Караоке дүүрэн байхад МУЗЕЙ хүнгүй байлаа

2020/07/09
Share |
Хүмүүс:
Караоке дүүрэн байхад МУЗЕЙ хүнгүй байлаа

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог долоодугаар сарын 15 хүртэл сунгасан ч зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээсэн. Үүнд  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 номын сан, 12 музейг нээж ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар зохион байгуулахыг анхааруулсан билээ. Үүнтэй холбогдуулж музейн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын үндэсний музейн ажилчид амны хаалт бээлийтэй ажиллаж байлаа. Биднийг очиход үйлчлүүлэгчгүй эл хуль байсан юм. Хүмүүс ч хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөж байгаа нь эндээс харагдана.

Монголын үндэсний музей үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монгол Наадам” үзэсгэлэнг гаргахаар бэлдэж байгаа аж. Тус үзэсгэлэн долоодугаар сарын 10-нд нээгдэж наймдугаар сарын 10-нд дуусах юм. Монголын үндэсний музейн боловсролын ажилтан Г.Уугантуяа “Музейн үйл ажиллагаагаа долоодугаар сарын 1-нээс  эхэлсэн. Есөн танхим бүгд нээгдэж өвлийн цагийн хуваариар буюу мягмар гарагаас бямба гараг хүртэл өглөө 9-18  цаг хүртэл ажиллаж байна. Музейн үзэгчид маань маскаа зүүж, орохдоо халуунаа хэмжүүлж, гараа ариутгасны дараа үйлчлүүлнэ. Мэдээж музей үзэхдээ хоорондын зайг баримтлах шаардлагатай. Бид өглөө оройдоо үндсэн цэвэрлэгээгээ хийж ажиллаж байна” хэмээн ярилаа. Мөн баяр наадмыг угтан “Монгол гэр бүл” тасалбарыг гаргажээ. Энэ нь гэр бүлээрээ ирээд  зургаан мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг юм. Бар, караокегоо нээхийг шаардаад байсан залуус соён гэгээрүүлэх салбараар үйлчлүүлэхдээ тун хойрго байгаа нь харамсалтай. Харин эсрэгээрээ караокены үүд хаалгаар хөлчүү залуус хөлхөж, дуу хуур цангинаж байлаа.

Хотын төв хэсэгт байрлах Чойжин ламын сүм музей ариутгал, халдваргүйжүүлэлтийг мөн л сахин ажиллаж байна. Гадна болон дотор цэвэрлэгээг сайн хангаснаас гадна том талбайтай учраас зай барих бүрэн боломжтой юм. Чойжин ламын сүм музейн захиргааны нэгжийн дарга Э.Баярзул “Жуулчид байхгүй учраас үйлчлүүлэгч бага байна. Өдөртөө 20 орчим хүн л үйлчлүүлж байна. Бид нар Эрүүл мэндийн яамны гаргасан шаардлагын дагуу ажиллаж, өндөржүүлсэн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулсан. Мөн БСШУСЯ-нд  ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар долоон хоног болгон тайлан мэдээ өгч ажиллаж байгаа. Үзэгчид мэдээжийн хэрэг маскаа зүүж гараа тогтмол ариутгаж үйлчлүүлнэ. Музейн ажилчид маань нэг удаагийн бээлий, амны хаалттай ажиллаж байна. Мөн өрөө тасалгааг өдөрт хоёр удаа ариутгаж цэвэрлэж байгаа” хэмээсэн юм. Музейн үнийн  хувьд том хүн 8000 төгрөг, оюутан 3000 төгрөг, хүүхэд 1500 төгрөг гэсэн тарифтай байлаа. Наадмын хэдэн өдрөөр үүд хаалга нь нээлттэй учраас хөдөө, гадаа явж амжаагүй хүмүүс зорин очих боломжтой ажээ.

Музейг сонирхон үзэж байгаа залуухан эмэгтэйгээс сэтгэгдлийг нь сонсоход “Хөл хорионы үед бидэнд номын сан, музей, үзвэр үйлчилгээ хаалттай байсан. Гэртээ ном л уншиж өнгөрүүлсэн. Хамгийн түрүүнд Чойжин ламын сүм музейг зорин ирж байна. Кино театр нээгдэнгүүт найзуудтайгаа кино үзэхийг хүсэж байна” гэлээ. Хүүхэд залуусын хамгийн их зорин очих дуртай кино театрууд өнөөдөр үйл ажиллагаагаа нээж байгаа бөгөөд ариутгал цэвэрлэгээгээ хийгээд үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Кино урлагийнхан хөл хорионы үед уран бүтээлийн олз омог ихтэй байсан бөгөөд нээлтээ хийх мөчийг удаан хүлээж байсан юм. Кино сонирхогчид ч энэ мөчийг тэсэн ядан хүлээсэн нь тодорхой. Жишээ нь, “Зура”, “Сингл лэди -4 “, “1990” зэрэг кинонууд үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа бол Холливудын ертөнцөөс “Mulan”, “The invisible man”, “The new muntants” зэрэг кинонууд ээлжээ хүлээж байгаа ажээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.