магнай “Бүх зүйл хуулийн дагуу явагдсан” гэх тайлбарыг өгч байгаа юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болоод байгаа билээ.