Д.Алтанхуяг: Монголын балетын үндэсний сургууль хоёр заалтай ДУГУЙЛАНГИЙН ХЭМЖЭЭНД байна

2020/06/19
Share |
Хүмүүс:
Д.Алтанхуяг: Монголын балетын үндэсний сургууль хоёр заалтай ДУГУЙЛАНГИЙН ХЭМЖЭЭНД байна

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдрийн зочноор уригдлаа. Тэрбээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, сонгодог урлагийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг таниулж яваа Монголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн бөгөөд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж балетын урлагийн залуус энэ цаг үед хэрхэн хайртай урлагаараа хичээллэх талаар санал бодлоо хуваалцав. 


-Балет бол маш их тэсвэр тэвчээр шаардсан урлаг гэлцдэг. Энэ салбарыг сонгоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Хамгийн анх гэр бүл нөлөөлсөн. Миний аав Ховд аймгийн Хөгжим Драмын театрт насаараа ажилласан Монгол Улсын гавьяат жүжигчин, ардын бие биелээч Б.Дугараа гэдэг хүн бий. Ардын бүжгээр аавынхаа мэргэжлийг залгамжилъя хэмээн хүүхэд байхдаа бодож явдаг байлаа. Гэтэл “Балет бол дэлхий дахинд түгсэн бүжгийн урлаг, олон зуун жилийн түүхтэй учраас олон улсад хүчээ үзэх боломжтой” хэмээн аавын хэлсэн үг энэ урлагт өөрийгөө зориулах шийдвэрт хүргэсэн юм.

Ингээд 1993 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж балетын урлагт зүтгэн гучаад жилийн нүүрийг үзэж байна. 2000 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөнөөсөө хойш Дуурьбүжгийн эрдмийн театр, Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компаниудад бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Олон улсын 10 шахам тэмцээнд оролцон тэргүүн байрыг эзэлж, 2005 онд МУГЖ цолоор шагнуулж байлаа. Энэ бол надад үзүүлсэн маш их итгэл, хүндлэл гэж бодож явдаг. 2006 онд дэлхийн шилдэг найман балетчины нэгээр шалгарсныхаа дараахан 2007 онд "Бостон балет" компанид орж, өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ бүхэн аавын минь надад хүч өгсөн тэр л үгнээс эхлэлтэй. "Зорьсон л бол зогсолтгүй урагшил" гэдэг үгийг өөртөө эрхэм болгодог.

-Таныг өнөөдрийн түвшинд хүрэхэд ямар саад бэрхшээлүүд учирч байсан талаар залуу хүүхдүүддээ зориулж хуваалцахгүй юу?

-Балетын урлагийн нэг хэсэг болж байгаа нь миний хувьд бахархалтай зүйл. Энэ урлагийн нэг хэсэг болон, хувь нэмэр оруулах, сурч мэдэх хүсэлтэй явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн гэж хэлэхээсээ илүүтэй өөрийгөө бүтээсэн. Хамаг л эд эс, булчин шөрмөсөө чивчиртэл зүтгэж, хөлс хүчээ дуслуулсан цаг хугацаа минь юу юунаас илүү үнэ цэнэтэй. Залуус маань амжилт хөлс дуслахгүйгээр олддог зүйл биш гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Цаашдаа ч сурах зүйлс маш их байна даа. Нийгмийн байдал хүмүүст шинэ амьдрах нөхцөлийг бий болгох ёстой болохыг харуулж байгаа өнөө үед бүжигчин хүнд байх ёстой зарчмыг баримтлан хичээж явна даа. Урлагийн хүн эхлээд хүн байх ёстой. Чин халуун сэтгэлээр дүрдээ шатаж эсвэл шаналж байж дүрээ үнэн бүтээдэг.

-Оролцож байсан тэмцээн, уралдаануудаас танд хамгийн их сургамж, ухаарал өгсөн тэмцээн юу байв?

-2000 онд Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнд оролцсон нь надад олон зүйлийг ойлгуулж, сургасан. Энэ тэмцээний онцлог нь алсын зайнаас бичлэг явуулан тэмцээнд оролцох байсан юм. Дэлхийн өнцөг, булан бүрээс олон зуун залуус бичлэгээ явуулан 48 хүн сонгогдсоны нэг нь би байсан. Тус тэмцээнд гурван долоо хоногийн хугацаатай Нью-Йорк хотод байрлаж оролцсон. Би уг тэмцээнд хоёр удаа оролцож байхдаа эхний удаад хасагдаж байлаа. Тэмцээн уралдаанд орно гэдэг нь заавал шагнал, медаль авахдаа байдаггүй. Хэдий би хасагдсан ч Америкийн балетын сургуульд нэг жилийн хугацаатай суралцах эрхийн бичиг авч, бусдад өөрийгөө таниулж чадсан нь миний хувьд томоохон боломжийг нээж өгсөн. Америкийн сургуульд 14 хоногийн хугацаатай зуны сургалтад хамрагдахад хэдий богино хугацаа байсан боловч маш олон зүйлсийг сурч, мэдэж авсан юм. Хүн бүр хорвоо ертөнц дээр давтагдашгүй цорын ганц учраас өөрийн давуу тал, чадвараа харуулж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэмцээнд хасагдахдаа сэтгэлээр унаж, гутралгүйгээр, өөрт олдсон боломж бүрийг ашиглан, өөрийн хүч чадлаа дайчлан суралцсан учраас уг тэмцээнд дахин оролцохдоо хүрэл медалийн эзэн болсон юм. Мөн 2001 онд Японд зохиогдсон олон улсын томоохон уралдаанд алтан медаль авч чадсан. Тиймээс миний хийж байгаа үйлдэл, ажлууд мянга мянган хүмүүст хүрэн, балетыг алсын зайнаас заах сэдлийг өгсөн. Цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаа ч бидэнд алсын зай гэдэг сонголт, боломж нээлттэй байгаа.

-2010 онд Монголын Балетын Хөгжил Сан байгуулсан. Монголын балетын хөгжил ямар шатанд яваа гэж боддог вэ?

-"Монголын балетын хөгжил сан" анх байгуулагдсанаасаа одоог хүртэл үе шаттайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. "Монголын балетын хөгжил сан"-г үүсгэн байгуулж, эх орныхоо балетын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар "Night of Ballet" олон улсын наадам болон дэлхийн шилдэг балетчдын тоглолтуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бидний эхний ажил дэлхийн таван тивээс балетын урлагаар хичээллэдэг бүжигчдийг авчирч Монголынхоо үзэгчдэд үзүүлэх байсан. Ингэснээр балетад сонирхогчид нэмэгдэж, үзэгчид олширч, заах сэдлийг өгсөн. Дараагийн ажлын хүрээнд “Цөмөөхэй балет"-ыг тоглосон. Үүнд 1000 гаруй хүүхэд оролцон, тэдний эцэг эх, ойр дотнын хүмүүс балетын урлагийг үзэн сонирхож, энэ урлагийг ойлгох эхлэлийг бүрдүүлсэн. Бостон балетын 700 хүний хийдэг ажлыг манай улсад долоон хүн л хийж байгаа. Ингээд 2015 онд Монголын балетын үндэсний сургуулийг нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Манай байгууллага жил бүр дунджаар 200-300 хүүхдүүдэд хүрч ажиллан, нас насны онцлогт нь тохирсон дасгалуудыг заадаг. Цаашлаад Монголд байгаа соёлын төв, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Монголын балетын урлаг дэлхийтэй хөл нийлүүлэхэд төр засгаас бодлогоор дэмжиж, далайцтай томоохон бүтээлүүдийг алтан тайзнаа амилуулахад хөрөнгө мөнгө, хаях хэрэгтэй. Манай Дуурь, бүжгийг эрдмийн тайзнаа дэлхийн сонгодог бүтээлүүд тогтмол тоглогддог. Залуу уран бүтээлчид Олон улсын тэмцээнд чамлагдахааргүй амжилтыг авчирдаг.

-Ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс балетын алсын зайн зуны сургалтыг явуулна гэж сонслоо. Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Дэлхий дахинд цар тахал гарсантай холбогдуулж бүхий л сургалтууд алсын зайнаас явагдаж байна. Монголын балетын үндэсний сургууль бий болсноор хүн бүрд балетын урлагаар хичээллэх боломж нээлттэй болсон. Миний хувьд хамт олноороо маш их бахархдаг. Надаас ямар ч хүн балетын урлаг болон бидний хийсэн ажлын талаар асуулт асуухад би тэр бүрд хариулттай байна гэдэг сайхан. Алсын зайн сургалтаар балетыг сурах боломж 100 хувь байгаа учраас ирэх сарын 1-нээс бүх насны хүмүүст зориулсан алсын зайн сургалт явуулах гэж байна. Сургалтад хамрагдах хүмүүс боломжит цагийн хуваарьтаа тохируулан аль ч бүс, нутгаас хамрагдаж, өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалуудыг сурна. Танхимын сургалтаас 50 хувиар хямдруулж байгаагаараа онцлог. Энэхүү сургалтаас олсон төлбөрийг бүхэлд нь аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах балетын тэмцээнд зориулах юм. Балет бол хамгийн зөөлөн аргаар бүхий л булчин, шөрмөсийг ажиллуулдаг урлаг гэдгээрээ онцлог. Тиймээс энэ сургалтад хамрагдсанаар өөртөө хөрөнгө оруулалт хийхээс гадна, Монголын балетын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг хэлмээр байна. Төлбөрийн хувьд Монголд байгаа хүмүүс нэг хичээлд 10 мянган төгрөг, гадаадад байгаа иргэд 10 ам доллароор хамрагдана. Хичээлийг Монголын балетын үндэсний сургуулийн багш нар хамтран заахаар бэлдсэн байгаа. Иймээс гэр бүлээрээ алсын зайн сургалтад хамрагдахыг уриалж байна.

-Өөртөө тавьсан хамгийн том зорилго тань юу вэ?

-Монголын балетын үндэсний сургууль хоёр заалтай дугуйлангийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг сургуулийн хэмжээнд болгох орчныг бүрдүүлэх нь томоохон зорилгуудын нэг. Дараагийн зорилго бол 21 аймагт балетын сургалтын төвүүдийг бий болгоно. Аймаг бүрд байгаа багш, ажилчидтай хамтарч ажиллахыг зорьж байгаа.

-Балетын урлагаар хичээллэх сонирхолтой хүүхэд, залууст хандаж зөвлөгөө өгөөч?

-Аливаа спорт, урлаг балетаар дамждаг. Бид үг, өгүүлбэрийг бичихэд үсэг хэрэгтэй байдаг шиг балетын суурь дасгалуудыг сурсан байхад ямар ч техникийг сурах боломжтой. Өөрийн онцлогийг гаргах нь урлагт чухал. Маажиг хөлтэй хүн дэлхийн од болж чадахгүй, балет бол өв тэгш байх ёстой гэсэн үзэл байдаг. Харин би тэгж боддоггүй. Маажиг хөлтэй байсан ч өөрийн онцлогийг бусдад харуулж, тайзан дээр гэрэлтэж, үзэгчдийн харааг үзүүлбэрээрээ булааж чаддаг хүн байж болно. Тийм учраас боломж хүн бүрд бий. Нийгэмд балет гэхээр дан ганц эмэгтэй хүний урлаг гэж ойлгоод байдаг. Эрэгтэй балетчин гэдэг тайзан дээр трико өмссөн эрэгтэй гэж хошигнодог. Энэ нь буруу зүйл. Харин ч энэ урлагаар эрэгтэй хүмүүс илүү түлхүү хичээллээсэй гэж хүсэж байна. Нас, хүйс хамаарахгүй өөртөө хайртай хэн бүхний сурах урлаг юм шүү.

Н.ХАЛИУНАА


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.