ТЭД БИДНИЙ ТУХАЙ | ОХУ Монголыг байранд нь байлгахыг хүсэж байгаа

2020/06/30
Share |
Хүмүүс:
ТЭД БИДНИЙ ТУХАЙ | ОХУ Монголыг байранд нь байлгахыг хүсэж байгаа

-Хоёр улсын хооронд саяхан болсон “жижиг” маргаан бол Москва ардчилсан хөршөө дагуул улс хэмээн үзэж буйн тод илрэл юм-
 

АНУ-ын олон улсын харилцаа, улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг “Foreign Policy” цахим сэтгүүл ОХУ болон Монгол Улсын харилцааг онцолжээ. Ялангуяа их гүрэн Монгол Улсыг хэзээд өмнөх шигээ бодсоор ирсэн цаашид ч ингэж бодно гэсэн агуулгыг уг нийтлэлээрээ илэрхийлсэн байна. Нийтлэлийг бичсэн Сергей Радченко нь Кардиффын их сургуулийн Улс төр, хуулийн сургуулийн Олон улсын бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал профессор албыг хашдаг Ази, номхон далайн харилцаа судлалаар мэргэжсэн нэгэн аж. Түүний нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр. Яг энэ өдөр “Улаан талбай”-д аугаа эх орны ялалтын 75 жилийн ойн жагсаал ёслол төгөлдөр болов. Хэдийгээр сарын өмнө энэ ой тохиосон ч цар тахлын хөлд дарагдан ийнхүү энэ өдөр жагссан нь энэ. Яг үүнтэй зэрэгцэн ОХУ-д Владимир Путиныг 2036 оныг дуустал эх орноо удирдах боломжийг олгох “ерөөлтэй” Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух санал асуулга эхэлсэн юм. Их гүрэнд ийм үйл явдлууд өрнөж байх хооронд хөрш Монгол Улсад нь УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрөв.

Магадгүй энэ үйл явдлууд хоорондоо ямар нэгэн хамааралгүй мэт харагдаж байж болох юм. Гэхдээ хоорондоо хамаарлын ямар ч сэжимгүй энэ үйл явдлууд өөр хоорондоо холбогдох үл ялиг зүйл бий. Москва баярын жагсаалаас болж Улаанбаатарт дипломат ёсонд баймааргүй хөршөө үл тоомсорлох маягтай хандаж бяцхан маргаан дэгдээж орхив. Хэдийгээр жижиг мэт харагдавч Москва, Бээжингээс ирэх шахалтад Монгол Улс маневр хийх төвөгтэй гэдгийг энэ үйл явдал харуулсан юм.

Монголын үндэсний олон нийтийн телевиз ОХУ-д болох ялалтын баярын жагсаалыг шууд дамжуулахаар төлөвлөж байв. Гэтэл эцсийн мөчид шууд дамжуулалтаа цуцалжээ. Тийм ээ, ялалтын баярын жагсаалыг шууд дамжуулахаар төлөвлөж байсан. Гэвч Монголын зэвсэгт хүчний тодорхой төлөөлөл цар тахлын үед баярын жагсаалд оролцсон нь цаагуураа Монголын Засгийн газар ОХУ-ыг ямагт хүндэлнэ гэдгийг илтгэх тодорхой алхам байлаа. Гэвч энэ цаг мөчид Монгол Улсын дотоодод улс төрийн чухал үйл явдал УИХ-ын ээлжит сонгуультай давхцав. Тийм ч учир шууд нэвтрүүлгийн боломж бололцоогоо даган баярын жагсаалыг шууд дамжуулахаа хойшлуулсан юм. Болсон явдлын дараа төд удалгүй Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажиглагчид фейсбүүк хуудастаа гомдлын үг постолж орхив. Постын товч агуулга нь Монголын үндэсний олон нийтийн телевиз барууны ашиг сонирхлыг илтэд дагаж байна гэсэн утгатай. Гэхдээ энд нэг өгүүлбэр анхаарал татна “Дэлхий даяар ОХУ-ыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Зөвлөлийг хүчээр татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү?”

Монгол Улс Хятадтай хамт Оросын эсрэг, Оростой хамт Хятадын эсрэг, эсвэл хоёулантай нь хамт Барууныхны эсрэг ур дүй сайтай жүжиг тоглосоор ирсэн юм. Гэвч одоо урьдынх шиг харилцааг тэнцвэржүүлж жүжиг тоглоход бэрх болжээ.

Яг энэ мэдэгдэл Монголын дотоодод маргааны шуурга дэгдээж орхив. Болсон явдлын дараа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэхтгэх захирал Л.Нинжжамц ОХУ-ын Элчин сайд Искандер Азизовт захидав илгээсэн юм. Уг захидалдаа ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлийг “доромж үг ашигласан” гэж дүгнэээд албан ёсоор уучлал гуйхыг шаардсан. Түүгээр ч үл барам Монгол Улсын Ерөнхий сайдаар нэгэн цагт ажиллаж байсан С.Баяр ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлийг хуучин цагийн Зөвлөлтийн элчин сайдуудтай адилтган үзэж буруушаасан юм. Монголчууд Зөвлөлтийн интерференцийн сүүдрийг яс махандаа ортол мэдэрсэн. Яг үүнийг түүхийн талаас нь жигнээд үзвэл хоёр баримт түүхийн шарласан хуудаст үлджээ.

Нэг нь тус улсын хувь заяа Төв болон Зүүн Европын ихэнх орнуудад давтагдахаас бүр 20 жилийн өмнө Монгол Улс Зөвлөлтийн хиймэл дагуул болсон. Нөгөө талаас 1930-аад оноос Зөвлөлтийг аялдан дагалдагч дотоодын улстөрчдийн шахалтаар тухайн үеийн МАХН шашны эсрэг кампанит ажил өрнүүлэн, их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хэдэн мянган сэхээтэн, улстөрчдийг хүйс тэмтэрсэн юм. Хохирогчдын дунд Йосиф Сталины өөдөөс сөрж өөрийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлсэн Ерөнхий сайд П.Гэндэн ч багтаж байлаа. (Тэрбээр Зөвлөлтийн дарангуйлагчийн өөдөөс гаанс шидсэн гэх цуу яриа бий) Түүнийг төд удалгүй Москвад авчирч, улмаар 1937 онд Зөвлөлтүүд цаазаар авсан юм. Түүний залгамжлагч болох А.Амар ч мөн ийм хувь тавилантай нүүр тулсан. Яг л өмнөх шигээ Зөвлөлтөд авчраад 1941 онд цаазалсан байдаг. Цуст тавилангийн цомнолыг “Монгол Сталин” гэгдэх Х.Чойбалсан найруулсан. Тэрбээр Ази тивд Зөвлөлтийн суртлыг дэлгэрүүлэхийн төлөөнөө зүтгэж байлаа. Гэвч түүнийг Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Иван Иванов нухацтай хянаж байв. Монгол Улс 1940-өөд онд ах, дүү орны найрамдалт харилцааны хүрээнд фронтын шугам руу бараг хагас сая адуу илгээсэн юм. (Хожим нь дайны фронтод маш тэсвэртэй эрэлхэг хүлэг болох нь батлагдсан) Зөвхөн адуу илгээгээд зогсохгүй танкийн бригад бэлэглэж байсан нь хатуу хяналтад байсан Иван Ивановын зөвлөсний дагуу л болсон хэрэг. Дэлхийн хоёрдугаар дайны нэгээхэн хэсэг болсон Манжуурын тулалдаанд Монгол Улс Японы эсрэг 1945 оны наймдугаар сард Зөвлөлттэй нэгдэн тэмцсэн нь ч мөн түүх болон үлджээ.

Х.Чойбалсангийн залгамжлагч Ю.Цэдэнбал Зөвлөлт засгийн тэргүүнтэй хадаг бариад сүй тавихыг илүүд үзсэн. Тэр ЗХУ-аас Монгол Улсыг Зөвлөлтийн туурганд багтаахыг удаа дараа хүсэж байв. (Зөвлөлтүүд татгалзсаар ирсэн)  Түүний хувьд Зөвлөлт-Хятадын харилцаа илтэд муудах үед эх нутагтаа төдийгүй бүс нутагтаа Москвагийн талд хатуу зогссоор байсан юм. Үүнийг илтгэх нэгэн үйл явдал түүхэнд бичигдэн үлдсэн нь 1962 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын дарга Жоу Энлаитай холбогдохдоо Зөвлөлтийн байр суурийг ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлснээр батлагддаг. Ямагт Зөвлөлтийн талд зогссоор ирсэн Ю.Цэдэнбалыг өнөөх л харамсалтай хувь тавилан дагасан юм. Түүнийг 1984 онд Зөвлөлтүүдийн зохион байгуулалтаар Засгийн эрхээс нь түлхэн унагаж “тайван зам”-аар Москвад авчран “тэтгэвэрт гаргасан” билээ. Энэ бүх “хувь тавилан”-г тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв зохицуулсан юм. (Зарим талаар Ю.Цэдэнбалын Хятадын эсрэг үзэл нь ЗХУ, БНХАУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолд саад хийж байсантай холбоотой)

Монгол Улс дөнгөж саяхан 1980-аад онд л Зөвлөлтийн хиймэл дагуул гэдэг статусаасаа салсан. Урьдын түүхэнд хоёр их гүрний дунд тухгүй хавчуулагдсаар ирсэн энэ улс ардчилсан нийгэмд шилжмэгцээ “гуравдагч хөршийн бодлого”-оо тодорхойлж, баруунтай харилцаагаа идэвхжүүлж, улам хөгжүүлэхийг чармайх болов. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, олон намын тогтолцоотой болсон. (Хоёр том нам давамгайлах системтэй болсон) Хоёр том хөршөө бодвол үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж харьцангуй нээлттэй.  Ний нуугүй хэлэхэд геополитикийн байрлалаасаа шалтгаалаад олон жилийн турш жүжиг тавьсаар ирсэн. Энэ чухам ямар жүжиг вэ гэвэл Монгол Улс Хятадтай хамт Оросын эсрэг, Оростой хамт Хятадын эсрэг, эсвэл хоёулантай нь хамт Барууныхны эсрэг ур дүй сайтай жүжиг тоглосоор ирсэн юм. Энэ бол дипломат ёс өндөр хөгжсөний тод илрэл. Гэвч одоо урьдынх шиг харилцааг тэнцвэржүүлж жүжиг тоглоход бэрх болжээ. Сүүлийн үед ОХУ, БНХАУ-ын харилцаа улам нягтрах болов. Далайд гарцгүй гэдэг байгаль эхээс заяасан нэг том дутагдал нь хоёр том хөршөөсөө улам хамааралтай болох ирээдүйг дагуулж байна. Улам нягтарсан энэ үед хоёулантай нь жүжих амаргүй.

Гэвч саяхан болж өнгөрсөн ОХУ-ын Элчин сайдын яамны энэ мэдэгдэл Монгол Улсын ардчилал, тусгаар улс болсныг Москвад бүрэн хүлээж аваагүй байгааг харуулж байна.

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн санаачилга дээр өөрийгөө Владимир Путины “найз” гэж “сурталчилсан”. Яг үүнтэй адилаар БНХАУ-д ч ийм байдалтай хандсан билээ. (Саяхан БНХАУ-д коронавирустэй тэмцэхэд нь зориулж 30 мянган хонь хандивлажээ) Түүгээр ч үл барам Хятад, Оросын удирдлага дор байдаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээр зорьж буй. Түүний өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд болсон ялалтын баярын жагсаалд оролцохдоо Монгол цэргүүдийг оролцох санаачилга гаргаж байсан нь дипломат талаас нь харвал Орос руу нүүрээ чиглүүлсний тод илрэл. Энэ нь ч дотоодын улстөрчдөд ихээхэн таалагдсан.

Гэвч саяхан болж өнгөрсөн ОХУ-ын Элчин сайдын яамны энэ мэдэгдэл Монгол Улсын ардчилал, тусгаар улс болсныг Москвад бүрэн хүлээж аваагүй байгааг харуулж байна. Тэд бардамнахгүй байж, хэлсний дагуу хийж, хэрэв үгүй бол Хятадтай илүү сайн харьцах эсэхээ харуул гэж тулгасан.

Элчин сайдын яамны гаргасан маргаан фейсбүүк постоор илэрхийлэгдсэн нь шинэ гарч буй хэв маяг гэж тодорхойлж болно. Сүүлийн үед дэлхийн хоёрдугаар дайны түүхтэй холбоотой хэт нэг талын мэдээллийг сошиал медиагаар тараах болсон нь олон улсын судлаачдын анхааралд өртөж байгаа. Энэ мэт түрэмгий, зориуд доромжлон гутаасан нийгмийн мэдээллийн кампанит ажлын зорилго нь тодорхойгүй ч үр нөлөө нь тодорхой байна. Зорилтот улс орнуудад хэлэлцүүлэг өдөөх замаар ОХУ-ын “хатуу” дүр төрхийг бий болгоход эдгээр мэдээлэл ихээхэн тус болох болно. Үүнд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны гаргасан үйлдэл ч хамаарна. Гэвч энэ мэт арга хэрэгсэл нь Европын бусад улс орнуудад ямар ч үр дүн үзүүлэхгүй. Угаасаа тэд В.Путины дэглэмийг эсэргүүцдэг. Харин Монгол Улсад энэ боломж хязгаарлагдмал. Энэ нөхцөл байдлыг Москва мэдээж мэдэрсэн байж таараа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаргасан маргаан уг нь шуугиан дэгдээх асуудал огт биш. Монголын үндэсний олон нийтийн телевиз жагсаал цацахаас татгалзсан ч Зэвсэгт хүчний төлөөлөл нь Улаан талбайд жагссан. Элчин сайдын яам энэ дуулиантай постоосоо уучлал эрэхээс үл хамаараад үр дүн нь цаашдаа гашуун ч байж мэдэх юм. Жирийн монголчууд энэ гашуун амтыг мэдэхийн дээдээр мэднэ.


Эх сурвалж: Foreign Policy

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Жагсаалыг нь дамжуулчихгүй дээ, москвад өдөр болж байгаа үйл явдал монголд өглөөгүүр таарна, нэг их удаан цаг орохгүй шүү дээ, ялалтын ач холбогдлыг мартах учиргүй.
IP:77.16.73.52  2020-06-30 13:38:56
Zaluu Martsan hen baigaan. Gants orosiin yalalt bish. Orosiin ene jagsaaliig damjuulah yamar hereg baigaan? Hen uzehiin? Ter orosiin elchingiinhen oorsdoo ter ORT ch bilu suvgaa uzne. Huts va muu golognuud.
IP:70.36.61.184  2020-06-30 14:05:58
hi zaaval damjuulax alba uu,yarshig l bn. Ulsiin chuxal Songuuli bolno gdgiig ter odor l medsen bv gej, tenef Ivanuud
IP:165.225.200.136  2020-06-30 17:08:46
Монгол Хутганы бага багаддаггүйтэй адил Монгол жижигдэхгүй шүү. Дайтах дээрээ тулбал эх орноо хамгаалах болно, бас Их Орос улсыг дотроос нь хагална. Хамтдаа үхмээр байгаа бол Монголоор оролдож болно шүү.
IP:202.131.240.170  2020-07-01 07:59:13
Qwerty Jil bolgon l boldog jagaaal jil bolgon l damjuuldag.songuulitai jil onjood songuilia damjuilax jagsaal damjuulaxaa ene muu ivan r zaalgax uu?
IP:66.181.161.124  2020-07-02 12:12:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.