Хөвсгөл нуур, Хатгалыг тойрсон газрын асуудлыг цэгцэлж өгөөч, Д.Сарангэрэл сайд аа

2020/08/12
Share |
Хүмүүс:
Хөвсгөл нуур, Хатгалыг тойрсон газрын асуудлыг цэгцэлж өгөөч, Д.Сарангэрэл сайд аа

Энэ үгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны олон иргэд танд манай сониноор дамжуулан хэлүүлж байгааг эхлээд хэлэх нь зүйтэй байх. Эрүүл мэндийн салбарт удирдагчийн авьяасаа гаргаж сайн ажилласан учраас Байгаль орчны асуудлыг ч жигдрэх юманд нь оруулах байх гэж итгэж суугаадаа ийнхүү хэлж байгаа юм.

Хөвсгөл нуур буюу нутгийнханы хэлдгээр Далай ээжийн эргэн тойрны замбараагүй газар олголт хэрээс хэтэрч жирийн иргэдийн амьжиргааны газар, өвөлжөө, хаваржааг эрх мэдэл, танил талаараа далайлгаж булааж эхэлсэн нь хэдэн арваар хэмжигдэнэ.

Нэгэн жишээ:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, нутагтаа арав гаруй түрүүлсэн сумын заан М.Жаргалсайхан гэж хүндтэй, нэртэй буурай бий. Тэрээр нуурын урд Чулуут голын баруун эргийн Жижиг толгойн өвөр дэх хадлангийн газрыг өвөлжөөний хамт худалдаж авсан байна. Ингээд тэндээ өнөөдрийг хүртэл гучаад жил мал маллаж амьдарч. Үнэхээр ч энэхүү жижиг толгойн энгэр бэлийг бараг л “Жагаа зааных” гэж нэрлэдэг болох шахсаныг нутгийнхан мэднэ. Гэтэл нэг л өглөө хэсэг хүмүүс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн А/114 тоот тушаал гээчийг үзүүлэн амьдарч буй газраа чөлөөлж өгөхийг шаарджээ. Энэ хавийн газар буюу нуур руу цутгадаг Чулуут голыг дамнуулан 4,5 га газрыг Улаанбаатар хотын харьяат Д.Бямбасүрэн захиралтай “Янгирт” ХХК-нд тэр үеийн сайдтан жуулчны баазын зориулалтаар олгожээ. Тэгэхдээ нуурын эрэг, айлуудын өвөлжөө, малын бэлчээр, голын голдирол зэрэгт нүдэн балай хандсан байна. Ингэхдээ Тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд газар олгох журмаас аваад олон хууль тогтоомжийг үл хайхарсан нь хэний ч хувьд илт. Тэр үед нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын захиргаа уг газрын гэрчилгээг цуцлуулах санал харьяа яамандаа хоёр ч удаа гаргасан ч авч хэлэлцсэнгүй. Энэхүү хууль бус, даварсан үйлдэлд хурандаа гэх н.Нямдорж, бөө гэгдэх н.Лхагважав, газрын албаны мэргэжилтэн н.Шижир гэх зэрэг олон хүмүүс орооцолдсон байна. Тэд М.Жаргалсайхан гуайг газраа чөлөөлөхгүй болохоор нь таван сая төгрөг амлах, айлган сүрдүүлэх зэрэг аргуудыг удаа дараа хэрэглэсээр өнөөдөр Чулуут гол, хоёр айлын өвөлжөөг тойруулан хашаа барьж эхэлжээ.

Энэ бол зөвхөн ганцхан жишээ. Бидэнд байгаа мэдээллээр Хөндий давааны ар таг дээр жуулчны газрын зориулалтаар газар олгож, амралтын газрын барилгын ажил явагдаж байгаа бөгөөд тарваганы орон болсон тус энгэрээр зам тавьж байгаа юм билээ. Мөн Хатгалаас Жанхай, Тойлогт чиглэлд тавигдах засмал замын төгсгөлд хэл ам дагуулсан хоёр ч их хурлын гишүүний жуулчйны бааз бий аж. Энэ бүхэн ердөө л орон нутгийн удирдлагуудын сэтгэлгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсонтой холбоотой зүйл. Мэдээж нэмээд харьяа яамны өндөр албан тушаалтангүйгээр энэ мэт ажлыг бүтээх боломжгүй. Хатгал тосгонд танил талтай, албан тушаалтай бүхэн өөрийн дураар газар зарж байгаа гэхэд хилсдэхгүй болчихоод байгааг нутгийн иргэд халаглан ярьж байна. Нэгэн үе эрэг сахисан хөвдөггүй онгоц, усчин өвгөн, хэдхэн айлаас өөр юмгүй эзэнгүй мэт орхигдсон байсан газар зах зээлээ дагаад өргөжин хөгжиж байна хэмээн нутгийнхан хөөрцөглөж байсан ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр далайлгасан хүмүүсийн балгаар дахин сэргэхээргүй болтлоо буртаглагдаж магадгүй болчихоод байна. Энэ бүхний эх үндэс нь ердөө л замбараагүй газар олголт, сэтгэлгүй сэтэртэнгүүд билээ.

Хөвсгөл нуур бол усны нөөцөөрөө дэлхийд 14-т жагсдаг, усны тунгалагшилт нь 24,5 метр, дэлхийн цэнгэг усны нэг хувь, эх орныхоо 70 хувийг дангаар бүрдүүлдэг юм. Тиймээс та бид дэлхий нийтийн өмнө энэ нуурыг цэвэр цэнгэгээр нь хайрлан хамгаалах том үүрэг хүлээж байгаа гэдгийг сануулмаар байна.

Үргэлжлэл бий...


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hm Mgl ulsad ezen bn u .heden yadarsan malchid ard tumen l duu hooloi boloh yum
IP:202.55.188.44  2020-08-13 07:06:29
nopa ene bas said boltson yumuu samar gej hutsaj baihaar ajilaa hiigech gichii mine bi ene mald sanalaa ugsniig yaana
IP:150.129.142.99  2020-08-26 21:57:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.