Дархан хүрэх зам

2020/06/03
Share |
Хүмүүс:
Дархан хүрэх зам

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан  чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан байдаг.  Ийнхүү Дархан хүрэх замын адал явдал эхэлжээ. Уг замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 83.4 сая ам.долларын төсөвтэйгөөр эхлүүлсэн. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км урт үргэлжлэх авто зам нь Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, түүнчлэн олон улсын тээвэр хийдэг чухал ач холбогдол бүхий зам юм.

 

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгаж 2020 оны зургаадугаар сард хүлээлгэн өгөхөөр үзэглэсэн боловч хугацаандаа амжихааргүй болж, ард иргэдийг бухимдуулах томоохон шалтгааны нэг болоод байна.

 

Тэгээд л Дарханы зам тамын зам гэж нэрлэгдэж эхэллээ. Ажил яагаад удааширсан шалтгаан маш энгийн. Зам, тээврийн хөгжлийн яам өмнө нь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг шуурхай хийж байсан боловч энэ удаа зөвхөн зохион байгуулалтын болон менежментийн арга барилаас л шалтгаалан ажил удааширсан бараг зогссон гэж хэлэхэд болно.

 

Төслийн гүйцэтгэгчийн шалгаруулалтыг зээл олгогч болох Азийн хөгжлийн банк шийдэх ёстой. Азийн хөгжлийн банк төслийн шалгаруулалтаа ч бүрэн нэг тийш болгож амжаагүй байхад хуучин асфальтыг нь хуулаад уг замыг “там” болгосон.

 

Азийн хөгжлийн банкнаас дээрх 204.11 км замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 5 багц болгон хувааж, дөрвөн компанийг гүйцэтгэгчээр ажиллуулахаар гэрээлсэн. Эдгээр дөрвөн компани нь дөрвүүлээ Хятадын хөрөнгө оруулалттай компани байгаа юм. Монгол улсын зам барилгын 3 компани туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1,3,5 дугаар багцын ажил явж байгаа бол 2 болон 4-р багцын ажил зогсчихсон байна. Ажил нь бага багаар урагшлаад байгаа хэсэгт нь Монгол гүйцэтгэгч компаниуд ажилллаж байгаа гэж бодохоор бас бахархмаар ч юм шиг.

 

Харин нөгөө алдарт тамын зам буюу 2 болон 4 дүгээр багц тус бүр дээр БНХАУ-ын  25 инженер, техникийн ажилтан операторууд ажиллах ёстой байсан ч дэлхий даяар тархаад буй КОВИД-19 халдварын улмаас хөл хорионд ороод ирж чадахгүй байгаа юм. Эдгээр ажилчид ирэхгүй бол зам засварын ажил зогссон хэвээр байх аж.

 

УИХ-ын чуулганы үеэр уг замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийх БНХАУ-ын 105 ажилчныг чартер нислэгээр авчрах тухай яригдаж байсан ч эдгээр ажилчдыг авчрахгүй гэдэг шийдэлд хүрсэн. Олон нийтээс ч нэлээн эсэргүүцэлтэй тулгарсан даа.

 

Одоогийн байдлаар 3 багц дээр 380 орчим Монгол ажилчид ажиллаж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сард түр замаа зассан юм шүү. Туслан гүйцэтгэх компанийн ажилчид суурийн ажлыг хийж дуусгасан бөгөөд дээд талын 3 үеийн гол хучилтын ажлыг өнөөх л БНХАУ-ын ажилчид хийх бөгөөд тэд иртэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ашиглалтанд орох хугацаа хойшилсоор байх нь ээ.

 

 

Энэ чиглэлийн авто зам тэр чигтээ муудчихсан байсан уу гэвэл үгүй гэдгийг тус замаар зорчдог иргэд хэлж байна. Анх уг төсөл яригдаж эхлэхэд 3-4 хувилбар байсан. Зарим хэсгийг бүрэн шинэчлэх, боломжтой хэсгийн замд гадаргуугийн боловсруулалт хийх, хучилт сайтай хэсгүүдэд нэмж хучилт хийх гэх мэт хувилбарууд байжээ. Гэвч салбар яамны удирдлагуудын шийдвэрээр бүгдийг нь хуулж хаяад бүрэн шинэчлэх хувилбарыг сонгосон нь өдгөө ийм байдалд хүргэжээ. Дэндүү яарчихсан ч юм шиг.

 

Энэ чиглэлийн замд өдөрт дунджаар 6000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол баяр ёслол оргил ачааллын үеэр 15-20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг  гэж бодохоор ямар том ачаалал авдаг зам гэдэг нь тодорхой. Хуулаад хаячихсан замаар зорчиж буй хувь хүн, аж ахуй нэгж тодорхой хэмжээний эд материалын болон хөрөнгө мөнгө хохирол амсаж, үүгээр ч зогсохгүй Монгол улсын иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлыг нэг хоногийн өмнө ч болтугай эхлүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах “боломж” Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн гарт байна.

 

Салбарын сайд та оновчтой шийдвэр гаргаж, замаа хугацаанд нь ашиглалтанд оруулснаар энэ чиглэлийн замд зорчдог гурван аймгийн ард иргэдийн амь нас, эрүүл мэнд баталгаажих юм.

 

Сайд минь одоо тэгээд гацсан замаа, ядарсан хэдэн иргэдээ эвдэрхий машинтай нь аврах л хэрэгтэй болж дээ. Аялал зугаалгын улирал эхэллээ шүү.

 

Эх сурвалж: Dardas.mn, Д.Өнөрцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.